Форум подкаст №20 Бүтээн байгуулалтын мэдээлэл иргэдэд ил тод байна уу?

A- A A+
Форум подкаст №20  Бүтээн байгуулалтын мэдээлэл иргэдэд ил тод байна уу?

Форум подкаст №20 Бүтээн байгуулалтын мэдээлэл иргэдэд ил тод байна уу?

тектс (Чимэгэ ашиглав)

Эхлэл: Хөгжим

Хөтлөгч: Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар санхүүжиж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр үндэсний стандарт батлагдсан. MNS 7023:2023 стандартын дагуу төсөл хэрэгжүүлэгч, захиалагчид хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийг самбарт байршуулж, тухайн төслийн дэргэд биетээр нь байршуулахын зэрэгцээ зургийг нь publicinvestment.gov.mn цахим хуудаст нийтлэх үүрэгтэй. 

Энэ стандарт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Төсвийн захирагчид болон төсөл хэрэгжүүлэгчид стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаад Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар судлаач Д.Баярмаа дүн шинжилгээ хийжээ. Өнөөдөр дүн шинжилгээнийхээ талаар танилцуулахаар ирсэн Баярмаад баярлалаа.

Дүн шинжилгээнд хэдэн төсөл хамруулсан бэ? Хугацааны хувьд хэдний байдлаарх мэдээллийг авч үзсэн бэ?

Д.Баярмаа: Хөрөнгө оруулалтын төслүүдийн мэдээллийн самбарын стандартын хэрэгжилтийн дүн шинжилгээнд улсын төсвийн санхүүжилттэй 680, нийслэлийн төсвийн санхүүжилттэй 296, төрийн өмчит компанийн санхүүжилттэй 35 буюу нийт 1011 төсөл, арга хэмжээг хамруулсан. Эдгээр төсөл, арга хэмжээний мэдээллийн биет самбарын зургийг 2026 оны зургаадугаар сарын байдлаар publicinvestment.gov.mn цахим хуудаст байршуулсан эсэх, мөн самбарууд стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаад дүн шинжилгээ хийсэн.

Хөтлөгч: Судалгаанд мянга гаруй төсөл хамрагджээ. Эдгээрээс хэд нь стандартын дагуу мэдээллийн биет самбараа төслийнхөө дэргэд байршуулсан байна вэ?

Д.Баярмаа: Шаардлагын дагуу мэдээллийн самбараа хэвлэж, төсөл, арга хэмжээнийхээ дэргэд байршуулсан зургийг цахим хуудаст нийтлэх ёстой. Судалгаанд хамрагдсан 1011 төсөл, арга хэмжээний 58.3 хувь буюу 589 нь мэдээллийн биет самбарын зургийг цахим хуудаст нийтэлсэн. Харин 41.7 хувь буюу 422 нь мэдээллийн биет самбарын зургийг нийтлээгүй байна.

Хөтлөгч: Биет самбарын зургаа нийтлээгүй 400 гаруй төсөл цахим хуудаст ямар мэдээлэл байршуулсан байна вэ?

Д.Баярмаа: Цахим хуудаст тодорхой зургууд байршуулсан байсан. Гэхдээ тэдгээр нь мэдээллийн самбарын хэвлэгдээгүй загвар зураг, эсвэл Word, PowerPoint зэрэг программ дээр төсөл, арга хэмжээний ерөнхий мэдээллийг бичсэн зураг байсан.

Түүнчлэн самбар дээр гараар бичсэн мэдээлэл, QR код, барилгын зураг, ажлын явцын зураг, төсөв, тайлан, гэрээ, акт болон бусад албан бичгийн зургийг байршуулсан тохиолдол байсан. Өөрөөр хэлбэл, мэдээллийн биет самбарын зургийн оронд өөр төрлийн баримт, мэдээлэл байршуулсан тохиолдол нэлээд олон байлаа.

Хөтлөгч: Мэдээллийн биет самбарын зургийг цахим хуудаст нийтэлсэн байдлыг төсвийн ерөнхийлөн захирагчдаар авч үзвэл ямар ялгаа байна вэ? Аль нь харьцангуй сайн, аль нь огт нийтлээгүй байна вэ?

Д.Баярмаа: Судалгаанд хамрагдсан төсөл, арга хэмжээнүүдийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд нар мэдээллийн биет самбарын зургийг цахим хуудаст 100 хувь байршуулсан байсан.

Мөн Эрчим хүчний сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нарын үзүүлэлт 70-аас дээш хувьтай буюу харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна.

Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын хариуцах төсөл, арга хэмжээний мэдээллийн биет самбарын зургийг цахим хуудаст огт байршуулаагүй байна.

Хөтлөгч: Биет самбарын зургийг нийтэлсэн төслүүдийн самбар дахь мэдээлэл стандартын шаардлагыг хангаж байна уу? Стандартад заасан мэдээллүүдийг бүрэн тусгасан эсэхэд ямар дүгнэлт гарсан бэ?

Д.Баярмаа: Мэдээллийн биет самбарын зургаа цахим хуудаст байршуулсан 589 төсөл, арга хэмжээний самбар стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг 15 үзүүлэлтээр шинжилсэн.

Самбарт ажлын нэр, хөрөнгийн эх үүсвэр, хүчин чадал, захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын нэр, утасны дугаар, талбайн инженерийн нэр, утасны дугаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны нэр, утасны дугаар, гэрээний үнийн дүн, ажил эхлэх, дуусах хугацаа, төсөл хэрэгжиж бий болох 3D загвар зураг болон бүтээн байгуулалтын загвар зургийг тусгах ёстой.

Үүнээс гадна самбарын дэвсгэр өнгө цэнхэр, үсгийн өнгө цагаан, мэдээлэл нь монгол хэл дээр байх, тулгуур нь металл багана байх шаардлагатай. Самбарыг биетээр хэвлэж байршуулсан байх ёстой.

Эдгээр шаардлагыг хэрхэн хангасныг үзэхэд самбарын тулгуур металл багана байх шаардлагын хэрэгжилт хамгийн бага буюу 35.8 хувь байсан. Металл баганын оронд мод ашигласан, эсвэл барилгын талбайн гаднах хашаан дээр самбараа өлгөсөн тохиолдол байлаа.

Мөн хүчин чадал, гэрээний үнийн дүнг тусгах, үсгийн өнгө цагаан байх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны нэр, утасны дугаарыг тусгах шаардлагын хэрэгжилт бусад үзүүлэлттэй харьцуулахад сул байсан.

Хөтлөгч: Төслийн өртөг болон хэрэгжиж дуусах хугацааны мэдээллийг тусгасан байдал ямар байсан бэ?

Д.Баярмаа: Ажил эхлэх, дуусах хугацааг 81.7 хувь буюу 481 төсөл, арга хэмжээний самбарт тусгасан. Энэ шаардлагын хэрэгжилт харьцангуй сайн байна.

Бусад үзүүлэлтээс дурдвал ажлын нэрийг 92.5 хувь, хөрөнгийн эх үүсвэрийг 67.6 хувь, хүчин чадлын мэдээллийг 58.4 хувь нь тусгасан.

Захиалагч байгууллагын нэр, утасны дугаарын мэдээллийг 86.6 хувь нь хэсэгчлэн тусгасан бөгөөд дийлэнх нь байгууллагын нэрийг бичсэн ч утасны дугаарыг нь бичээгүй байсан. Гүйцэтгэгч байгууллагын нэр, утасны дугаарын мэдээллийг мөн 84.9 хувь нь хэсэгчлэн тусгасан. Эдгээрийн дийлэнх нь гүйцэтгэгч байгууллагын нэрийг бичээд, утасны дугаарыг нь орхигдуулсан байлаа.

Талбайн инженерийн нэр, утасны дугаарыг 67.6 хувь, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны нэр, утасны дугаарыг 58.2 хувь, гэрээний үнийн дүнг 54.2 хувь нь тусгасан. Харин төсөл хэрэгжиж бий болох загвар зураг болон бүтээн байгуулалтын загвар зургийн аль нэгийг 95.4 хувь нь тусгасан байна.

Хөтлөгч: Захиалагч, гүйцэтгэгчийн холбоо барих утасны дугаарыг орхигдуулсан байдал түгээмэл байна. Гэрээний үнийн дүнг ч зарим нь тусгаагүй байна. Иргэд тухайн хөрөнгө оруулалтын төсөлд шаардлага тавих, хариуцсан байгууллагатай нь шууд холбогдох гэхээр мэдээлэл нь байхгүй байна гэсэн үг. Мөн төслийн өртгийг самбараас шууд харах боломж хязгаарлагдаж байна. Судалгааны хүрээнд ямар зөвлөмж гаргасан бэ?

Д.Баярмаа: Судалгаанд хамрагдсан 1011 төслөөс 589 буюу 58.3 хувь нь мэдээллийн биет самбарын зургаа цахим хуудаст байршуулсан нь хангалтгүй үзүүлэлт гэж дүгнэсэн.

Нэгдүгээрт, төсвийн ерөнхийлөн захирагчид стандартын хэрэгжилтийг хангуулахад анхаарч, мэдээллийн биет самбарын зургийг цахим хуудаст нийтэлсэн эсэхэд хяналт тавих шаардлагатай.

Хоёрдугаарт, зургаа нийтэлсэн самбарууд ч стандартын шаардлагыг хангалттай биелүүлэхгүй байна. Иймээс стандартын шаардлагын биелэлтийг хангуулах чиглэлээр оролцогч талуудад заавар, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах хэрэгтэй.

Мөн төсөл, арга хэмжээний мэдээллийн биет самбарын зургийг цахим хуудаст нийтэлсэн байдлыг тогтмол хянаж, олон нийтэд мэдээлдэг тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай.

Хөтлөгч: Мэдээллийн самбар нь иргэдийн хяналтад чухал ач холбогдолтой. Шаардлагын дагуу самбарт QR код байрлуулах ёстой. Иргэн гар утсаараа кодыг уншуулахад тухайн төслийн мэдээлэл publicinvestment.gov.mn цахим хуудаст гарч ирэх боломжтой.

Судлаачийн хэлсэнчлэн стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт тавих шаардлагатай байна. Сангийн яамны зүгээс publicinvestment.gov.mn цахим хуудсанд тухайн төслүүд шаардлага хангасан мэдээлэл байршуулж байгаа эсэхийг иргэдэд нээлттэй харуулах нэмэлт хөгжүүлэлт хийвэл хэрэгтэй юм гэж санагдлаа.

Энэ мэдээлэл нь хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийн явцад иргэд хяналт тавих, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд ач холбогдолтой. Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар санхүүжиж буй бүтээн байгуулалт, гадна тохижилтын ажлын хэрэгжүүлэгчид мэдээллээ самбарт бүрэн тусгаж, биет самбараа байршуулж байгаа эсэх талаар мэдээлэл өгсөн судлаач Баярмаадаа баярлалаа.

Д.Баярмаа: Баярлалаа.