Иргэд, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх зорилго бүхий СИВИКУС олон улсын байгууллага сүүлийн 12 жилийн туршид дэлхий даяарх иргэний нийгмийн төлөв байдлыг тасралтгүй ажиглан, жил бүр үнэлгээний тайлан гаргаж байна. 2023 онд гаргасан “Тогтворгүй жилийн иргэний нийгмийн үйл ажиллагаа” тайландаа 2022 оны туршид дэлхийн 190 гаруй улсын иргэний нийгмийн орон зайд хийсэн ажиглалтын дүнг нэгтгэн, иргэний нийгмийн олсон амжилт, туулсан бэрхшээл, нээгдсэн боломж, анхааралдаа авах чиг хандлагыг тодорхойлж, нэн тулгамдсан арван асуудлаар зөвлөмж өгчээ.
Тайлангийн тойм
Мөргөлдөөн хямралд өртсөн хүмүүст тусламж, дэмжлэг хүргэх гол хүч болсон иргэний нийгэм хариу дайралтад өртөв. 2022 онд иргэний нийгмийн идэвхтнүүд дайн, хямралд өртсөн сая сая хүнд нэн шаардлагатай үйлчилгээг хүргэж, хохирогчдын эрхийг хамгаалан, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцох нотолгоог цуглуулж ажилласан ч үүнийхээ төлөө төр засгийн дарамтад өртлөө. Иргэний нийгмийн чухал үүрэг оролцоог үл хүлээн зөвшөөрөх, нэр хүндэд нь халдах явдал томоохон бэрхшээл болжээ.
Олон улсын засаглалын институциуд хүчин мөхсөдөж, өөрчлөн шинэчлэгдэх хэрэгцээ нэн тулгамдсаныг тод харууллаа. Өнгөрсөн жил гарсан cөргөлдөөн, хямралд НҮБ-ын Хүний эрхийн хороо, Олон улсын эрүүгийн шүүх, олон талт хамтын ажиллагааны байгууллагууд хүний эрхийн зөрчлийг баримтжуулахаас цааш гарч чадсангүй. Иргэний нийгэм олон улсын гэрээгээр төрийн хүлээсэн үүрэг амлалт, хүний эрхийн стандартуудыг хангуулах, цаашилбал, төр засгаа хянах, хүний эрхийн зөрчлийг арилгуулахад чухал үүрэгтэй олон улсын механизмуудтай хамтран ажиллахад маш их хүчин чармайлт гаргадаг ч төртэй хамтрах загвартай олон улсын механизмууд иргэний нийгэмд хүртээмж муутай байна.
Эдийн засгийн хямралт нөхцөлд иргэдийн жагсаж цуглах идэвх сэргэж, улмаар олон асуудлыг үндэс сууриар нь хөндөж байна. 2022 онд дэлхийн 113 улсад 12,500 гаруй удаагийн жагсаал, цуглаан болсон нь сүүлийн 12 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ихэнхдээ тодорхой бодлого, шийдвэрийг эсэргүүцэх сэдлээр жагсаж, цугласан иргэд шийдвэр цуцлагдсан ч таралгүй, авлига, засаглалын доройтол, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг нийгмийн гүн гүнзгий асуудлыг сөхөн жагсаалаа үргэлжлүүлж байв. Иргэний нийгэм нь эдийн засгийн шударга ёсыг шаардаж буй иргэдийн идэвхийг нийгмийн, хүйсийн, уур амьсгалын шударга ёсны шаардлагатай холбож тэлэх, тэмцлийг нь жагсаал, цуглаанаас илүү тууштай, тогтвортой хэлбэр лүү залах, мөн хүний эрхэд суурилсан эдийн засгийн дэвшилтэт бодлого дэвшүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.
Иргэдийн жагсаж, цуглах эрхэд халдах явдал ардчиллын урт удаан түүхтэй улс орнуудад ч гарав. Жагсаж, цугласан иргэдийн эсрэг төр хүч хэрэглэх, бүр хүний аминд хүрэх эрсдэл үүсгэх, жагсагчдыг үндэслэлгүйгээр баривчлах, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх явдал нэлээд гарсан ч тэдний эрхийн зөрчилд хариуцлага тооцох нь нэн ховор байна. Тэрчлэн, ажлаа хийж яваа сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх явдал ч гарав. Царай таних технологи, хяналтын бусад арга технологийн хэрэглээ нэмэгджээ.
Иргэний нийгэм жагсагчдын эрхийг хамгаалан, НҮБ-ын хүний эрхийн механизмуудад зөрчлийг мэдээлэх, жагсаал цуглааны менежментийн дэвшилтэт хэм хэмжээг нутагшуулахад чиглэсэн нөлөөлөл хийх, саатуулагдсан жагсагчдад эрхээ хамгаалах зөвлөгөө өгөх, суллуулахын төлөө кампанит ажил өрнүүлэх зэргээр ажиллаж байгаа ч иргэний нийгмийн орон зай хумигдаж буй нь тэдэнд ч бас эрсдэл үүсгэж байна.
Ардчиллыг доройтуулах олон янзын арга тактик ашиглагдаж байгаагийн нэг нь сонгогдсон удирдагчид ардчиллыг дотроос нь элээж буй явдал юм. Эдийн засгийн тогтворгүй, баталгаагүй байдлыг авторитар улс төрчид овжиноор ашиглаж байна. Авторитар арга барил, популизм хоёр улс төрийн орчинд нийлэхээрээ популист авторитаризм болж байна. Энэхүү үзэгдэл сонгуульд ялахын тулд иргэдэд таалагдах зүйл ярьж сонгогдсон улс төрчид ардчиллын институцуудыг нураан, иргэний орон зайг хумьж, хүний эрхийг зөрчих байдлаар илэрч байна.
Шинэ улс төрийн хүчнийг хүсэмжилсэн сонгогчид “улс төрийн тогооны” гаднах хүмүүсийг сонгож байгаа нь авторитаризм, инновацын аль алинд боломж олгож байгааг иргэний нийгэм анхаарах шаардлагатай.
Хуурамч мэдээлэл нь олон нийтийн яриа хэлэлцүүлгийг гажуудуулж, ардчилалд итгэх итгэлийн сулруулан, үзэл ядалтыг өдөөж байна. Хуурамч мэдээлэл (disinformation), хуйвалдааны онолын арга тактикийг авторитар удирдагчид ардчилсан нийгэмд хагарал үүсгэх, өөрсдийн үйлдсэн хүний эрхийн зөрчлийн талаар эргэлзээ, төөрөгдөл төрүүлэхэд ашигладаг болжээ. Хуурамч мэдээлэл, үзэн ядсан үг хэллэг нь иргэний нийгэм, ялангуяа нийгмийн цөөнхийн эрхийн асуудлаар ажилладаг идэвхтнүүдийг илүүтэй онилж байна. Иргэний нийгэм баримт нягтлах үйл ажиллагаа хийж байгаа ч хуурамч мэдээллийн хэмжээ, далайц асар их болжээ. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дэлхий нийтийг хамтарсан, олон талт хүчин чармайлт үгүйлэгдсээр байна.
Эмэгтэйчүүд, ЛГБТИ+ хүмүүсийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөн бүх саад бэрхшээлийг сөрөн амжилт олж байна. Эмэгтэйчүүд, ЛГБТИ+ хүмүүсийн тэгш эрхийн асуудлаар иргэний нийгэм түүчээлэгч нь мөн. Ялангуяа, Латин Америкт эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг, Чили, Швейцар, Карибын тэнгисийн орнуудад ижил хүйстний гэрлэлтийг тус тус хүлээн зөвшөөрсний цаана дэвшилтэт үзэлтэй иргэний нийгмийн хэдэн арван жилийн тууштай үйл ажиллагаа оршиж буй. Гэвч эдгээр ялалтын улмаас иргэний нийгэм ширүүн дайралтад өртөж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг татахад иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж байна. Иргэний нийгэм уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, биологийн олон янз байдал алдагдах гурвалсан аюулын тухай сануулсаар, ярьсаар байна. Иргэний нийгэм нь төрийн дарамт, хязгаарлалтыг сөрж идэвх, чармайлтаа сааруулахгүй байх, нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэн тулгамдсан асуудлыг олон нийтийн анхаарлын төвд байлгах шинэ арга зам хайх хос сорилттой тулгарч байна.
Иргэний нийгэм хувьсан өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицон, өөрчлөгдөж байна. Олон талт байдал, дасан зохицох чадвар, бүтээлч сэтгэлгээ зэрэг өөрийн онцлог хүчтэй талдаа түшиглэн иргэний нийгэм хувьсан хөгжсөөр байна. Өнөөдөр иргэдийн сайн дурын оролцоонд суурилсан орон нутгийн, залуучуудын, уугуул иргэдийн жижиг, албан бус бүлгүүд иргэний нийгмийг сэлбэж байна. Гагцхүү, ИНБ-ын уламжлалт загвараас ялгаатай эдгээр шинэ байгууллагын урт хугацааны тогтвортой байдалд нөлөөлөх санхүүгийн дэмжлэг дайчлах, яваандаа саарч мэдэх гишүүдийн сайн дурын оролцоог зохицуулах арга стратеги нь тодорхойгүй байна. Цаашид тулгарах нэг томоохон сорил нь энэ эрч хүчийг унтраахгүй хадгалж, ул суурьтай нийгмийн өөрчлөлтөд чиглүүлэх явдал болно.
Хэрэгжүүлэх 10 зөвлөмж
- Хямралын үеэр иргэний нийгмийн гүйцэтгэдэг нэн чухал үүргийг хүлээн зөвшөөрүүлэх нөлөөлөл хийх; сөргөлдөгч талууд, олон улсын хамтын нийгэмлэг хямралт үед иргэний нийгэм тодорхой эрх эдлэн, идэвхтэй үүрэгтэй байхыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх амлалт өгөх;
- Иргэдийн жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг төр, иргэний нийгэм хамтран хамгаалах, ялангуяа энэ эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах, хууль сахиулах үйл ажиллагааг шинэчлэх, жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох зэрэгт анхаарах;
- Олон улсын засаглалын институцууд илүү үр нөлөөтэй, тэгш хүртээмжтэй болох, НҮБ болон олон улсын бусад институц олон нийтийн оролцоо, хяналтад илүү нээлттэй болох саналыг төр, иргэний нийгэм дэвшүүлэх;
- Улс төрийн аливаа өөрчлөлт нь иргэний нийгэмд шинэ боломж, эсвэл шинэ аюул дагуулдаг тул иргэний нийгэм сонор сэрэмжээ ямагт алдахгүй, улс төрчдөөс амлалтаа хэрэгжүүлэх хариуцлагыг шаардах, ухралтын урьдач дохионуудыг соргогоор ажиглаж байх
- Иргэний нийгмийн оролцоо нь сонгуулийн чөлөөт, шударга байдлыг хангах, засаглалын ардчилсан мөн чанарыг хадгалахад маш чухал үүрэгтэй. Сонгуулийн өмнө иргэний нийгэм нь сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, сонгуулийн боловсрол олгох, санал тоолох системийн баталгаатай байдлыг хянах, олон нийтийн мэтгэлцээнийг дэмжих, нэр дэвшигчдээс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн шударга ёсыг хангах амлалт авах зэрэг чиглэлд ажиллах;
- Худал мэдээлэл (disinformation)-ийг иргэний нийгмийн эсрэг зэвсэг болгон ашиглаж, хүчин чармайлтыг нь сааруулж байна. Хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд туслах баримт нягтлал, мэдээллийн боловсролыг хөгжүүлэх зорилт агуулсан стратеги боловсруулах, мөн нийгмийн сүлжээ эзэмшдэг компаниудыг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр илүү нарийн зохицуулалтын стандарттай болгоход чиглэсэн нөлөөлөл хийх зэрэгт иргэний нийгэм манлайлан оролцох;
- Уур амьсгалын хямрал нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Иргэний нийгэм иргэдийн эдийн засгийн боловсролыг ахиулахад анхаарахын зэрэгцээ хөрөнгө чинээтэй талд илүү боломж олгосон, шатдаг түлшнээс ихэд хамааралтай олон улсын эдийн засгийн тогтолцооны алдаа гажуудлыг засах, татварын шаталсан тогтолцоо, суурь түвшний нийгмийн хамгааллын баталгаа, бүх нийтийн суурь орлого, үйлдвэрчний эвлэлийг хүлээн зөвшөөрөх, эрчим хүчний шударга шилжилт, бизнесийн үр нөлөөтэй зохицуулах зэрэг асуудлаар нөлөөлөл хийх;
- Хүний эрхийг хамгаалах үр нөлөөтэй арга хэрэгсэл болж буй үндэсний болон олон улсын түвшний стратегийн өмгөөллийг иргэний нийгэм хүний эрхийг хамгаалах, дэвшилтэт өөрчлөлт гаргах зорилгодоо бүрэн дүүрэн ашиглах
- Уур амьсгалын өөрчлөлт, хүйсийн тэгш байдал зэрэг асуудлыг олон нийтэд таниулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй тул иргэний нийгэм нөлөөлөл, кампанит ажилдаа хэвлэл мэдээлэлтэй түншлэх;
- Иргэний нийгэм үндэстэн дамнасан эв нэгдлээ бэхжүүлж, олон улсын иргэний нийгмийн сүлжээнүүдэд элсэх, холбоо харилцаагаа бэхжүүлэх, эрх зөрчигдөх эрсдэл үүсэхэд эв нэгдэл, дэмжлэгээ нэн даруй илэрхийлэхэд бэлэн байх хэрэгтэй. https://www.civicus.org/index.php/state-of-civil-society-report-2023/