Хамтарсан үйлдвэрүүдийн хуримтлагдсан асуудлууд (2006.02.09)

A- A A+
Хамтарсан үйлдвэрүүдийн хуримтлагдсан асуудлууд (2006.02.09)

Хамтарсан үйлдвэрүүдийн хуримтлагдсан асуудлууд (2006.02.09)

Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг нөлөөтэй байдаг Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн хувьд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд нэлээд хуримтлагдсан байгаа аж. Энэ тухай Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тухайлбал, Орос, Монголын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн зөвлөлийн хурлын хугацаа болж,  шийдэх шаардлагатай  тулгамдсан асуудал хүлээгдэж байгаа гэжээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын тал  их тодорхой саналууд тавиад  байгаа юм байна. Үүнд "Эрдэнэт"-ийн үйлдвэрийн удирдлагад ОХУ-ын төлөөлөгчдийг түлхүү оруулах, бүтээгдэхүүнийг ОХУ-ын үйлдвэрүүдэд нийлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг зөвхөн тус улсаас нийлүүлэх зэрэг саналыг тавьсан хэмээн ТӨХ-ны дарга Д.Сугар ярьжээ. Иймээс бид улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалсан оновчтой саналуудыг яаравчлан бэлтгэх шаардлагатай байна гэж тэрбээр өгүүлжээ.

Тэрчлэн өөр нэг хамтарсан том үйлдвэр болох  “Монголросцветмет" нэгдлийн үйл ажиллагааны эрхзүйн үндэс болох хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний хугацаа мөн  дуусаад байгаа ажээ. Өмнөх гэрээгээр Монголын талд гааль худалдааны татвар, ашигт малтмалын нөөц болон ой мод ашигласны,  гаэрын, усны, гадаадын ажиллах хүчин ажиллуулсны төлбөрөөс "Монголросцветмет" чөлөөлөгдөж байжээ. Харин одоо хэлэлцээр нэгэнт дуусгавар болсон учраас дээрх төлбөрөөс чөлөөлөхгүй байх нь зүйтэй хэмээн ноён Д.Сугар үзэж байна.Түүний хэлснээс үзвэл одоогийн байдлаар "Монголросцветмет" нэгдэл нь  Монголын талын эдлэх учиртай хөнгөлөлт болох 1,5 сая ам.долларын төлбөрийг хийх ёстой боловч санхүүгийн байдал нь нэлээд хүндрэлтэй байгаа аж. 

ТӨХ-ны дарга Д.Сугар нь  өнгөрсөн долоо хоногт шинэ Засгийн газрын хуралдаанаас ТӨХ-ны даргаар томилогдсон бөгөөд  шинээр авсан ажлынхаа талаар зарим нэг мэдээллийг тус сонинд өгчээ. Түүний хэлснээр бол тус хороо өнгөрсөн оны аравдугаар сараас хойш огт хуралдаагүй тул  хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай олон асуудал хуримтлагдсан байна. Юуны өмнө яг одоогийн нөхцөл байдалд тохируулж  хорооны ажиллах зорилгыг тодорхойлно гэж тэрбээр хэлжээ.  Энэ хороо одоогоор үндсэн дөрвөн нэгж, 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.  Бүтцийн давхардлыг арилгаж зардлыг хямдруулна.  Чингэхдээ дөрвөн газрын тоог багасгаж, ажилтнуудыг цөөрүүлнэ гэж Д.Сугар мэдэгджээ.

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах ТӨХ-ны 2006 оны төлөвлөгөө батлагдаагүй байгааг Засгийн газраар яаралтай батлуулах хэрэгтэй аж. Энэ төлөвлөгөөнд тусгагдаагүй хувьчлалыг хийх  эрх  мэдэл ТӨХ-нд байдаггүй байна. Түүнчлэн төлөвлөгөөнд орсон хувьчлалыг биечлэн шалгана. Тухайлбал, Хадгаламжийн банк, Улсын циркийн хувьчлалын бэлтгэл ажилд шалгалт хийж дүгнэлт гаргана гэж Д.Сугар мэдэгджээ.