Нээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын Их Сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн хамтран “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглалын олон улсын стандартууд” сэдэвт иргэний нийгмийн оролцогчдод зориулсан хоёр өдрийн сургалтыг 2026 оны аравдугаар сарын 5–6-ны өдрүүдэд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгууллаа.
Чухал ашигт малтмалын дэлхийн эрэлт өсөж, Монгол Улсын нийлүүлэлтийн сүлжээнд оролцох боломж нэмэгдэж буй энэ үед хайгуул, олборлолтын байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) эрсдэлийг хариуцлагатай удирдах шаардлага мөн нэмэгдэж байна. Сургалт нь эдгээр эрсдэл, олон улсын зарчим, стандартын талаарх иргэний нийгмийн оролцогчдын ойлголтыг гүнзгийрүүлж, уул уурхайн компани болон бусад талтай мэдээлэл, нотолгоонд тулгуурлан харилцах практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэв.
Эхний өдөр чухал ашигт малтмалын ач холбогдол, нийлүүлэлтийн сүлжээ, Монголын нөөцтэй холбоотой боломж, сорилтыг авч үзэж, хайгуул, олборлолтын БОНЗ-ын эрсдэл, орон нутгийн түвшинд анхаарах асуудлыг хэлэлцлээ. Мөн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний суурь зарчим, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон хариуцлагатай уул уурхай дахь талуудын оролцоог үр нөлөөтэй болгох чиглэлд анхаарах асуудлыг хөндсөн юм.
Казахстаны Цахим нийгэм сангийн тэргүүн Нургали Рахманов Төв Азийн дөрвөн улсыг хамруулж, 71 шалгуураар үнэлсэн судалгаанд тулгуурлан БОНЗ-ын шаардлагын бодит хэрэгжилтийг нотолгоо, хараат бус үнэлгээгээр баталгаажуулахын ач холбогдлыг тайлбарлав. Компанийн мэдээлж буй гүйцэтгэлийг ажиглаж, хэмжиж болох үзүүлэлтээр нягтлахын тулд “Яг юуг хэрэгжүүлсэн гэж мэдээлж байна вэ?”, “Үүнийг ямар баримт нотолж байна вэ?”, “Тэр баримтыг хараат бусаар шалгах боломжтой юу?” гэсэн гурван асуултыг тавихыг санал болголоо.
Нотолгоонд зөвшөөрөл, тайлан, төлөвлөгөө зэрэг баримт бичгээс гадна хяналт-шинжилгээний хэмжилт, газар дээрх ажиглалт, огноо, байршлыг тэмдэглэсэн гэрэл зураг, орон нутгийн иргэдийн баримтжуулсан мэдээлэл, мэргэжилтэн болон лабораторийн дүгнэлтийг ашиглаж болохыг дурдав. Тухайлбал, усны чанарын талаарх мэдээллийг нягтлахдаа дээжийг хаана, хэзээ, ямар давтамжтай авсан, ямар үзүүлэлтээр хэмжсэн, ямар стандарт, аргачлал хэрэглэсэн, үр дүнг хараат бусаар шалгах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатайг сургалтын жишээгээр тайлбарлалаа. Тэрчлэн иргэний нийгмийн байгууллагууд ажиглалт хийх, мэдээллийг баримтжуулах, нотолгоо шаардах, мэргэжлийн туслалцаа авах замаар орон нутгийн иргэдийн санаа зовниж буй асуудлыг хараат бусаар шалгаж, үнэлэх боломжтойг онцлов.
Оролцогчид газрын ховор элемент, литийн төслийн жишээнд тулгуурласан дасгалаар эдийн засгийн боломж болон болзошгүй эрсдэлийг тодорхойлж, тэргүүлэх асуудлуудыг эрэмбэлэв. Усны хэрэглээтэй холбоотой санал зөрөлдөөнийг авч үзсэн дасгалд компани, малчид, иргэд, байгаль хамгаалах байгууллага, орон нутгийн захиргааны байр сууринаас хэлэлцүүлэгт бэлтгэж, талуудын мэдээллийн хэрэгцээ, санаа зовниж буй асуудал, хамтран шийдвэрлэх боломжийг тодорхойлох арга барилтай танилцлаа.
Хоёр дахь өдөр БОНЗ-ын суурь ойлголт, уул уурхайн олон улсын стандартууд, тэдгээрийг хэрэгжүүлэх туршлага, үндэсний болон орон нутгийн түвшний үр нөлөөг авч үзэв. Энэ хүрээнд Олон улсын уул уурхай, металлын зөвлөл (ICMM)-ийн уул уурхайн зарчмууд, Уул уурхайн нэгдсэн стандартын санаачилга (CMSI), Хариуцлагатай уул уурхайн баталгаажуулалтын санаачилга (IRMA) зэрэг тогтолцооны шаардлага, үнэлгээ, оролцооны арга замыг танилцууллаа.
ICMM-ийн стандарт хариуцсан менежер Жозефина Робертсоны илтгэлд уул уурхайн компаниудын БОНЗ-ын амлалтыг бодит гүйцэтгэлээр баталгаажуулахад хараат бус үнэлгээ, тайлагналын ил тод байдал чухал болохыг тайлбарлав. ICMM-ийн тогтолцоонд компанийн тогтвортой байдлын тайланг жил бүр хараат бусаар баталгаажуулах, уурхайн түвшинд шаардлагын хэрэгжилтийг үнэлэх, баталгаажуулалтын үйл ажиллагаа, үр дүнг нийтэд мэдээлэх зохицуулалт багтдаг.
Түүнчлэн уул уурхайн салбарт хэрэглэгдэж буй дөрвөн стандартын давуу талыг нэгтгэн хөгжүүлж буй Уул уурхайн нэгдсэн стандартын санаачилга (CMSI) нь бизнесийн ёс зүй, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн оролцоо, усны менежмент, биологийн олон янз байдал, хаягдлын менежмент, уурхайн хаалт зэрэг 24 чиглэлийг хамарч байна. Уг тогтолцоо нь гүйцэтгэлийг гурван түвшнээр үнэлж, хараат бус гуравдагч талаас баталгаажуулах, үнэлгээний үр дүнг нийтэд нээлттэй мэдээлэх, компаниудын гүйцэтгэлийн талаарх мэдэгдлийг нотолгоонд үндэслэх шаардлагыг тусгажээ.
IRMA-ийн танилцуулгад уурхайн түвшний хараат бус аудитад ажилчид, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах арга замыг онцлов. Аудитыг урьдчилан нийтэд зарлаж, компанийн төлөөллийг байлцуулахгүйгээр ажилчид, иргэдээс мэдээлэл авах, тайланг нээлттэй нийтлэх нь бодит нөхцөл байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Тус санаачилгын засаглалд уул уурхайн компани, худалдан авагч, иргэний нийгэм, үйлдвэрчний эвлэл, нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдын зургаан бүлэг тэгш оролцдог болохыг онцоллоо.
Иргэний нийгмийн байгууллагууд аудитын тайланд тулгуурлан уурхайн үйл ажиллагааны дутагдал, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, компанитай баримтад суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтойг танилцуулгад онцлов. Мөн тайланд тусгасан сайжруулах арга хэмжээний хэрэгжилт, тогтоосон хугацаанд нь хяналт тавих боломжтойг тайлбарлалаа. Тухайлбал, Сенегалын Eramet Grand Côte уурхайн аудит орон нутгийн нийтлэг уулзалтуудад зарим бүлэг санаа зовниж буй асуудлаа бүрэн илэрхийлэх боломж хязгаарлагдмал байсныг тогтоожээ. Үүнийг сайжруулахын тулд тухайн бүлгүүдэд зориулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой асуудлаар тогтмол санал солилцох орон нутгийн зөвлөлүүдийг байгуулсан байна.
Сургалт нь олон улсын стандартыг орон нутгийн бодит асуудалтай холбон ойлгох, нөлөөлөлд өртөж буй иргэдийн дуу хоолойг хүргэх, компанийн БОНЗ-ын гүйцэтгэлд нотолгоонд тулгуурлан хяналт тавихад ашиглах мэдлэг, арга барилыг иргэний нийгмийн оролцогчдод танилцуулснаараа ач холбогдолтой юм.


