Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: бодлогын хэлэлцүүлэгт урьж байна

A- A A+
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: бодлогын хэлэлцүүлэгт урьж байна

Судлаач С.Боргилын хийж гүйцэтгэсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: Эрсдэл ба шийдлийн хувилбар” сэдэвт бодлогын шинжилгээний тайланг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ. 2025 оны 5 сарын 15-ны өдөр ННФ-ын хурлын танхимд болсон тус арга хэмжээнд Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар зэрэг төрийн холбогдох байгууллага, иргэний нийгэм, уул уурхайн компаниудын төлөөлөл, судлаач, сэтгүүлчид оролцов.

Судлаачийн зүгээс 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгуулагдсан Хуримтлалын сан, Хөгжлийн сан зэрэг төрөлжсөн сангууд нь засаглал, удирдлагын тогтолцоо, хөрөнгийн удирдлагын мандат, ил тод байдал, тайлагналын хувьд энэ төрлийн санд тавигддаг олон улсын нийтлэг зарчим, шаардлагад бүрэн нийцэхгүй байгаа нь улс төрийн нөлөөлөл, зүй бус зарцуулалт, үр ашиггүй байдалд хүргэх эрсдэлтэйг онцлов. Иймд эдгээр сангийн удирдлагыг салбарын яамд бус бие даасан, хараат бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хөндлөнгийн аудитын хяналт бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх, хөрөнгийн удирдлагын мандат, шийдвэр гаргах үйл явц, ил тод байдлын шаардлагыг тодорхойлох зэрэг санал дэвшүүлэв. Тэрчлэн 2016 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх буюу Ирээдүйн өв сан корпорац байгуулж, олон улсын зах зээл дэх санхүүгийн хэрэгслээр дамжуулан сангийн хөрөнгийг өсгөн арвижуулах ажиллагааг нэн даруй эхлэх шаардлагатайг зөвлөв.

Харин хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан зэрэг ҮБС-ийн төрөлжсөн сангуудын тухайд, тэдгээрийн удирдлага, засаглалын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, ингэхдээ хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацыг сан тус бүрд байгуулах, дэлхийд тэргүүлэгч Норвегийн Тэтгэврийн сангийн менежментийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын мандат зэрэг нэн шаардлагатай баримт бичгүүдийг батлах, Ирээдүйн өв сангийн тухай хууль, түүний хөрөнгө оруулалтын бодлогод тусгагдсан нэр томьёоны албан ёсны орчуулга, тайлбар гаргах замаар олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллахад тулгарах бэрхшээлээс сэргийлэх, Засгийн газрын зүгээс International Forum of Sovereign Wealth Fund байгууллагад Үндэсний баялгийн сангийн мэдээллийг тухай бүр өгч хэвших зэрэг асуудлыг хөндөн ярилцав. Тэрчлэн баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэхэд, төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, төрөөс үйл ажиллагаанд нь оролцож төсвийн шинжтэй нийгмийн халамжийн болон бусад зарцуулалт хийхийг хязгаарлах, стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувь эзэмшлийг төрд шилжүүлэх ажиллагааг компанийн үнэ цэнэ, үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохион байгуулах, хамгийн гол нь ил тод байдлыг хангахын чухлыг онцолж байв. Нээлттэй нийгэм форумаас нийтийн төсөв, хөрөнгийн зүй зохистой ашиглалт, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн салбарын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээг дэмжин хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд хийгдсэн уг судалгааны тайлантай доорх холбоосоор танилцана уу. https://forum.mn/product/533607