ННФ-ын дэмжлэгтэйгээр Фиделитас Партнерс ХХН-ийн хуульч, судлаач Б.Наранцэцэг, Б.Баялагмаа нарын хийж гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт судалгааны тайланг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ.
2025 оны 4 сарын 15-нд ННФ-ын хурлын танхимд болсон тус арга хэмжээнд МУ-ын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч. Хосбаяр, шүүгч М.Пүрэвсүрэн, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших, МУ-ын ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Монголын хуульчдын холбооны төлөөлөл оролцож судалгааны талаар санал шүүмж өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Судалгааны багийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал нь иргэдийн шударгаар шүүлгэх болон мэдээлэл олж авах эрхтэй нягт холбоотой гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шүүхийн шатанд харьцангуй нээлттэй байдаг бол шүүхийн өмнөх шатанд мэдээлэл хаалттай байна гэж дүгнэсэн байна. Энэ нь мөрдөн байцаалтын нууц гэсэн процессын хуулийн ерөнхий зохицуулалттай түлхүү холбоотой гэж үзсэн бөгөөд АНУ, ХБНГУ, Австри болон БНСУ-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдлыг хангаж буй туршлагыг харьцуулан судалж, технологийн дэвшил ашиглан үе шаттайгаар нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зөвлөмж танилцуулсан билээ.
Хэлэлцүүлгийн явцад эрүүгийн шүүх хуралдааныг нийгмийн сүлжээнд шууд дамжуулах, гэм буруугүйд тооцох зарчим, мартагдах эрх, өгөгдлийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Ил тод, нээлттэй байх асуудал нь тодорхой хэргийн талууд болон хэрэгт хамааралгүй гуравдагч этгээд, олон нийтэд ялгаатай байдлаар тодорхойлогдох бөгөөд арга зам нь ч өөр өөр байх талаар ярилцсан юм. Шүүх хуралдааныг шууд дамжуулах нь ил тод байдлыг хангах чухал алхам хэдий ч арилжааны шинжтэй нийгмийн сүлжээний платформоор дамжуулах нь зохисгүй гэдэг дээр талууд санал нэгдэж байв. Энэ мэт хэлэлцүүлгийн үеэр яригдсан зангилаа асуудлыг ННФ-ын эрхлэн гаргадаг“Чухал сэдэв” нийтлэлээр дэлгэрүүлэн хүргэх болно.
Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд шударга ёсны салбарын шинэтгэлийн үйл явцыг дэмжих, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хөндлөнгийн судалгаа шинжилгээг дэмжин ажиллаж ирлээ. Энэ хүрээнд хийгдсэн дээрх судалгааны тайлантай доорх холбоосоор танилцана уу. https://forum.mn/product/457689