Прокурорын ажлын ачааллын судалгааг урьдчилан хэлэлцүүллээ

A- A A+
Прокурорын ажлын ачааллын судалгааг урьдчилан хэлэлцүүллээ

Судалгааг ННФ-ын санхүүжилтээр "Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн" ТББ 2025 оны 12 дугаар сарын 21-ээс 2026 оны 8 дугаар сарын 31-ний хооронд гүйцэтгэсэн бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг прокурорын бодит ажлын ачааллыг анх удаа хөндлөнгийн судалгааны байгууллага тооцоолон тоон үзүүлэлтээр харуулсан нь уг судалгааны онцлог юм. 

Судалгааны баг нийслэл болон орон нутгийг төлөөлүүлэн Хан-Уул дүүргийн болон Төв аймгийн прокурорын газрыг сонгож, прокуроруудын ажлын байранд таван хоногийн турш ажиглалт явуулж, тэдэнтэй ганцаарчилсан ярилцлага хийжээ. Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архивт эрүүгийн хавтаст хэрэгт дүн шинжилгээ хийж, нэг хэргийг гомдол хүлээн авахаас эхлэн шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл прокурор хэдий хэмжээний цаг зарцуулдгийг тооцоолсон байна.

Тэрчлэн судалгааны баг прокурорын ажлын ачааллыг бууруулах чиглэлээр прокурорын орон тоог нэмэгдүүлэх, прокурорын туслах ажилтны орон тоог нэмэх болон прокурорын хянан шийдвэрлэж буй хэргийн тоо, нарийн төвөгтэй байдлаас гадна цаг хугацаа ихээр авдаг шүүх хуралдаан хойшлолт, замын түгжрэл, захиргааны шинжтэй үйл ажиллагаа гэх мэт тодорхой хүчин зүйлсийг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн саналуудаа танилцуулж оролцогчдоос шүүмж авлаа.

Судалгааны багийг Г.Цагаанбаяр (LL.M) ахалж, Ж.Алтансүх, Д.Аюуш, О.Бат-Оргил, О.Буян-Ундрах нар ажилласан байна.

Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон дүүргүүдийн прокурорын газрын төлөөлөл, түүнчлэн Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөл оролцож судалгааны арга зүйн талаар тодруулга авч санал шүүмж өглөө. 

Өнөөдрийн хэлэлцүүлгээр гарсан санал, шүүмжийг судалгааны эцсийн тайланд тусгаж олон нийтэд хүргэх болно.