ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж оролцохоос татгалзав (2004.05.07)
УИХ-ын гишүүн, ИЗ-БНН-ын тэргүүн Санжаасүрэнгийн Оюун мэдэгдэл гаргажээ. Түүнд, УИХ-ын гишүүн, ИЗ-БНН-ын Тэргүүн миний бие энэ удаагийн УИХ-ын сонгуульд «Эх орон-Ардчилал» эвслээс нэр дэвшин оролцохгүй байх нь зүйтэй гэж үзэхэд хүрсэн учраас доорхи мэдэгдлийг хийж байна.
Дөрөвдүгээр сард болсон манай намын Үндэсний хорооны /ҮХ/ хурал дээр ИЗ-БНН «Эх орон-Ардчилал» эвсэлд багган УИХ-ын сонгуульд оролцох тохиолдолд намдаа таван нэр дэвшигчийн эрх авч чадна гэж би нөхдөдөө амласан билээ. Ингэж батлан хэлэх үндэслэл тэр үед надад бүрэн байсан. Учир нь Эвсэлд намаа нэгттэх гэрээнд гарын үсэг зурахдаа М.Энхсайхан, Б.Эрдэнэбат бид гурав ИЗ-БНН таваас доошгүй нэр дэвшигчийн эрх авна гэж ярилцан тохиролцож, түүнийгээ гарын үсэг зуран баталгаажуулсныг олон нийт сайн санаж байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Эвслийн намуудын дарга нар маань ИЗ-БНН-д гурваас илүү хүн нэр дэвшүүлэх эрх олгохгүйн тулд улайран зүтгэх боллоо. Үүний төлөө тэд юу ч хийхээс буцахгүйд хүрч эцэстээ Эвслийг задлахад ч хүргэж мэдэхээр байна. Иймд нэгэнт өгсөн амлалтаа биелүүлж чадахгүйд хүрсэн учраас Эвслээс сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхээсээ сайн дураар татгалзаж ёс суртахууны хувьд хариуцлага хүлээн намын нөхдөөсөө би уучлал хүсч байна.
Энэ дашрамд Дорнод аймаг дахь УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойргийн сонгогч олноос мөн л намайг уучлан ойлгохыг хүсэхийн хамт та бүхний итгэлийг даах бүрэн чадвартай намын нөхрөө тус тойрогт дэвшүүлэн өрсөлдүүлэхээр шийдсэнээ мэдэгдэж байна. Та бүгдээс намын маань нөхрийг дэмжээрэй гэж хүсч байна.
Анх 1998 оны эцсээр улс төрд орох шийдвэр гаргахдаа бохир буртаг ихтэй, үйл ажиллагаа явуулахад амаргүй нөхцөлтэй хүрээнд хөл тавьж буйгаа би бүрэн мэдэж байсан билээ. Гэхдээ «Эх орон-Ардчилал» эвсэлд нэгдсэнээс хойших Эх орон-МАШСН болон АН-ын дарга нартай хамтран ажиллахыг хичээсэн цөөхөн хэдэн сарын хугацаанд Монголын улс төр эрүүл саруул сэтгэлгээтэй хүн тэвчихийн аргагүй дэндүү бохирдсон гэдэг итгэл үнэмшил маань улам лавшран батжихад хүрлээ.
Хэдий тийм ч би хийсэн сонголтоосоо няцаагүй бөгөөд цаашид ч улс төрийн үйл ажиллагаагаа намын нөхдийнхөө хамт тууштай эрчимтэй үргэлжлүүлэх болно. УИХ-ын сонгуульд Эвслээс нэр дэвшихгүй гэдэг маань улс төрөөс гарлаа гэсэн үг огтхон ч биш билээ. Би олон түмний зүгээс, намын нөхдөөс надад өгсөн итгэлийг бүрэн ухамсарлан ойлгож байна.
«Эх орон-Ардчилал» эвсэл байгуулагдсанаас хойш жил хэртэй хугацаанд миний зүгээс, манай намын олонхийн зүгээс М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нартай харьцаж ирсэн түүх бол намын даргын сонгуультай хоёр хүний эвслийг парламентад суудалтай гурван намын Монголд ардчиллыг баталгаажуулахын төлөөх Эвсэл болгон хувиргахыг байгаа бүх боломжоо ашиглан хичээж ирсэн түүх байсан юм.
Би зөвхөн өөрт хамаарах шийдвэрээ үүгээр олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд ИЗ-БНН нэгэнт олонхоор гаргасан шийдвэрээсээ няцалгүй «Эх орон-Ардчилал» Эвслийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж УИХ-ын сонгуульд оролцох болно гэжээ.