УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Л.Гүндалай Ерөнхий сайдад ил захидал явуулжээ (2004.09.27)
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Л.Гүндалай Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид хандан ил захидал илгээсэн байна. Тэрбээр захидалдаа, “ би Ардчилсан намд УИХ гишүүн, нам бус, бие даагч байхдаа элсэн орж ардчиллын төлөө та бүхний эзгүйд зүтгэхээр зориг шулуудаж дөрвөн жил тэмцэж багагүй сорилтуудыг даван туулсныг олон түмэн мэдэж байгаа билээ. Намайг өнгөрсөн дөрвөн жилийн турш ардчиллын төлөөлөгч гэж харж, итгэж, дэмжиж ирсэн олон хүн, залуучууд, ардчиллыг талархан дэмжигчид, хөвсгөлчүүд, тэр ч байтугай миний санаачилж, Эвслийн нийгэм, эдийн засгийн мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон 10 000 төгрөгийн итгэлийн мөнгийг хүсэн хүлээж байгаа хүүхдүүд ч надад энэ Засгийн газарт ажиллах байх гэсэн найдвар хүлээлгэж байгааг Та ойлгож байгаа гэж би бодож байсан. Миний тууштай, шинэлэг тэмцлийн үр дүнд Ардчилсан нам түрүүчийн УИХ дотор цөөдөхгүй төлөөлөлтэй байж, улмаар сонгуульд амжилт гаргасан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Нөгөөтэйгүүр би хувь хүнийхээ хувьд ёс зүй, мэдлэг боловсрол, эрч хүч, идэвх санаачлагаараа монголчуудынхаа сайн сайхны төлөө илүү өргөн хүрээнд ажиллах нь миний нэр төрийн хэрэг бөгөөд шинэ Засгийн газрын амжилтад хувь нэмэр оруулж чадна гэж өөртөө итгэж, хүсч байсан юм. Мөн би таны улс төрийн мэдрэмж, сонголтод итгэж, тантай хийх хувийн чанартай янз бүрийн уулзалтад төдийлөн санаа тавиагүй юм. Гэтэл Таны урьдчилсан сонголтоор Засгийн газарт миний нэр багтсангүй. Үүнийг би шударга бус зүйл гэж үзэж байна. Засгийн газрын томилгоо нь шууд утгаараа шагнал урамшуулал биш боловч, аливаа улс төрийн сонголтод байдаг шударга ёсны элемент байх ёстой. Намайг үл хүлээн зөвшөөрсөн, шударга бус харьцаа үргэлжилбэл би дараа дараагийнхаа улс төрийн алхмыг урьд төлөвлөж байснаасаа эрс өөрчлөхөд бэлэн байна” гэжээ.
Тухайлбал, Ардчилсан намын дэд даргын албан тушаал, гишүүнчлэл болон УИХ дахь Эвслийн суудлаас татгалзана гэж тэрбээр өгүүлсэн байна. Мөн шинээр нам байгуулж, өөрийн тойргоос эргэж нөхөн сонгуульд нэр дэвшин сонгогдоно гэдэгтээ Л.Гүндалай итгэлтэй байгаа ажээ. Тэрбээр энэ бол сүрдүүлэг биш, улс төрийнхөө алхмыг нууцаар төлөвлөж хийхийг хүсээгүй учир урьдчилан бичгээр хүргүүллээ хэмээн үзэж байна.