Парламентын хянан шалгах түр хорооны үр нөлөө, хараат бус байгууллагын томилгооны асуудлыг хэлэлцлээ

A- A A+
Парламентын хянан шалгах түр хорооны үр нөлөө, хараат бус байгууллагын томилгооны асуудлыг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь “Парламентын асуудал” бодлогын цуврал хэлэлцүүлгийн хүрээнд “Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үр нөлөө ба хараат бус хяналтын байгууллагын томилгоо” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг Цогц хөгжлийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр танилцуулсан судалгааны урьдчилсан дүнгээр парламентын хяналтыг бодит үр дүнд хүргэхийн тулд шийдвэрийн хэрэгжилтийг тогтмол хянах механизм бүрдүүлэх, мөн хараат бус байгууллагын томилгооны үйл явцыг нээлттэй, олон талын оролцоог бэхжүүлсэн, нэр дэвшигчдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт нь илүү нарийвчилсан, тодорхой байх нь эдгээр байгууллагуудын хараат бус, бие даасан байдалд нэн шаардлагатайг онцоллоо.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Хуульч, судлаач Р.Оюундэлгэр 2022–2025 онд байгуулагдсан найман хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд хийсэн “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа. Судалгааны гол дүгнэлтүүдээс дурдвал түр хороодын хуралдааны дундаж ирц 62.6 хувьтай байсан бөгөөд цаашид сэдэв, хамрах хүрээг оновчтой тодорхойлох, ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэх, цөөнхийн оролцоо болон гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг онцолсон юм. Тэрчлэн тайлангийн бүтэц, агуулга харилцан адилгүй, мэдээлэл бүрэн бус байгаа нь хороодын үйл ажиллагааг харьцуулан үнэлэхэд хүндрэл учруулж байна гэв. Судалгааны үр дүнд хяналт шалгалтын мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн мэдээлэл жигд бус бөгөөд хяналт шалгалтын дараах арга хэмжээний хэрэгжилтийн мэдээлэл хангалтгүй байгааг тодорхойлжээ.

Иймд түр хорооны үйл ажиллагааг зөвхөн сонсгол зохион байгуулж, тайлан танилцуулснаар дуусгах биш, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шат дараатай хэлэлцдэг механизмыг бүрдүүлэх, мэдээллийг олон нийтэд ил тод, жигд тайлагнахыг зөвлөсөн юм.

Тус арга хэмжээний эхний панел хэлэлцүүлгийг Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал чиглүүлж, сонсголын бэлтгэл, оролцогчдын эрхийн хамгаалалт, иргэний нийгмийн оролцооны талаар ярилцлаа.

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг сонсголын шинжээчдийн ажлын даалгаврыг тодорхой болгож, дүгнэлтийн үндэслэлтэй байдлыг хангах шаардлагатайг онцлов. Түүнчлэн гэрчүүдэд холбогдох баримтаа нягтлах боломж олгох, сонсголын явцад тэдний нэр төр, эрхийг хамгаалах, хуулиар хамгаалснаас бусад шинжээчийн тайланг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэйг мөн сонсголд оролцогч нарын оролцоог бодитой нэмэгдүүлэхийг санал болголоо.

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан сонсголд асуулт асуух, санал хэлэх боломж нь тухайн сонсгол даргалагчаас хамааран ялгаатай байгаад шүүмжлэлтэй хандаж, оролцооны журмыг урьдчилан ойлгомжтой, хувь хүнээс хамааралгүй болгох хэрэгтэй гэв. 

УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын Ахлах зөвлөх Ч.Онончимэг нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болон ерөнхий хяналтын сонсгол нь эрх зүйн хувьд харилцан ялгаатайг тайлбарлаж, сонсгол бүрээс заавал УИХ-ын тогтоол гарах албагүй, мэдээллийг ил тод болгож, дүгнэлт гаргах нь гол үр дүн байж болохыг тэмдэглэв. Мөн Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтэд Тамгын газар хагас жил тутам дүн шинжилгээ хийн Байнгын хороонд хүргүүлдэг тухай мэдээллээ.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Оюуны Инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд “Хараат бус, бие даасан байгууллагын томилгооны эрх зүйн зохицуулалт” судалгааны дүнг танилцууллаа.

Судалгаанд Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК), Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтын туршлагыг бусад хараат бус байгууллагын томилгоонд мөн нэвтрүүлэх шаардлагатайг дурджээ. Түүнчлэн хараат бус, бие даасан найман байгууллагын удирдлагад нэр дэвшигчийг УИХ-ын дарга дангаар санал болгох эрх УИХ-ын даргад төвлөрсөн, Монгол Банк болон Үндэсний аудитын газрын удирдлагыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх тохиолдол гарч байгаа нь тус байгууллагуудын хараат бус байдал болон чиг үүргээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж буйг онцлов. Иймд УИХ-ын даргын дангаар санал болгох эрхийг хязгаарлах, удирдлагыг хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэлийг илүү тодорхой болгох, эдгээр үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах нь чухал ач холбогдолтойг санууллаа.

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Г.Гэсэрийн чиглүүлсэн хоёр дахь панел хэлэлцүүлэгт Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, тус байгууллагын Цахим активизм, хэвлэл мэдээлэл хариуцсан зохицуулагч Г.Сүхбат, хуульч Б.Төрболд нар оролцлоо.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журамд орсон өөрчлөлтийг хуульд нийцүүлэх зорилготой гээд, Байнгын хорооны нээлттэй сонсгол хэвээр үргэлжлэхийг тайлбарлав.

Сонгон шалгаруулалт зарласны дараа журам, шалгуурыг өөрчлөх нь үйл явцын тогтвортой байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүйг хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулсан юм. Оролцогчид томилгооны шалгуур, үнэлгээний аргачлалыг урьдчилан тодорхой байлгах, мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг бодитоор үнэлэх, томилгооны үйл явцыг хараат бусаар ажиглан баримтжуулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөв.