Нээлттэй Нийгэм Форумаас 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Үндсэн хуулийн цэц: Бие даасан, хараат бус, нээлттэй, ил тод байдал, олон нийтийн итгэл” сэдэвт судалгааны урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Оюуны Инноваци ТББ-ын судлаачдын баг судалгааг бүлэг тус бүрээр хувааж, Цэцийн бие даасан хараат бус байдал, нээлттэй ил тод байдал, олон нийтийн итгэл, маргаан шийдвэрлэх ажиллагаа гэсэн дөрвөн сэдвээр илтгэл танилцуулав.
Судлаач П.Баттулгын танилцуулсан Цэцийн бие даасан, хараат бус байдлын талаарх илтгэлд Цэцийн төсвийн анхны саналыг УИХ-д өөрчлөлтгүйгээр тусад нь хүргүүлэх, төсвийг бууруулах тохиолдолд Цэцийн тайлбарыг сонсох зохицуулалт тусгахыг санал болгов. Мөн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг нээлттэй зарлаж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах санал дэвшүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн мэргэжил, ажлын туршлагад тавих шаардлагыг нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллагууд хэрхэн хэрэгжүүлэх, Цэцийн гишүүнээр томилогдсон шүүгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа шүүгчээр эргэн ажиллах боломжийг хэрхэн зохицуулах талаар асуулт гарлаа. Мөн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгох, УИХ шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэр болон анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг хэрхэн харгалзахыг тодорхой тусгах шаардлагыг хөндөв. Эдгээр баталгаа сул байвал гишүүний хараат бус байдалд эрсдэл үүсэж болзошгүйг судлаач тэмдэглэсэн юм.
Судлаач Б.Төрболд Цэцийн нээлттэй, ил тод байдлыг таван чиглэлээр, 24 шалгуур үзүүлэлтээр үнэлснээ танилцууллаа. Улмаар эх бичвэрээс хайлт хийх боломжтой шийдвэрийн нэгдсэн сан бий болгох, хуралдааны товыг тусад нь жагсааж нийтлэх, мэдээлэл авах хүсэлтийн цахим маягттай болохыг санал болгов. Оролцогчдын зүгээс Цэцэд гаргаж буй мэдээллийн жагсаалт болон холбогдох магадлалыг нийтлэх боломжийг судлах шаардлагатайг дурдаж байлаа.
Судлаач, социологич Д.Аюуш 21 аймаг, нийслэлийн 2,008 иргэнийг хамарсан Шүүхийн индексийн өгөгдөл, хуралдаантай холбоотой 39 ажиглалт, iKon.mn-д нийтлэгдсэн 93 мэдээнд тулгуурлан Цэцэд итгэх олон нийтийн итгэлийг үнэлснээ танилцуулав. Тухайлбал судалгаанд оролцсон иргэдийн тал орчим хувь нь Цэцийн чиг үүргийн талаар ойлголт муутай, зарим талаар шүүхийн системийн хэсэг гэж үздэг болохыг судалгааны дүн харуулжээ.
Судлаач М.Мөнхжаргалын Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны талаарх танилцуулгад маргаан шийдвэрлэх хугацаа, хэрэг маргааны хуваарилалт, Цэцийн гишүүд, ажилтнуудыг ажлын ачааллын статистик тоо баримтад үндэслэн судалсан талаар дурджээ. Өргөдөл, мэдээллийг программ ашиглан санамсаргүй хуваарилдаг болсон нь хүний шууд оролцоог багасгасан гэж судлаач үнэлсэн байна.
Үндсэн хуулийн цэцийг институтийн хувьд өргөн цар хүрээтэй үнэлж буй анхны суурь судалгааг сайжруулахад энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлсэн асуулт, санал шүүмжийг судлан үзэж, тайланг эцэслэн боловсруулж нийтийн хүртээл болгох юм.


