Эвслийн удирдлага хэвлэлийн бага хурал хийлгэв (2004.04.23)

A- A A+
Эвслийн удирдлага хэвлэлийн бага хурал хийлгэв (2004.04.23)

Эвслийн удирдлага хэвлэлийн бага хурал хийлгэв (2004.04.23)

УИХ-ын сонгуульд нэг эвсэл болон оролцож байгаа Ардчилсан нам, Эх орон –МАШСН, ИЗ-БНН-ын удирдлагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. “Эх орон –Ардчилал” эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан 76 нэр дэвшигчээ тодруулсан өдрөөс эхлэн эвслийн мөрийн хөтөлбөрөө зарлана гэж мэдэгдлээ. Одоогоор “Хүнд суртлыг хална, хүүхэд бүрийг тэтгэнэ”, “Өнөөдрийн дарамтыг хална, өрх бүрийг тэтгэнэ”, “Хязгааргүй дарамтыг зогсооё, хяналттай засаглал тогтооё” гэх зэрэг эвслийн сонгуулийн урианы хувилбарууд яригдаж буй бөгөөд эдгээрээс сонголт хийх ажээ.

Эх орон –Ардчилал эвсэл баян хоосон, хот хөдөөгийн ялгаа ихэссэн өнөө үед даяаршлын хөгжилд хөл нийлүүлэхийн тулд хүүхдээр дамжуулсан нийгмийн бодлогыг чухалчилж байна. Иймд нийгмийн баялгийг хүүхдээр дамжуулан дахин хуваарилах зорилго барина гэж эвсэлд нэгдсэн намуудын удирдлага үзэж байна.

Нэр дэвшигчийг тодруулах намуудын квотын тухайд квотын тоо чухал биш, гол нь сонгуульд ялах өндөр магадлалтай хүнийг зөвшилцөн нэр дэвшүүлэх явдал гэж тэд мэдэгдэв. Тухайлбал, ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун “Манай намын дийлэнх олонх  эвсэлд тууштай нэгдэж ирсэн. Бидний зорилт - эвсэн нэгдэх, квот бол хоёрдогч асуудал” гэсэн бол Эх орон – МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат “Төрийн түшээ болж, олон түмний итгэл найдварыг хүлээн эвслийн мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадах хүнийг зөвшилцлийн үндсэн дээр нэр дэвшүүлнэ, тэр намын төдөн хүн гэж ярих нь зохисгүй зүйл” хэмээн үзэж байна.