Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжээ сэтгүүлчдэд танилцууллаа

A- A A+
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжээ сэтгүүлчдэд танилцууллаа

Нээлттэй Нийгэм Форум Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, санал, шүүмжээ өнөөдөр Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчдэд танилцууллаа.

Тус хуулийн төсөл нь Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялгийг нийтийн өмч байх зарчим, баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх үзэл санааг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарын ил тод байдал, хариуцлага, авлигаас ангид засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг хангалттай тусгаж чадаагүй байна. Онцолбол:

  • Эрдэс баялгийн салбарын засаглалд нэн тулгамдсан асуудлын нэг болох авлигаас сэргийлэхтэй холбоотой зүйл, заалт хуулийн төсөлд тусгалаа олоогүйн зэрэгцээ геологийн суурь судалгаа, эрлийн ажил гэрээлэх үйл явцыг нарийвчлан тодорхойлоогүй нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй, 
  • Хуулийн төсөл боловсруулах гол үндэслэл болох Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн ил тод байдлын зохицуулалт орхигдсон,
  • Хайгуулын явцад “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” боловсруулах шаардлагыг  одоогийн хуулиас хассан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны хариуцлагыг сулруулах төдийгүй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцээгүй,
  • Газрын ховор элементийн орд тус бүрийн онцлогийг үл харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын тодорхойлолтоос газрын ховор элементийг бүхэлд нь хассан нь Хэнтий аймагт орших Цагаанчулуутын орд гэх мэт уран, торийн агууламжтай ордуудад цаашид цацрагийн хяналт тавих боломжгүйд хүргэх,
  • Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” хийсэн байх шаардлагыг хассан нь байгаль орчны эрсдэлийг харгалзан шийдвэр гаргах, хяналт хэрэгжүүлэх боломжийг алдагдуулах, 
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглох 641 дугаар зүйл нь бүхэлдээ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуультай давхардсан нь зохицуулалтын ач холбогдолгүйн зэрэгцээ хууль хэрэглээнд ойлгомжгүй байдал үүсгэх эрсдэлтэй,
  • Хуулийн төсөл боловсруулах үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон олон нийтийн оролцоо, судалгаа шинжилгээнд үндэслэх зарчмыг зөрчсөн зэрэг болно.

Хуулийн шүүмжид Ашигт малтмалын тухай хууль нь эрдэс баялгийн салбарт ил тод, хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг бүрдүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх эрх зүйн үндсийг баталгаажуулах ёстойг онцолсон юм.

Уулзалтад Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчдээс гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох "Төлсөн авснаа нийтэл" эвслийн гишүүн, Хүний эрх хөгжил төвийн Гүйцэтгэх захирал Г.Уранцоож, Оюу толгойн хяналт ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар оролцож, хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэн, сэтгүүлчдийн асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.