Нээлттэй Нийгэм Форум “Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр иргэдийн Цэцэд хандах эрх, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон Цэцийн шийдвэрийн хэрэгжилтийн талаарх хоёр судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, хууль тогтоомж, практикийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг хэлэлцэв.
Хуульч, судлаач Л.Галбаатар “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх процессыг боловсронгуй болгох нь” судалгаандаа маргаан үүсгэхээс татгалзах үндэслэл, татгалзсан шийдвэрт гаргасан гомдлыг хянах ажиллагаа, их суудлын хуралдааны хяналтын чиг үүрэг, мэдээлэл гаргагчийн статус болон нотлох үүрэг, шийдвэрийн биелэлт гэсэн таван асуудлыг авч үзжээ.
Судлаачийн танилцуулснаар иргэний өргөдөл, мэдээллийг “хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал” гэж үзэн маргаан үүсгэхээс татгалзах, уг шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ үндэслэлийг нь дэлгэрэнгүй тайлбарлахгүй байх тохиолдол байна. Иймд татгалзах шалгуурыг тодорхой болгох, гомдлын гол үндэслэл бүрд хариу өгсөн магадлал гаргах шаардлагыг хуульчлахыг санал болгов.
Мөн их суудлын хуралдаанаар дунд суудлын шийдвэрийн үндэслэлийг үнэлдэг байх, мэдээлэл гаргасан иргэнд нотлох үүргийг төвлөрүүлэхгүйгээр Цэц өөрөө нотлох ажиллагааг хэрэгжүүлэх зарчмыг баталгаажуулах шаардлагатайг онцоллоо. Эдгээр асуудлыг зөвхөн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэхээс гадна Цэцийн дотоод дэг, шийдвэрийн загвар, гишүүдийн сургалт болон хэрэгжилтийн тогтмол хяналттай уялдуулахыг зөвлөв.
Хэлэлцүүлэгт оролцсон Цэцийн Хууль зүйн газрын төлөөлөл маргаан үүсгэх эсэхийг хамтын бүрэлдэхүүнээр шийдвэрлэх, Цэц өөрөө нотлох ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлийн саналыг дэмжсэн байр суурь илэрхийллээ. Түүнчлэн гадаадын туршлагыг судлахдаа маргаан хүлээн авах шалгуур, татгалзсан шийдвэрт үндэслэл бичих шаардлага болон нотлох ажиллагааны үе шатыг харилцан уялдаатай авч үзэхийг санал болгов. Харин хуульч, судлаач Л.Галбаатар “Үндсэн хуулийн ач холбогдолгүй” гэх мэт өргөн хүрээтэй шалгуур нь Монголын нөхцөлд иргэдийн хандах эрхийг хязгаарлах эрсдэлтэй гэж үзэж байгаагаа тайлбарласан юм.
Судлаач М.Маралмаа, Б.Мягмарсүрэн нар “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага” судалгаандаа Цэцийн шийдвэрийн дараах эрх зүйн үр дагавар, хэрэгжилтийн практикийг шинжилжээ.
Судалгаанд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон зохицуулалтыг практикт үргэлжлүүлэн хэрэглэх, ижил агуулгатай заалтыг дахин батлах, орлох зохицуулалтыг хугацаанд нь батлаагүйгээс эрх зүйн хийдэл, тодорхойгүй байдал үүсэх тохиолдлуудыг авч үзсэн байна. Судалсан тохиолдлуудад Цэцийн шийдвэрийн дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацаа 30 хоногоос дөрвөн жил хүртэл хэлбэлзэж байжээ.
Судалгааны баг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалтыг хүчингүй болгох хугацааг хойшлуулах механизмд тодорхой нөхцөл, дээд хязгаар тогтоох санал дэвшүүлэв. Тухайлбал, орлох зохицуулалт батлах хугацааг дээд тал нь зургаан сараар тогтоож, онцгой тохиолдолд дахин зургаан сараар сунгах боломжтой байх, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол маргаан бүхий зохицуулалт шууд хүчингүй болох хувилбарыг санал болгожээ. Мөн Цэцийн шийдвэрийн заавал биелүүлэх хэсэг, зөвлөмжийн шинжтэй хэсэг, хууль тогтоогчийн бүрэн эрхэд үлдээх бодлогын сонголтыг ялган тодорхойлохыг зөвлөв.
Судалгааны зөвлөмжүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн шийдвэрийн хэрэгжилтийг маргаан үүсгэх тогтолцоо, түүнд оролцох байгууллагуудын чиг үүрэгтэй уялдуулан авч үзэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрээр УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол нэгдсэн үндэслэл бичих ёстой гэх саналтай санал нийлэхгүй байгаагаа тайлбарлалаа. Парламент нь олон ургалч үзэл, гишүүдийн бие даасан саналд тулгуурладаг төлөөллийн байгууллага тул гишүүд ижил шийдвэрийг өөр өөр үндэслэлээр дэмжих боломжтойг дурдав.
Цэцийн Хууль зүйн газрын төлөөлөл гадаадын үндсэн хуулийн шүүхүүд шийдвэрийг хэн, ямар журмаар хэрэгжүүлэхийг тодорхойлсон бодит жишээ, түүнийг биелүүлээгүй тохиолдлын хариуцлагыг судалгаанд нэмж тусгахыг санал болголоо. Мөн шийдвэрийн бүтцийн талаарх зөвлөмж нь хууль тогтоомжид тусгах санал уу, эсвэл Цэцийн дотоод практикийг сайжруулах санал уу гэдгийг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэв.
Хэлэлцүүлгээр Цэцийн шийдвэрийн дагуу хуульд өөрчлөлт оруулахдаа яаралтай горим ашиглах саналын үр дагаврыг мөн хөндөв. Шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай хангахын зэрэгцээ парламентын мэтгэлцээн, олон талын оролцоо, хууль тогтоох үйл явцын чанарыг алдагдуулахгүй байх нөхцөлийг нарийвчлан судлах санал гарлаа.
Судалгааны багууд хэлэлцүүлгээр гарсан санал, шүүмжлэлийг нягтлан үзэж, судалгааны эцсийн хувилбарыг боловсруулахдаа тусгахаа илэрхийлэв.


