Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшихгүй болжээ (2004.05.07)
"Эх орон-Ардчилал" эвслийн томоохон лидерүүдийн нэг, ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж “Өдрийн сонин”-д /¹110/ ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа, “ Надад олон газраас нэр дэвшээч, уулзалт хийн лекцээ уншаач гэсэн урилга ирсэн. Эхнээс нь явж үзэхэд үнэхээр хүмүүсийн дунд орж ажиллах нь маш чухал байгааг ойлголоо. Иймээс би нэг тойрог бөглөж сууснаас олон тойрогт очиж ажиллахыг чухалчилж байна. Энэ нь ч манай нам, эвсэлд хэрэгтэй” гэж ярьжээ.
Ц.Элбэгдорж “Эх орон – Ардчилал” эвслийг УИХ-ын сонгуульд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй “аль ч сонгуульд савж байдаг сонгогчид 30 орчим хувийг эзэлдэг. Тэдний саналыг манай эвслээс дэвшүүлж буй шинэ бодлого татаж чадна” гэж үзэж байна. Тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа аж. Энэ талаараа Ц.Элбэгдорж сурвалжлагчид хэлэхдээ “үнэнийг хэлэхэд орон нутагт байгаа хөгжлийн боломжуудыг нээхэд хүч оюунаа зориулах санаа надад аль дээр төрөөд байсан. Үүнийг л хэрэгжүүлэх гэж үзнэ” гэж ярьсан байна.
Зарим сонин хэвлэлд мэдээлж буйгаас үзэхэд /тухайлбал “Зууны мэдээ”. ¹105/ Ц.Элбэгдорж УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт нэр дэвших төлөвтэй байсан боловч эвслийн удирдлага уг тойргийг нь Эх орон – МАШСН-д хуваарилсан бололтой.