“Төсвийн нээлттэй байдал 2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцуулж байна

A- A A+
 “Төсвийн нээлттэй байдал 2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцуулж байна

Хэвлэлийн мэдээ

 “Төсвийн нээлттэй байдал 2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг танилцуулж байна

Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2023 оны дүнг 2024 оны 5 дугаар сарын 29-нд дэлхий даяар танилцуулав. Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг бөгөөд хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилдаг. Тухайлбал, засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг. Төсвийн нээлттэй байдлын 9 дэх судалгаа нь дэлхийн 125 орныг хамарсан болно.

Нээлттэй Нийгэм Форум нь Олон улсын төсвийн түншлэл байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулж ирлээ. Манай улс 2006 оноос энэхүү судалгаанд нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.

Монгол Улс “Төсвийн нээлттэй байдлын судалгаа”-нд 9 дэх удаагаа оролцлоо. 2023 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 62 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 19 авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 80 оноогоор үнэлэгджээ. 

Төсвийн ил тод байдал

Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа.

Монгол Улс дараах арга хэмжээ авснаар төсвийн мэдээллийг илүү нээлттэй болгожээ:

- Төсвийн хагас жилийн тайланг цахим хэлбэрээр нийтэлсэн.

Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ төсвийн 8 үндсэн баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ.

Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо

Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 19 оноо авчээ. Энэ нь манай улсын Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна.

Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсвийн мөчлөгийн бүхий л шатанд олгох нь зүйтэй юм.

Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 75 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 89 оноо тус тус авчээ.

ЗӨВЛӨМЖ

Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр

Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:

  • Төсвийн хагас жилийн тайланд макро эдийн засгийн гүйцэтгэл болон

шинэчлэгдсэн таамаглалын харьцуулалт, эдийн засгийн болон хөтөлбөрийн

ангиллаарх төсвийн зарлагын тооцоолол болон орлогын дэлгэрэнгүй

мэдээллийг тусгаж мэдээллийн иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх.

  • Баталсан төсөвт тухайн жилийн орлогын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангиллаар, зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах.

Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр

Монгол Улсын Сангийн яам иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:

  • Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах арга замуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх;
  • Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцуулах.

Улсын Их Хурал дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:

  • Улсын төсвийн төслийн сонсгол болон төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлангийн сонсгол хийх, сонсголд олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч оролцож мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлэх.

Үндэсний аудитын газар төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:

  • Холбогдох аудитад иргэд оролцох албан ёсны механизмыг бий болгох.
  • Аудитын хөтөлбөрөө тодорхойлохдоо иргэдийн саналыг хэрхэн харгалзан үзсэн талаар олон нийтэд мэдээлэх.

Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр

Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:

  • УИХ-ын Төсвийн байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
  • Төсвийн жилийн дундуур Засгийн газрын зүгээс төсвийн хөрөнгийг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд хууль тогтоох байгууллагатай зайлшгүй зөвшилцдөг байх.

Судалгааны аргачлал

Төсвийн нээлттэй байдлын 2023 оны судалгааг зөвхөн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олон нийтэд зориулан нийтэлсэн баримт бичиг, болж өнгөрсөн үйл явдал, өрнөсөн үйл ажиллагаа болон гарсан өөрчлөлтүүдэд суурилан хийв.Судалгааг улам чанаржуулах зорилгоор бүх улсын бөглөсөн асуулгын эхний хувийг нэрийг нь нууцалсан хараат бус шинжээч болон Монгол Улсын хувьд мөн Сангийн яамны төлөөлөгч нягталдаг.

Судалгааны дүнтэй холбоотой нэмэлт мэдээллийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхэлдэг https://internationalbudget.org/open-budget-survey болон Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn цахим хуудаснаас авна уу. Нэмэлт тодруулга шаардлагатай бол Нээлттэй Нийгэм Форумын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамд (Утас: 76113207) хандана уу.