Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 4 сарын 19-ний өдөр “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг нэн яаралтай горимоор баталсан билээ. Дээрх хуулийг Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-т заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн нэг зорилгыг нь малчдын эрсдэл даах, эрсдэлийг хохирол багатай даван туулах чадварыг нэмэгдүүлэх гэж тодорхойлоод Зээлийн батлан даалтын сангийн тухай, Газрын тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, малчдын хоршоодын зээлийг 100 хувь батлан даах, малчдын хоршоодод газар эзэмшүүлэхээр заасан байна. Энэ хуулийг батлагдсаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 166 дугаартай “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоолыг баталсан юм. Тус тогтоолд “Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд хэрэгжүүлэх 5 (тав) их наядын "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай” гээд тогтоолын 4, 5, 6 дах заалтад уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “...шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай” гэжээ.
Нээлттэй Нийгэм Форум, Цогц хөгжлийн төлөө үндэсний төв ТББ хамтран дээрх хуулийн талаар судлаач, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг 2024 оны 5-р сарын 24-нд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт эдийн засагч Н.Энхбаяр зочноор оролцон 2024 оны батлагдсан төсөвт тусаагүй их хэмжээний хөрөнгө шаардах эрх зүйн үр дагавар бүхий дээрх хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Төсвийн тухай хууль болон 2024 оны Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай хэрхэн нийцэж буй талаар ярилцсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр сөхөгдсөн зарим чухал мэдээллийг онцлон дурдвал:
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиас өмнө Монгол Улсын засгийн газраас 2020 оны 1-р сарын 29-нд баталсан “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байсан. Энэхүү хөтөлбөр нь агуулгын хувьд шинээр баталсан хуультай нэлээд төстэй бөгөөд хууль батлахын өмнө хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх нь зүйтэй байв. Хуулийг “нэн яаралтай горимоор” хэлэлцэн баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу шаардлагатай судалгаа шинжилгээ хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн хуулийн бүрдүүлбэр хангаагүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан судалгаа, өмнө нь хэрэгжсэн бодлогын үнэлгээг хийх хугацаа байхгүй байсны дээр мэргэжилтнүүд саналаа өгөх бололцоо хомс байлаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргах” бололцоотой.
Олон Улсын парламентын холбооны гаргасан ардчилсан парламентын индикаторт зааснаар байгалийн гамшиг тохиолдсон болон бусад гэнэтийн урьдчилж төлөвлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн нөхцөлд “нэн яаралтай” горимоор хууль, тогтоол шийдвэр гаргах зохицуулалт байхыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ нөхцөлд парламентын мэтгэлцээн зайлшгүй явагдах шаардлагатай бөгөөд, хэрэгжилтийг тодорхой хугацаанд байхаар заах, тодорхой хугацааны дараа парламентын хяналт хэрэгжүүлж, үнэлэх нь дээрх горимыг буруугаар ашиглахаас сэргийлнэ гэжээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс “Хууль тогтоомжийг нэн яаралтай горимооор батлан гаргаж буй асуудлыг хязгаарлахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан "үндэсний эдийн засгийн аюулгүй байдал" гэсэн нэр томьёог цаашид нарийвчлан тодорхойлох шаардлагатай” гэж онцолж байв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх зааснаар төсөв батлах нь гагцхүү УИХ-д хадгалагддаг онцгой бүрэн эрх бөгөөд тухайн жилийн төсвийг батлагдах, батлагдсан төсөвт тодотгол хийх эрх нь зөвхөн УИХ-д хадгалагддаг. Засгийн газар нь Үндсэн хуулийн 38.2.2 дах хэсэгт заасны дагуу “….Улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” үүрэгтэй байдаг. Дээрх хууль нь энэхүү онцгой бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн байгаа нь Үндсэн хуультай нийцэхгүй байгааг мөн шүүмжлэв.