Нээлттэй Нийгэм Форум, Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгээс эрдэс баялгийн салбарын бусад оролцогч талуудтай хамтран “Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын форум — Талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь” арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Форумд төр, хувийн хэвшил, судлаачид, иргэний нийгэм, хөгжлийн түншүүд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарыг хариуцлагатай хөгжүүлэх бодлого, БОНЗ-ын эрсдэл, олон улсын стандартыг хэрэгжүүлэх асуудлаар санал, туршлага солилцов.
Эрчим хүчний шилжилт, дэвшилтэт технологи, стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлийн хөгжлийг даган чухал ашигт малтмалын эрэлт өсөж, Монгол Улсын хувьд олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд оролцох боломж нэмэгдэж байна. Энэ боломжийг бодит үр дүнд хүргэхэд хөрөнгө оруулалт, эрэл, хайгуулаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх чухал ашигт малтмалын өртгийн сүлжээний бүх шатанд байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг эртнээс анхаарч, оролцогч талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай юм.
Форумын эхний хэсэгт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь “Чухал ашигт малтмалын бодлогын зураглал: Нийлүүлэлтэд орон зайгаа эзлэх боломж ба сорилт” сэдэвт судалгааны үр дүнгээ танилцуулав. ННФ-ын дэмжлэгтэйгээр хийсэн уг судалгаа нь Монгол Улс чухал ашигт малтмалаас үүдэлтэй эдийн засгийн боломжийг ашиглахад геологийн нөөцөөс гадна оновчтой бодлого, институцын чадавх, нийгмийн зөвшил чухал болохыг онцлон харуулж байгаа юм. Тэрчлэн чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлт, геополитикийн өөрчлөлт нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгө оруулалт, шинэ технологи татах, гадаад харилцаагаа ахиулах боломж нээж байгаа ч нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа эзлэх өрсөлдөөнийг нэмэгдүүлж байгааг тайлбарлав.
Илтгэлд Монгол Улсад тус салбарыг хөгжүүлэх улс төрийн болон бодлогын үндсэн суурь бүрдсэн боловч институцын чадавх, бодлогын хэрэгжилт гол сорилт хэвээр байгааг дүгнэжээ. Уул уурхайн цөөн бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хамаарсан эдийн засгийн бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн сул хөгжил, эрчим хүч, тээвэр, ложистик, усны нөөцийн хязгаарлалт нь салбарын хөгжлийг төлөвлөхдөө хамтад нь авч үзэх асуудлууд юм. Иймээс чухал ашигт малтмалын бодлогыг зөвхөн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхээр хязгаарлалгүй, боловсруулах үйлдвэрлэл, дотоодын нэмүү өртөг, технологийн хөгжил, бүс нутгийн хөгжил болон ногоон шилжилтийн зорилтуудтай уялдуулах шаардлагатайг онцлов.
Дараагийн хэсэгт Күинсландын их сургуулийн дэд профессор Вигъя Шарма, доктор Д.Бямбажав, Монгол Улсын Их Сургуулийн профессор Б.Эрдэнэцогт нар Монгол Улс дахь чухал ашигт малтмалын газарзүйн зураглал, БОНЗ-ын эрсдэлийн тоймыг танилцуулав. Илтгэлд чухал ашигт малтмалын орд, ажиллаж буй уурхай, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн байршлыг зураглан, бүс нутаг, сумдын түвшинд тархалт, төвлөрлийг авч үзжээ. Мөн зэс, жонш, вольфрам, газрын ховор элемент, бал чулуу, лити зэрэг ашигт малтмалын хайгуул, олборлолтын өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулан танилцууллаа.
БОНЗ-ын эрсдэлийн хүрээнд усны хомсдол, бохирдол, бэлчээрийн доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уурхайн хаягдал болон нөхөн сэргээлтийн асуудлыг авч үзэв. Нийгмийн эрсдэлд орон нутгийн иргэдийн бэлчээр, амьжиргаанд үзүүлэх нөлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, жендэрийн тэгш бус байдал, уул уурхайн өгөөжийн тэгш бус хуваарилалтыг багтаасан байна. Харин засаглалын хувьд хууль, зохицуулалтын зөрчил, хяналтын сул хэрэгжилт, үндэсний болон орон нутгийн байгууллагуудын уялдаа, ил тод байдал, төрийн өмчит компаниудын хариуцлага, иргэдийн оролцоо болон гомдол шийдвэрлэх механизмын дутагдлыг хөндлөө.
Эдгээр эрсдэлийг үнэлж, талууд баримтад суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд геологийн болон холбогдох мэдээллийг илүү хүртээмжтэй болгох, газарзүйн болон нийгмийн өгөгдлийн нээлттэй, найдвартай байдлыг хангах шаардлагатайг онцлов. Түүнчлэн стратегийн, хуримтлагдах нөлөөллийн болон бүс нутгийн болон орон нутгийн түвшний үнэлгээгээр төр, хөрөнгө оруулагч, иргэдийн ашиглах нэгдсэн мэдээллийн суурийг бүрдүүлэхийг зөвлөжээ. Өмнөх алдааг давтахгүй, хариуцлагатай уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд төр, компаниуд, орон нутгийн иргэд, иргэний нийгэм, судлаачид мэдээлэл солилцож, мэдлэг туршлага, нөөц боломжоо хамтран ажиллахын ач холбогдлыг тэмдэглэв. Үүний хүрээнд чухал ашигт малтмалын талаар төрөөс баримталж буй бодлого, байгаль орчин, нийгэм, засаглалын хувьд анхаарах асуудал цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чухал ашигт малтмалын төслүүд нь усны нөөц, биологийн олон янз байдал, уламжлалт аж ахуй, малчдын амьжиргаа, соёлын үнэт зүйлс болон орон нутгийн иргэдийн хүлээлттэй уялддаг. Иймээс салбарын хөгжлийн боломжийг үнэлэхдээ эдгээр асуудлыг хамтад нь авч үзэх нь форумын үндсэн сэдвүүдийн нэг байв.
Үдээс хойших хэлэлцүүлгээр БОНЗ-ын олон улсын зарчим, стандарт, тэдгээрийг Монголын уул уурхайн салбарт хэрэгжүүлэх боломжийг авч үзлээ. Олон Улсын Металл, Уул Уурхайн Зөвлөлийн (ICMM) уул уурхайн зарчмууд ба нэгдсэн стандарт, Хаягдлын менежментийн дэлхийн аж үйлдвэрийн стандарт, Хариуцлагатай уул уурхайн баталгаажуулалтын IRMA стандарт зэрэг олон улсад түгээмэл хэрэглэдэг стандарт болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) Зүүн Өмнө Азийн улсуудад хэрэгжүүлж буй Хариуцлагатай уул уурхайн зарчмууд, МУУҮА “Тогтвортой уул уурхайн төлөө” стандарт” зэрэг олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй голлох стандартуудыг танилцуулав. Мөн Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн (IUCN) төлөөлөл оролцож, Казахстаны Цахим Нийгэм Сангийн захирал Нургалт Рахманов чухал ашигт малтмалын ил тод, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд иргэний нийгмийн хяналт, мониторингийн үр нөлөөний талаар илтгэл хэлэлцүүлэв.
Олон улсын стандартыг Монголын уул уурхайн салбарт нутагшуулах, БОНЗ-ын шаардлагыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх асуудлаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн профессор Ч.Энхзаяа, TQCSI Mongolia компанийн Баталгаажуулалтын менежер Б.Хүслэн нар илтгэл танилцуулав. Үргэлжлүүлэн санхүү, уул уурхай, баталгаажуулалт болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл стандартын хэрэгжилтэд шаардлагатай арга хэмжээ, мэдлэг, мэдээлэл, чадавхын хэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.
Тус форумыг Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Сургууль болон Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд уг төслийн гол зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн голлох зарчим, стандартуудыг Монгол хэлнээ орчуулж, холбогдох талуудын мэдээлэл, чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.


