Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн хамтран "Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал" сэдэвт сургалт зохион байгууллаа. 2025 оны 12 сарын 04-ний өдөр явагдсан тус сургалтад уул уурхай, байгаль орчин, хүний эрх, засаглалын чиглэлээр ажилладаг төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөг сааруулахад чиглэсэн эрчим хүчний шилжилтийн үйл явц дахь иргэний нийгмийн оролцоог хэлэлцэв. Дэлхий даяар өрнөж буй цэвэр эрчим хүчний төлөөх хүчин чармайлт нь манай улсад олон шинэ боломж бас сорилт бий болгож байна. Нүүрснээс ихээхэн хамаарах эрчим хүч, экспортын орлого ба дэд бүтэц, засаглалын сул байдал нь 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 30.3 хувиар бууруулах зоримог амлалтаа хэрэгжүүлэхэд томоохон сорилт болж байгаа бол цэвэр эрчим хүчний технологид шаардлагатай чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлт нь эрдэс баялгийн арвин их нөөцдөө тулгуурлан эдийн засгаа тэлэх боломжийг бидэнд бас олгох юм. Харин энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадах эсэх нь эрдэс баялгийн шинэчлэл, нөөц баялгаа хэр ухаалгаар ашиглахаас хамаарна. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгждэг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь эрдэс баялгийн салбарын засаглалын талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн талбар болж чадах билээ. Иймд дээрх сургалтаар ОҮИТБС-ын эрчим хүчний шилжилттэй холбоотой шинэ шаардлагуудыг хэрэгжүүлэх, үүнд иргэний нийгэм хэрхэн оролцох талаар ярилцаж, төлөвлөгөө боловсруулав. Цаашид уг төлөвлөгөөг ажил хэрэг болгоход чиглэсэн хэлэлцүүлгийг ОҮИТБС-ын оролцогч талуудын дунд өрнүүлэх болно.
.jpg)


