Нээлттэй нийгэм форумын захиалгаар “АрБиДи Консалтинг” ХХК-ийн судалгааны баг Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сургуулийн өмнөх боловсрол”, “Ерөнхий боловсрол”, “Мэргэжлийн боловсрол, сургалт”, “Дээд боловсрол”, “Насан туршийн боловсрол”, “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи” зэрэг хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг хэрхэн тодорхойлсон болон тэдгээрийн биелэлтийг төсвийн гүйцэтгэлийн тайланд үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийж, салбарын сайдын хөтөлбөрийн үр дүнгийн үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, үр дүнгийн гүйцэтгэл, тайлагналыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг мөн санал болгосноо өнөөдөр олон нийтээр хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төв, УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэн, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү судалгаагаар Монгол Улсын 2022, 2023 оны төсвийн хуулийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан Боловсрол, шинжлэх ухааны сайд (БШУС)-ын хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн тогтвортой байдал, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдтэй нийцтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны 2022, 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд дурдсан үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрийг үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, холбогдох санал, зөвлөмж боловсруулахыг зорьжээ. Тухайн жилүүдийн гүйцэтгэлийн үнэлгээг судлагдсан хугацааны өмнөх жил буюу 2021, дараах жил буюу 2024 онтой харьцуулах замаар дүн шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн дээрх судлагдаж буй онуудад БШУЯ-ны зүгээс гүйцэтгэлийн тайландаа хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн биелэлтийг хэрхэн дүгнэсэн байдалд дүн шинжилгээ хийж, бусад судалгаануудын үр дүнтэй харьцуулжээ.
Судалгаагаар улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдсан зарим зорилт Боловсрол, шинжлэх ухааны сайдын жилийн төлөвлөлтөд тусгалаа олохгүй байгаа, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг оновчтой тодорхойлоогүй зэрэг анхаарах асуудлууд байгаа нь харагджээ.
Судалгааны дүнгийн танилцуулгыг “АрБиДи Консалтинг” ХХК-ийн судлаач Б.Ариунаа хийсэн бөгөөд эндээс танилцана уу.
Уг судалгааны үр дүнд суурилсан дүгнэлтүүдэд тулгуурлан судлаачдын зүгээс холбогдох байгууллагуудад тодорхой зөвлөмжүүд хүргэж буй юм. Судалгааны тайлангаас дэлгэрэнгүй танилцана уу. https://forum.mn/product/457813