ХХБ жижиг, дунд бизнест зориулсан шинэ хэлтэс нээжээ (2006.02.08)

A- A A+
ХХБ жижиг, дунд бизнест зориулсан шинэ хэлтэс нээжээ  (2006.02.08)

ХХБ жижиг, дунд бизнест зориулсан шинэ хэлтэс нээжээ  (2006.02.08)

2006 он гарсны дараахан Худалдаа хөгжлийн банк жижиг дунд бизнес /ЖДБ/ эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх хэлтсийг шинээр байгуулсан байна. Тус банкны Жижиг дунд байгууллагын банкны хэлтсийн захирал М.Баярмагнайн өдөр тутмын сонинуудад өгсөн ярилцлагаас үзвэл энэ хэлтэс нь ЖДБ эрхлэгчид хамгийн  боломжийн  нөхцөлтэй зээл олгож, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх ажээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 35000 гаруй аж ахуйн нэгжүүдээс татвар төлдөг 25000 гаруй аж ахуйн нэгж байдгийн 96 хувийг нь 50 хүртэл ажиллагсадтай, 80 гаруй хувийг нь 1-9 хүртэл ажиллагсадтай жижиг дунд үйлдвэрлэл эзэлж, ДНБ-ний 60 орчим хувийг үйлдвэрлэж, 300 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа аж. Худалдаа хөгжлийн банк энэ үзүүлэлтээс дүгнэлт хийн манай улсад үйл ажиллагаа нь тогтворжсон 2500 гаруй ЖДБ эрхлэгчид байна гэсэн тооцоог гаргажээ. Тэдгээрт байнга тулгардаг хүндрэл нь санхүүгийн найдвартай эх үүсвэр, мэргэжлийн зөвлөгөө тул энэ талын дэмжлэг үзүүлэх зорилгоор Жижиг дунд байгууллагын хэлтсийг шинээр байгуулсан хэмээн тэрбээр мэдэгджээ.

Ингэснээр тус банк байгууллагын богино хугацаат санхүүгийн хэрэгцээг хангах эргэлтийн хөрөнгийн зээл, бизнесээ өргөжүүлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд зориулж тоног төхөөрөмжийн зээл, гадаад худалдааны санхүүжилт олгохоос гадна дэлхийн банк, олон улоын санхүүгийн бусад байгууллагуудын төслийн санхүүжилтийн зээл, Тайвань, Солонгос улсуудаао оруулж ирэх импортыг дэмжих зээлүүдийг олгож байгаа ажээ. Төслийн зээлүүдийн хугацаа 2-7 жил, бусад зээлүүдийнх 6-24 сар байна. Төгрөгийн зээлийн сарын хүү 1,5-2,3 хувь, ам. долларын зээлийн сарын хүү 1,1-1,9 хувь байх ажээ.

Тухайн зээл хүсэгч компанид зэрэглэл тогтоож, өөрийн үнэлгээг өгсний үндсэн дээр олгох зээлийн хүүг тогтооно хэмээн М.Баярмагнай мэдэгджээ. Өөрөөр хэлбэл ЖДБ эрхлэгч хэн бүхэн тус банкнаас анх удаа зээл авч байгаа ч тэдний зарласан хамгийн бага хүүгээр зээл авах боломжтой юм байна. Зэрэглэлийг тогтоохдоо тухайн компанийн удирдлагын ур чадвар, туршлага, зах зээлд танигдсан эсэх, эзлэх байр суурь, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзах бөгөөд  ямар зэрэглэлд хамаарахаас шалтгаалж харгалзах хүүг тогтоох юм байна.

Худалдаа хөгжлийн банкны ЖДБ эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх хэлтэс нь зээл олгохоос гадна санхүү бүртгэл, бизнес төлөвлөлт, маркетинг, хүний нөөцийн удирдлага зэрэг асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө юм. Энэхүү үйл ажиллагаа нь ЖДБ эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрчимжүүлэхэд тус дэм болохын зэрэгцээ ойрын ирээдүйд тус банкны том харилцагчдын эгнээнд элсэх боломжийг нээж өгнө гэж захирал М.Баярмагнай ярьжээ.