Өнөөдөр ННФ-ын хурлын танхимд Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам "Төсвийн нээлттэй байдал 2025” олон улсын судалгааны тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын төсвийн баримт бичгүүд, тэдгээрийн ил тод байдлын түвшин, түүнийг цаашид хэрхэн сайжруулах талаарх санал зөвлөмж, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг төр засгийн зүгээс олгож буй байдал, түүнийг цаашид хэрхэн сайжруулах талаар болон төрийн хяналтын байгууллагуудын зүгээс төсөвт тавих хяналтын түвшин, түүнийг цаашид хэрхэн сайжруулах талаарх санал зөвлөмжийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Олон улсын төсвийн түншлэл (www.internationalbudget.org) байгууллага хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдал” олон улсын судалгааныхаа 2025 оны дүнг танилцуулсан бөгөөд судалгааны дүнгээр Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна гэсэн юм. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 64 авсан бол олон нийтийн оролцоогоор 35 оноо авчээ. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлт 74 оноогоор үнэлэгдсэн байна.
Уулзалтад оролцсон сэтгүүлчдийн хийсэн товч ярилцлагыг доорх холбоосоор үзнэ үү.
Д.Оюунбадам: Төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төсвийн сахилга бат, хариуцлага, ил тод байдлыг сайжруулахад чухал үүрэгтэй. https://www.facebook.com/reel/1708035023545309
Д.Оюунбадам: Ирэх оны төсвийн тухай хуульд төсвийн зарлагыг урсгал, хөрөнгийн гэж хоёр ангилж тавихаас илүү чиг үүргийн буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ гэх зэргээр оруулах, мөн эдийн засгийн ангилалд цалин урамшууллаас эхлээд, түлш шатахуун, цахилгаан дулаан, бичиг хэргийн зардлыг дэлгэрэнгүй оруулж өгөх зөвлөмж гарсан. http://facebook.com/reel/1518503676611846/


