"Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт" сэдэвт хэлэлцүүлэг боллоо - ENG

A- A A+

Download the English version.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Нээлттэй нийгэм форум, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран “Нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа. Илтгэгчээр Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан болон Дахин төлөвлөлт-иргэний оролцоо эвслийн тэргүүн Б.Нямжав нар “Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой хүний эрхийн асуудлууд” сэдвээр, хуульч, судлаач Р.Лхагвабаяр "Газар чөлөөлөх шийдвэр гаргах үйл явцад төлөвлөлтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь", Алисон энд Кэйт партнерс  ХХН-ийн судлаач Г.Уянга “Газар чөлөөлөхөд “Зайлшгүй байдал”-ыг тодорхойлох нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Асуудлын тойм:

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, дэд бүтцийн болон уул уурхай, баяжуулах боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн зөрчил нэмэгдсээр байна. Ялангуяа бүтээн байгуулалтын зорилгоор газар чөлөөлөх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд иргэдийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, нөхөн төлбөрийг сунжруулах, тэр бүү хэл албадан нүүлгэхэд хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь сүйтгэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрх зөрчигдөх үзэгдэл гарсаар байна. Иргэд хот суурин газарт дахин төлөвлөлтийн хохирогч, хөдөөд уурхайн бохирдол, тоосжилт, нүүлгэн шилжүүлэлтийн хохирогч болж, улмаар үүнээс үүдэлтэй эмзэг бүлгүүд нийгэмд шинээр бий болжээ. Улаанбаатар хотод л гэхэд 2016 онд 633, 2017 онд 491, 2018 онд 182 өрх дахин төлөвлөлтөөс хохирч үлдсэн гэх тоо баримт байна. Гэхдээ энэ нь зөвхөн шууд хохирогч буюу газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй айлууд бөгөөд түрээсээр эсхүл нэг хашаанд хамт суурьшиж байсны улмаас дам хохирсон иргэд хэчнээн байгаа нь тодорхойгүй.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан, тэдгээрээс орон сууцанд орсон, нөхөн төлбөр авсан, эсхүл бүр хохирч үлдсэн, маргаантай байгаа айл өрхийн албан ёсны бүртгэл, тоо баримт одоо хүртэл байхгүй бөгөөд 2024 оны байдлаар түр байршуулах орон сууцанд амьдарч буй 400 орчим өрхөөр л дахин төлөвлөлтөд өртөгсдийг баримжаалах хэмжээнд байна. Тэрчлэн хөдөө орон нутагт уул уурхай, тээвэр, дэд бүтцийн төсөл хөтөлбөрийн улмаас нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан, нөхөн төлбөр авсан эсхүл авч чадаагүй иргэдийн талаар албан ёсны статистик мэдээлэл бүр огт байхгүй зэрэг нь төрөөс хүний эрхийг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулж байна. 

Хэлэлцүүлэгт зориулан бэлтгэсэн видео: 

Энэхүү хүний эрхийн зөрчлийн шалтгаан нь:

  • Дахин төлөвлөлт, бусад байдлаар нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах иргэдийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүр эхнээс нь бодитоор оролцуулдаггүй,
  • Нөхөн төлбөр харилцан тохирох үйл явц, үнэлгээ тооцох, гэрээ байгуулах үйл явц нь  эрх тэгш бус, нэг талын тулгалт, шаардлага давамгайлсан,
  • Маргаан шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх  байдал хангалтгүй,
  • Эцэст нь ямар ч тохиолдолд орон гэргүй үлдэх эрсдэлээс хамгаалуулах хууль зүйн баталгаа байхгүйтэй холбоотой.

2023 онд яаралтай горимоор батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хууль, түүнийг дагалдуулан Газрын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд дээрх асуудлыг шийдвэрлэж чадаагүй, харин ч улам нэмэх эрсдэлтэй хэмээн хүний эрхийн байгууллагууд санаа зовниж байна.

Иймд аливаа үндэслэлээр газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд:

  • Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зөвлөлдөх механизмыг бүрэн хэрэгжүүлэх,
  • Газар чөлөөлөх нь зөвхөн өөр хувилбар байхгүй тохиолдолд, хамгийн сүүлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байх. Үүний тулд төсөл нэг бүрийн “зайлшгүй байдал”-ыг нарийвчлан тогтоох,,
  • Нөхөн төлбөр тооцох аргачлалыг олон нийт, холбогдох талуудын оролцоотойгоор батлан гаргах,
  • Газар чөлөөлөх шийдвэр нь хүний эрхэд шууд нөлөөлөх тул шийдвэр гаргах үйл ажиллагааг журмаар бус хуулиар нарийвчлан тодорхойлох зэрэг шийдлийг хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэгт газар чөлөөлөх болон дахин төлөвлөлтийн асуудлыг судалдаг хуульчид, судлаачид, мөн холбогдох байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл байгууллагуудын төлөөллүүд оролцож санал  солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Хуульчдын холбоотой хамтран холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

ННФ-аас хийсэн судалгааны тайлантай доорх холбоосоор танилцана уу.          

"Газар чөлөөлөх шийдвэр гаргахад “зайлшгүй байдал”-ыг тодорхойлох нь" https://forum.mn/product/426804

"Газар чөлөөлөх үйл явцад төлөвлөлтийн эрх зүйн шаардлагыг хэрэгжүүлэх нь" https://forum.mn/product/389321

Хэлэлцүүлгийн шууд дамжуулалтын бичлэгийг эндээс үзнэ үү. 

https://www.facebook.com/MongolianBarAssociation/videos/865942072035865