Форум подкаст №18 "2027 оны төсвийн хөрөнгө оруулалт хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан уу?"

A- A A+
Форум подкаст №18

Форум подкаст №18 "2027 оны төсвийн хөрөнгө оруулалт хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан уу?"  тектс (Чимэгэ ашиглав)

Эхлэл: Хөгжим

Хөтлөгч: Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Төсөв нь хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол хэрэгсэл байдаг. Манай улсад урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөлтүүд бий. Тэгвэл 2027 оны төсвийн төсөл тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй хэр уялдаж байгааг та бүхэн судалжээ. Судалгааны дүнгээ танилцуулахыг хүсэж, судлаач Б.Эрдэнэдалайг студидээ урьсан юм. Төсвийн төлөвлөлт, хөгжлийн бодлогын уялдаанд хийсэн шинжилгээнээс ямар асуудлууд анхаарал татаж байна вэ?

Судлаач: Баярлалаа. Улсын төсөв нь Монгол Улс хаашаа хөгжих, иргэдийн амьдрал, амьжиргаа ямар байх, бид цаашдаа хөгжих эсэх зэрэг олон асуудлыг агуулдаг. Төсөвт иргэд хэрхэн оролцох, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хяналт тавих чиглэлээр хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.

Бид 2027 оны улсын төсөв тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй хэр уялдаж байгаад дүн шинжилгээ хийсэн. Хөгжлийн төлөвлөгөө нь тухайн жилд Монгол Улс ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдгээрийг хэрхэн төлөвлөснийг харуулах ёстой.

Төсвийн төсөл хэд хэдэн удаа өөрчлөгдөж байна. Улс төрийн намууд ч өөр өөр байр суурьтай байна. Парламентад суудалтай эрх баригч намын гишүүд хүртэл ялгаатай байр суурь илэрхийлж байгаа. Хамгийн гол нь улсын төсөв хөгжлийн төлөвлөлтийг хэр сайн тусгаж байгааг харахыг зорьсон.

2027 оны улсын төсөвт шинээр хэрэгжүүлэх 318 төсөл тусгасан байна. Эдгээр төсөл хөгжлийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгааг судалсан. 2027 онд хэрэгжиж эхлэх төслүүд нь тухайн онд тусгасан нийт төслийн 68 хувийг эзэлж байна. Өмнө нь эхэлсэн төслүүдэд мөн санхүүжилт үргэлжлүүлэн тусгасан. Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хувьд 2028, 2029 оны санхүүжилтийг ч хуваарилж, багцаалсан дүнгээр оруулжээ.

Хамгийн өндөр дүнтэй 20 төсөл анхаарал татсан. Эдгээр нь 318 төслийн нийт дүнгийн 45–46 орчим хувийг эзэлж байна. Тэгвэл энэ 20 том төсөл ямар ач холбогдол, зорилготой, хэдэн жил үргэлжлэхийг харахад 15 орчим төслийн нарийвчилсан мэдээлэл алга. Мэдээллийг нь хаанаас, хэрхэн авах вэ гэдгийг дахин судлах шаардлага гарч байна.

Хөгжлийн төлөвлөгөө тодорхой байх ёстой. Иргэд, улс төрчид, намууд ч үүнийг шүүмжилдэг. Гэтэл ерөнхий төлөвлөлт тусгасан учраас төсөвтэй нь холбон харахад зарим зүйл ойлгомжгүй байна.

Хөтлөгч: Эдгээрээс өндөр төсөвт өртөгтэй төслүүдийг жишээ болгон дурдах уу?

Судлаач: 2027 оны шинэ төслүүд онцлогтой. Монгол Улсад сонгуулийн өмнөх жил өндөр дүнтэй төсөв орж ирдэг дүр зураг бий. Энэ нь 2027 оны төсөвт ч харагдаж байна.

Шинэ төслүүдийг дэлгэрүүлж үзэхэд барилга байгууламж, цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, инженерийн шугам сүлжээ зэрэг бүтээн байгуулалтын төслүүд өндөр дүнтэй байна. 2026 оны улсын төсөвт барилга байгууламжтай холбоотой дүн 46 орчим хувь байсан бол энэ жил 40 хувиар нэмэгдэж, 86 орчим хувь болж байна.

Судлаачид, эдийн засагчид бүтээн байгуулалт богино, дунд, урт хугацаанд улсын төсөвт ямар үр өгөөж өгөх, иргэдийн амьдралд ямар таатай боломж бий болгохыг тооцох шаардлагатай гэж байнга зөвлөдөг. Харин эдгээрийг харахад тэр чиглэл рүү төдийлөн хандсан зүйл биш байна.

Шинэ төслүүдийн дийлэнх нь барилга байгууламж руу чиглэж байгаа боловч зөвхөн 2027 онд хэрэгжээд дуусах төслүүд биш. 2028, 2029 он руу үргэлжилнэ. Нефтийн үйлдвэр, цахилгаан станцын төслүүд олон жил, хэд хэдэн сонгуулийн мөчлөг дамжин үргэлжилдэг шүү дээ. Тэдгээрийг хэрхэн төлөвлөсөн, төлөвлөсөн хугацаандаа баригдаж дуусах эсэх, дунд нь санхүүжилтийн асуудал үүсвэл хэрхэн шийдвэрлэх тухай мэдээлэл төдийлөн алга.

Цахилгаан станц барих, дулааны шугам сүлжээтэй холбоотойгоор 400 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Тухайлбал, улсын төсөвт ДЦС-6 гэж нэр, хүчин чадлыг нь тусгасан байхад хөгжлийн төлөвлөгөөнд өөр нэр, өөр хүчин чадалтай байх зэрэг зөрүү ажиглагдаж байна.

Хөтлөгч: Ерөнхийд нь харвал хөгжлийн төлөвлөгөө, төсөв хоёрын уялдаа ямар түвшинд байна вэ?

Судлаач: Ерөнхийд нь харахад уялдаатай мэт боловч төсөл, хөтөлбөр тус бүрээр нь авч үзвэл тийм сайн уялдсан зүйл алга.

Жишээлбэл, “ОТ” кодтой төслөөс санхүүжилт орж ирвэл хэрэгжүүлэх төслүүдийн дүн улсын төсөвт өндөр хувь эзэлж байна. Гэтэл улс төрчдийн гаргаж буй шийдвэр, нөхцөл байдлыг харахад энэ санхүүжилтээр хийх төслүүдийг зогсоох эсэх талаар олон асуудал үүсэж байна.

Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн бараг 60 орчим хувь нь “ОТ” төслөөс орж ирэх санхүүжилттэй байхаар байна. Хэрэв тэр санхүүжилтийг зогсоовол төсөл, хөтөлбөрүүд мөн зогсох уу гэсэн дараагийн асуудал гарч ирж байгаа юм.

Хөтлөгч: Зарим мэдээлэл иж бүрэн биш байна гэж та хэллээ. Тухайн төсөл ямар үр ашигтай, хөгжлийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгааг харуулсан мэдээлэл төсвийн танилцуулгад хомс байна уу? Өөр ямар мэдээлэл дутуу байна вэ?

Судлаач: Төсвийн төслөөс бид ерөнхий тоо дүн, ямар чиглэлийн төслүүд болохыг л харж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл алга.

Судалгааны явцад tender.gov.mn цахим хуудасны сүүлийн хэдэн сарын мэдээллийг харьцуулсан. “ОТ” төсөл, компанитай холбоотойгоор төрийн өмчит компаниуд ямар тендер зарлаж байгааг харсан. Тэнд тухайн байгууллагын хуулийн ажлын хэсэг, хуульчид, санхүүгийн албаныхан хийх боломжтой мэт ажлуудыг өндөр дүнтэй тендерээр зарласан байна. Зарим зөвлөх үйлчилгээ 700–800 сая, зарим нь бараг тэрбум төгрөгийн дүнтэй байна. Нэг гэрээ байгуулахтай холбоотой хууль зүйн болон санхүүгийн зөвлөгөө авна гэж тендер зарлаж байгаа юм.

Ерөнхий, том дүнгээр тусгасан, мэдээлэл нь тодорхойгүй төслүүдийг ийм байдлаар мөрдөж, мониторинг хийн харьцуулбал бодит өртөг, зардлыг нь харах боломжтой. Гэтэл иргэдэд очих үр өгөөж, үнэхээр хэрэгцээтэй бүтээн байгуулалт нь юу болохыг зөв тооцоололгүйгээр зарцуулалт хийгээд байна.

Төсөв өндөр дүнтэй орж ирж байгаа нь сонгуулийн жилтэй холбоотой байж болно. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төрийн янз бүрийн тактик ч байх магадлалтай харагдаж байна.

Хөтлөгч: Төслүүдийн гол танилцуулга байхгүй, мэдээлэл бүрэн бус байгаа нь Улсын Их Хурлын гишүүд бодитой шийдвэр гаргахад хүндрэл учруулж байгаа юм байна. Цаашдаа жилийн хөгжлийн төлөвлөгөө, төсөв хоёрын уялдааг хангахад ямар зөвлөмж өгөх вэ?

Судлаач: Тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөө гарсан бол улсын төсвийг түүнд чиглүүлэх ёстой. Манай судалгааны зөвлөмжид төсөл бүрийн кодыг хөгжлийн төлөвлөгөөний холбогдох чиглэл, кодтой уялдуулах тухай тусгасан. Хөгжлийн төлөвлөгөөндөө эдгээр кодыг багцлан тусгаж болно.

Том багцуудын дотор ямар задаргаа байгааг бид харж чадахгүй байна. Төсөв, хөгжлийн төлөвлөгөөний аль алинд ямар үзүүлэлтүүд тусгахыг тодорхой болговол зүгээр байна.

Мөн төсөв нь судлаачид, иргэдэд уншиж ойлгоход хүртээмжтэй биш байна. Хэдэн их наяд, хэдэн тэрбум төгрөгийг юунд зарцуулах ерөнхий дүнг дурдсан боловч ямар үр өгөөжтэй, зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээлэл нь юу болохыг харж чадахгүй байна.

Эдгээрийн уялдааг анхнаас нь хангах хэрэгтэй. Бид гэрийн болон хувийн ажлаа төлөвлөхдөө юуг, ямар учраас хийхээ тайлбарладаг шүү дээ. Түүн шиг энгийн, ойлгомжтойгоор хийх боломжтой. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг, сонгуулийн жилд мэдээллийг илүү бүдэг болгож оруулж ирдэг ч юм уу, ийм зүйл байх магадлалтай.

Хөтлөгч: Ерөнхийдөө төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдэд нэр, хүчин чадал, байршил, төсөвт өртгийг л тусгасан байна. Гэтэл томоохон төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоо, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөгжлийн төлөвлөгөөний ямар зорилттой хэрхэн уялдаж байгааг тодорхой харуулах хэрэгтэй юм байна. Ядаж өндөр дүнтэй төслүүдийг ингэж холбож өгөх шаардлагатай гэж ойлголоо.

Өнөөдрийн урилгыг хүлээн авч, мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Судлаач: Баярлалаа.

Эхлэл: Хөгжим