Төрийн бус байгууллага, хуульчдыг нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

A- A A+
Төрийн бус байгууллага, хуульчдыг нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Нээлттэй Нийгэм Форумаас төрийн хариуцлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн бус байгууллага, хуульчдыг нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллага, хуульчид дангаар болон хамтран оролцох боломжтой.

Нийтийн эрх ашгийн өмгөөллийн чиглэл

Тэтгэлэгт хөтөлбөрт энэ удаа төрийн хариуцлагатай байдал, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төсөв, нийтийн өмч хөрөнгө, тэдгээрийн ашиглалт зарцуулалтад гарч буй зөрчил, дутагдлыг арилгахад хувь нэмэр оруулах зорилготой нийтийн эрх ашгийн өмгөөллийг дэмжих болно.

Төрийн хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр

  • Захиргааны шийдвэр гаргахад судалгаа, шинжилгээнд суурилах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэд, олон нийтийн оролцоог хангахтай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 26,27, 61, 62, 74-76 дугаар зүйлийн хэрэгжилт,

Төсөв, нийтийн өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын чиглэлээр

  • Төрийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хариуцлага нэхэх,
  • Хөгжлийн бодлого, хөтөлбөр батлахад судалгааг шинжилгээнд суурилах, ил тод байдал, олон нийтийн оролцоог хангахтай холбоотой Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10 дахь заалт, 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг,  21, 22 дугаар зүйлийн хэрэгжилт,
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд тавих ил тод байдал, олон нийтийн оролцооны шаардлагын хэрэгжилт буюу Төсвийн  тухай хуулийн  292 2.6 дахь заалт, Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмын 2.2.8, 2.3.1.7 ба 5.2 зүйлийн хэрэгжилт,

Бүрдүүлэх материал

  • ННФ-ын маягтын дагуу боловсруулсан төслийн санал. (Үүнд өмгөөлөл хийхээр тодорхой хэргийг сонгосон үндэслэл, энэ нь дээр дурдсан нийтийн эрх ашгийн асуудалтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж буюу шүүхийн харьяалал, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байдал, өмгөөллийн үр дүнд бодлого, хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтэд гарах өөрчлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв зэргийг багтаана);
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (өмнө нь ННФ-д ирүүлж байсан бол шаардлагагүй);
  • Байгууллагын товч танилцуулга, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага (хэрэв боломжтой бол өмгөөлөгчийн мэргэшил, туршлагыг илэрхийлэх мэдээлэл);
  • Урьд нь гүйцэтгэж байсан  өмгөөлөл, мониторинг, судалгааны  болон бусад ажлын тайлан (хэрэв байгаа бол).

Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа: Өргөдлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны Баасан гарагийн 18.00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn цахим хуудаснаас татаж авна уу.

Мэдээлэл өгөх уулзалт: Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөх уулзалт 2025 оны 5 дугаар сарын 8-ны Пүрэв гарагт 15 цагаас ННФ байранд болно. Утсаар мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.

Хаяг:

Жамьян Гүний гудамж – 5/3, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар – 14240

Утас: 76113207 , Факс: 324857