Форум подкаст №19 "2027 оны төсөв: Уул уурхайн орлогын төлөвлөлт ба эрсдэл" тектс (Чимэгэ ашиглав)
Эхлэл: Хөгжим
Хөтлөгч: Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж, тус салбарын орлого төсөвт томоохон нөлөө үзүүлдэг. Тэгвэл 2027 оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг хэрхэн төлөвлөсөн талаар ярилцахаар судлаач Д.Тунгалагийг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу?
Хөтлөгч: 2027 оны төсөвт уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогын төлөвлөлттэй холбоотой ямар асуудал судалгааны явцад ажиглагдсан бэ?
Д.Тунгалаг: Монгол Улсын төсөвт нөлөөлж буй хүчин зүйлсийг гадаад, дотоод гэж багцлан авч үзэж болно. Гадаад хүчин зүйлсийн нөлөө нэлээд өндөр байна гэж бид үзэж байгаа.
Тухайлбал, ОУВС дэлхийн эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллийг 2.4 хувь болгон бууруулсан байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2026 оны хоёрдугаар улиралд 4.3 хувь болж саарсан. Энэ нь дотоод эрэлт саарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасантай холбоотой. Хятадын эдийн засгийн сааралт манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлтэд нөлөөлж болзошгүй.
Манай улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Мөн экспортын 90 орчим хувийг БНХАУ-д гаргаж байна. Иймээс экспортын орлого, цаашлаад төсвийн орлого Хятадын эдийн засгийн өсөлтөөс тодорхой хэмжээнд хамаарч байгаа юм.
Нөгөө хөршийн хувьд ОХУ-ын ДНБ-ий өсөлт 2026 оны хоёрдугаар улиралд 1.3 хувьд хүрсэн. Орос, Украины дайнтай холбоотойгоор Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал 30–40 хувиар буурсан байна. Үүнээс шалтгаалан манай улсад импортолж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэх хандлага ажиглагдаж байгаа.
Энэ нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнээр дамжин инфляцад сөргөөр нөлөөлж болзошгүй. Инфляц өсөх нь төсвийн орлого бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашиг, ногдол ашгийг бууруулах нөхцөлд хүргэж болзошгүй гэж үзэж байна.
Дотоод хүчин зүйлсийн тухайд уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь өсөж, 25–28 хувьд хүрч байна. Эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай болсон гэсэн үг.
Энэ нь төсөвт хэрхэн тусаж байгааг харвал, 2025 онд нийт татварын орлогын 49 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлсэн. Гэхдээ татварын орлогын бүрдэлт 12 хувиар буурсан гэсэн тоо бий. Мөн уул уурхай, олборлох салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг авч үзэх хэрэгтэй. Экспортын 80 орчим хувийг бүрдүүлдэг зэс, нүүрс, алт гол байр суурь эзэлж байна. Зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотойгоор зэсийн экспортын орлого өссөн. Харин нүүрсний үнэ унаснаар нүүрсний салбараас орох татварын орлого буурсан дүр зурагтай байна.
Компаниудын эзлэх хувийг авч үзвэл, нийт зэсийн экспортын 72.12 хувийг «Оюу толгой» ХХК, 27.87 хувийг «Эрдэнэт үйлдвэр» бүрдүүлсэн байна. Нүүрсний экспортод «Эрдэнэс Тавантолгой», «Тавантолгой», МАК, «Энержи Ресурс» зэрэг компани голлох байр суурь эзэлж байна.
Хөтлөгч: Уул уурхайн салбараас олох орлогод гадаад, дотоод хүчин зүйлс, ялангуяа гадаад орчны нөлөө их байна. Орлого буурч болзошгүй нөхцөлд Засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой вэ? Зарлагаа танах шаардлагатай юу?
Д.Тунгалаг: Юуны өмнө төсвийн орлого бүрдэлтийг бодит мөнгөн урсгалд үндэслэн тооцох шаардлагатай. 2027 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт орлогыг 45.7 их наяд, тэнцвэржүүлсэн орлогыг 41.28 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байна. Энэ нь 2026 онтой харьцуулахад төсвийн орлого 9.5 их наяд төгрөгөөр огцом өснө гэсэн төсөөлөл юм. Тогтворжуулалтын санд 483.8 тэрбум, Үндэсний баялгийн санд 3.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.
Татварын орлогыг 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 13.6 хувиар өснө гэж төлөвлөсөн. Энэ өсөлтийг хангахын тулд нүүрсний экспортыг 110 сая тонн, зэсийн баяжмалын экспортыг 2.1 сая тоннд хүргэхээр тооцсон байна. Гэтэл манай боомт, хил, гаалийн нэвтрүүлэх хүчин чадал ямар байгаа билээ? Эдгээр бүтээгдэхүүний эрэлт, дэлхийн зах зээлийн үнэ ямар байх вэ? Үүнийг нарийвчлан судалсны үндсэн дээр тооцоолсон байх гэж бодож байна. 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас харахад төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 2.7 хувь буюу 937.6 тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн тоо байна. Дараагийн асуудал нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ногдол ашгийг татварын бус орлогоор төсөвт төвлөрүүлэх тухай юм. 2027 оны төсөвт татварын бус орлогын эзлэх хувь нэлээд нэмэгдэхээр тооцоолсон байна.
Өмнө нь компанийн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгаж байсан. Харин ард нийтийн санал асуулгын дүнд энэ саналыг татаж, ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдсэн байна. Ингэснээр төлөвлөсөн төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр дутах болж байгаа юм.
Тиймээс зардлаа танах ёстой. Ингэхдээ стратегийн ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэд хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтөд хүрнэ. Харин урсгал зардлаа хэт нэмэгдүүлбэл халамжийн шинжтэй төсөв болох талтай. Гэхдээ иргэдийн амьжиргааны түвшин доогуур, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн асуудлууд бий. Үүнийг ч давхар авч үзэх учиртай.
Ерөнхийдөө стратегийн ач холбогдолтой салбаруудаа хөгжүүлж, хөрөнгө оруулалт, зардлаа түүнд чиглүүлэн хуваарилбал эдийн засаг өсөх гол нөхцөл бүрдэнэ. Томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр монголчууд ажлын байртай, цалин орлоготой болно. Улмаар төсвийн болон экспортын орлого нэмэгдэх учиртай. Эдийн засгийн хөгжлийн гол чиглэл нь хүний аюулгүй байдал, амгалан тайван амьдрах боломжийг бүрдүүлэхэд оршдог. Тиймээс нийгмийн хамгааллын бодлогоо давхар авч явах нь зөв. Төсвийн зардлын асуудлыг шийдэхдээ олон хүчин зүйлийг тооцох хэрэгтэй байна.
Хөтлөгч: Та бүхэн орлого төвлөрүүлэлтэд SWOT шинжилгээ хийсэн гэсэн. Эрсдэл, аюул заналын тухайд өөр ямар мэдээлэл өгөх вэ?
Д.Тунгалаг: Давуу тал, боломжууд ч байгаа гэдгийг хэлмээр байна. Цагийн хязгаараас шалтгаалан бүгдийг нь ярьж амжихгүй нь. Аюул заналын тухайд өмнө хэлсэнчлэн гадаад эдийн засаг, цэрэг, улс төрийн нөхцөл байдал тодорхой бус байна. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Ойрх Дорнодын мөргөлдөөний хурцадмал байдал үргэлжилснээр газрын тосны үнэ, улмаар инфляц өсөх эрсдэлтэй. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаар худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурах эрсдэл бий. Мөн гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбараас хамааралтай хэвээр байна. Ерөнхийдөө эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамааралтай болох эрсдэл байна гэж үзэж байгаа.
Хөтлөгч: Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг төлөвлөхдөө ямар асуудалд илүү анхаарахыг та бүхэн зөвлөж байна вэ?
Д.Тунгалаг: Судалгааныхаа арга зүйн хүрээнд авч үзвэл гадаад, дотоод хүчин зүйлс манай төсөвт нөлөөлж байна. Тиймээс гадаад орчноос учирч болзошгүй аюул занал, эрсдэл, сөрөг нөлөөг урьдчилан тооцож, төсвөө бодитой төлөвлөх хэрэгтэй. Үнийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь төдийлөн оновчтой биш болов уу гэж бодож байна. Зэсийн үнийн хувьд өөдрөг төсөөлөлтэй байж болно гэж судлаачид үзэж байгаа. Хиймэл оюун ухаан, ухаалаг техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор зэсийн хэрэглээ дэлхийд өсөн нэмэгдэж, эрэлт нь нийлүүлэлтээсээ давах төлөвтэй. Тиймээс зэсийн үнэ өснө гэж төсөөлөх боломжтой. Гэхдээ үнэ өссөн ч манай зэсийн олборлолтын нөхцөл, «Оюу толгой»-н хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Монгол Улсын хүртэх үр өгөөж, «Эрдэнэт үйлдвэр»-ийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ өсөхөөс гадна манай бодлого, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй уялдана гэж бодож байна.
Хөтлөгч: Өнөөдрийн дугаараар уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогын тооцоолол, түүнд учирч болох эрсдэлийн талаар мэдээлэл өгсөн судлаач Д.Тунгалагт баярлалаа.
Д.Тунгалаг: Баярлалаа.Эхлэл: Хөгжим


