Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ

A- A A+
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалт 2026 оны наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Засгийн газар уг багц төслийг наймдугаар сарын 20-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд одоогоор D-Parliament системд “Өргөн баригдсан” шатанд байна.

Тодотголын төсөлд сайд нарын багцын урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгө оруулалтын зардлаас 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1.441 их наяд төгрөг хэмнэхээр тооцжээ. Гэвч хэмнэсэн хөрөнгийг бусад зардалд дахин хуваарилснаар улсын төсвийн зарлага 1.093 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Иймээс уулзалтад оролцсон судлаачид уг төслийг төсвийн нийт ачааллыг бууруулсан "хумих тодотгол" гэхээс илүүтэй зардлыг дахин хуваарилж, нийт зарлагыг тэлсэн тодотгол гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн цалин, тэтгэвэр, татаасаар дамжуулан иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах зорилго тавьсан ч бараа, үйлчилгээний нийлүүлэлт зохих хэмжээнд нэмэгдэхгүй бол эрэлт өсөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцлов. Түүнчлэн төсвийн зарлагын өсөлт, шинээр нэмэгдэх тогтмол зардлын санхүүжилтийн тогтвортой байдал болон төсөв, мөнгөний бодлогын уялдааг цаашид нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж үзсэн юм. 

Нээлттэй Нийгэм Форум уулзалтаар гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн олон нийтэд удахгүй хүргэнэ.