ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгооны үйл явц дахь хууль тогтоомжийн хэрэгжилт Форум Podcast №16

A- A A+
ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгооны үйл явц дахь хууль тогтоомжийн хэрэгжилт Форум Podcast №16

Нээлттэй Нийгэм Форумаас Бодлогын асуудал цувралынхаа ээлжит дугаарыг ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоо: ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, чанар, бүтээмжийн менежерийн томилгоо сэдвээр бэлтгэсэн бөгөөд судлаач, эрх зүйч Д.Тэгшбаяртай тус судалгааны талаар ярилцсан Форум подкастын шинэ дугаарыг толилуулж байна. ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгооны үйл явц дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, хөндлөнгийн нөлөөлөл, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлт хүчин зүйлсийг судлаач судалгаандаа хэрхэн тусгаснаа дэлгэрэнгүй танилцууллаа. 

Улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 онд хийгдсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд дээрх 3 компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын 7, Засгийн газрын БЭТ-ийн 1, чанар, бүтээмжийн менежерийн 9 томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад нь огт сонгон шалгаруулалтгүй явагджээ. 

Түүнчлэн ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захиргаа, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг ЗГ-ын чиглэл, удирдамжийн дагуу нэр заан томилж байгаа нь хууль, компанийн дүрэм болоод засаглалын зарчимд нийцэхгүй. Компанийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоо зөвхөн томилгоогоор ч хязгаарлагдахгүй, бүх шатны шийдвэрт нь чиглэл өгч оролцож байгааг зогсоох шаардлагатай талаар ярилцлагад хөндөх болно. 

ТӨК-ийн засаглалын нэг чухал шаардлага нь төрөөс хараат бусаар бизнесийн зарчмын дагуу бие даан ажиллах явдал билээ. Энэхүү хараат бус байдлыг хангахад ТӨК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны томилгоо нэн чухал бөгөөд нэр дэвшигчдэд тавих шаардлага, томилгооны үйл явцыг нарийвчлан зохицуулж, ТУЗ-ийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах учиртайг онцолсон юм.