Ардчилсан Нам эсэргүүцэл илэрхийлэв (2004.04.29)

A- A A+
Ардчилсан Нам эсэргүүцэл илэрхийлэв (2004.04.29)

Ардчилсан Нам эсэргүүцэл илэрхийлэв (2004.04.29)

Сонгуулийн тойргийн хороодод намуудын төлөөлөл тэнцвэртэй биш байгаа нь сонгуулийг шударга бус явуулах гарааны нөхцөл бүрдүүллээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл сонгуулийг шударга болно гэдэгт эргэлзэж байна гэж Монголын нөлөө бүхий сөрөг хүчин болох Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүх өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо парламентын сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулснаа зарласантай холбогдуулан энэхүү хэвлэлийн  бага хурлыг Ардчилсан нам хийлгэжээ.

2004 оны парламентын сонгуулийн 76 тойргийн хорооны 679 гишүүний 255 нь МАХН, 141 нь Ардчилсан Нам, 63 нь Эх орон-МАШСН, 30 нь Иргэний зориг – Бүгд Найрамдах Намыг, 10 нь сонгуульд оролцох бусад намыг төлөөлж байна. Харин нам бусчуудын төлөөлөл 180 хүн байгаа ажээ. Сонгуулийн тойргийн хорооны удирдлагыг харахад 76 тойргийн хорооны даргын 68 нь МАХН-ын гишүүн, гурав нь Ардчилсан Намын гишүүн, тав нь нам бусчуул бөгөөд тойргийн хорооны нарийн бичгийн дарга нарын 45 нь МАХН-ыг, 15 нь Ардчилсан намыг, хоёр нь Эх орон – МАШСН-ыг, 14 нь нам бусчуулыг  төлөөлж байгаа ажээ.

Ардчилсан нам тойрог, хэсгийн хороонд ажиллах гишүүдийнхээ нэрсийг Сонгуулийн Ерөнхий хороонд санал болгосон авч үүнийг нь үл ойшоон санал болгосон хүмүүсийг нь тойргийн хорооны гишүүнд оруулахгүй байх, хасах, МАХН-ын гишүүдийг олноор томилох, тойргийн хороодын дарга, нарийн бичгийн даргаар МАХН-ын гишүүнийг давхардуулан томилох зэрэг зөрчлийг СЕХ гаргалаа. Тэрчлэн нам бусчуудын төлөөллийн ихэнх нь МАХН-д талтай, цөөнгүй нь МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүс байна гэж Ардчилсан Нам үзэж байна.

Эдгээр зөрчлийг СЕХ-нд баримтаар хүргүүлсэн бөгөөд сонгуулийн хэсгийн хороог Сонгуулийн хуульд заасны дагуу тавдугаар сарын долоон гэхэд байгуулж дуусгах тул тэдгээрийг томилохдоо дээрх алдааг давтахгүй байхыг СЕХ-ноос шаардаж байна. Хэрвээ тус намаас тавьсан шаардлагыг биелүүлэх бол дараа дараагийн арга хэмжээг авах болно хэмээн Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүх мэдэгдсэн байна.