Мэдээ, мэдээлэл

A- A A+
Мэдээ, мэдээлэл

Бас нэг сайдын асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо (2007.01.09)

УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг огцруулсан. Үүнээс хоёр долоо хоног орчмын өмнө УИХ-д суудалтай Иргэний Зориг намын хоёр гишүүний өргөн мэдүүлсний дагуу Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Цэнгэлийг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцээд хэвээр үлдээсэн юм. Тэгвэл энэ удаа Засгийн газрын бас нэг сайдын асуудлыг УИХ авч хэлэлцэх нь тодорхой болжээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүн З.Энхболд, А.Мурат нар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийг  огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлсэн байна. Сайд Л.Одончимэдийг  төсвийн 4.6 тэрбум төгрөгийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буруу зарцуулж улсын 2006 оны төсвийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна. Тэрчлэн Иргэний Зориг намаас  Ерөнхий сайд М.Энхболдод шаардлага хүргүүлж Монгол Улсын төсвийн тухай хуулийг бүдүүлгээр зөрчиж хүүхдэд өгөхөөр УИХ-аас хуульчилсан хөрөнгөөс 4.4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл нь салбар хариуцсан сайд Л.Одончимэдийг огцруулах хангалттай үндэслэл хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. 

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг өргөн барьсан өдрөөс хойш ажлын долоо хоногт багтааж УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ажлын 14 хоногт хэлэлцэхээр дэгийн тухай хуульд заасан байна. Энэ дагуу УИХ дахь намын бүлэг зөвлөл болон салбар хариуцсан буюу Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ долоо хоногт багтаан хэлэлцээд чуулганд оруулна. Дашрамд дурдахад Сайд  Л.Одончимэд М.Энхболдын Засгийн газрыг байгуулахад УИХ-аас 100 хувийн дэмжлэг хүлээж томилогдсон байсан юм.

Хэн юу хэлэв: Сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилахын эсрэг байгаа гишүүдийн байр суурь (2006.11.23)

УИХ-ын  гишүүн болгон тойрогтоо 250 сая төгрөг хуваарилуулахаар төсөвт тусгах асуудал 2007 оны төсвийн хоёрдахь хэлэлцүүлгийн үеэр гарсан. Энэ асуудлаар эсрэг байр суурь баримталж буй цөөн гишүүдийн яриаг “Өдрийн сонин”-д нийтлэгдснээр толилуулж байна.  

Л.Гүндалай:  250 сая төгрөг бол гишүүдэд өгч байгаа хахууль

-Гишүүд тойрог тойрогтоо 250 сая төгрөг батлуулах тухай ид яригдаж байна. Энэ асуудлаар таны байр суурийг сонсъё?
-250 сая төгрөгийг УИХ-ын гишүүн бүрийн тойрогт, тэдний үзэмжээр зарцуулахаар өгч байгааг Их хурлын гишүүний хувьд, Ард түмний намын даргын хувьд эсэргүүцэж байгаа. УИХ-ын гишүүн төсөв хуваарилдаг, зарцуулдаг хүн биш ээ. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг буцааж татуулахын тулд 250 сая төгрөг амласан. Тэгээд гишүүд яриад 250 сая төгрөгийг тойрогтоо өөрсдийн эрх ашгийн үүднээс, өөрсдийн үзэмжээр зарцуулах болохоор зөвшөөрч, бүгд зарчмын зөрүүтэй саналаа татаж авах тохиролцоо хийсэн. Энэ тохиролцоог УИХ-д байгаа бүх намуудын хэмжээнд хийсэн. Үүнд манай нам оролцоогүй, дэмжихгүй гэдгээ хэлсэн. МАХН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Иргэний зориг, Эх орон гээд бүх намууд оролцсон байгаа. 250 сая төгрөгөө бүгдээрээ батлаад тойрогтоо дураараа зарцуулах юм байна л даа. Энэ бол УИХ-ын гишүүдэд өгч байгаа хахууль гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд 250 сая төгрөгийн тодорхой хэмжээг дундаас нь бултуулж авах боломж нөхцөлийг гаргаж өгч байна. Үүнд нь гишүүд сэтгэл ханаад зарчмын зөрүүтэй саналаа татаж авч, ногоон гэрлээр төсөв батлах тохиролцоо хийсэн байгаа юм. Энэ бол зөвшилцөл биш хуйвалдаан. Үүнийг эсэргүүцэж байгаа. Ардчилал, ид тод байдал ярьдаг, хээл хахууль авлигаас ангид байя гэдэг хүмүүс маань үнэн хэрэг дээрээ жинхэнэ түүнийг хийдэг, дэмждэгээ харуулж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр­: Энэ жил 250, ирэх жил 500 сая, дараа нь тэрбумаар нь авдаг болох нь

.
-Гишүүд тойрог бүртээ 250 сая төгрөг хуваарилахаар Төсвийн байнгын хорооны хурлаар ярилцжээ. Харин та үүний эсрэг байр суурьтай байгаа юм байна…

-19.6 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. Энэ мөнгө бол орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр УИХ-ын гишүүдийн тойрогт оруулах хөрөнгө оруулалтын арга хэмжээ гэсэн байдлаар төсөвт тусгагдаж байгаа. Орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр гээд нэр нь их сайхан л даа. Зүйтэй, хөгжлийг дэмжих хэрэгтэй гэтэл УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулах мөнгө гэж тусгаж байгаа. Энэ бол их олон хуулийг зөрчиж байгаа маш буруу алхам.  Хамгийн түрүүнд ардчилсан ёс журамд үнэхээр их харшилж байгаа хэрэг. Ардчилсан, эрх тэгш сонгуулийн эсрэг, ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулж байгаа юм. Яагаад гэхээр яг одоо байгаа УИХ-ын гишүүд давуу эрх эдлэх болчихоод байна. Хэдэн жилийн өмнө гишүүд жилд 10 сая төгрөг авдаг байсан. Өнгөрсөн жил 100 сая төгрөг авдаг болсон. Энэ жил 250 сая, ирэх жил 500 сая төгрөг авдаг болох нь. Ингээд нэг гишүүн УИХ-ын гишүүн байх хугацаандаа нэг тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийнхөө нэрээр сонгогдсон тойрогтоо хийнэ гэдэг бол сонгуульд өрсөлдөх бусад нэр дэвшигч, өрсөлдөгчдөөс тэр хэмжээгээр давуу эрхтэй болж байгаа юм. Эрх тэгш, шударга, ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг зөрчиж байгаа.

Хоёрдугаарт, төсөвийн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Төсөв баталдаг хүмүүс маань өөрсдөдөө зориулсан хуулийг баталж байна гэдэг бол УИХ-ын гишүүний ёс зүйд зохихгүй асуудал. 2000-2004 оны хооронд гишүүд жил бүр 10 сая төгрөг тойрогтоо зарцуулахаар авдаг байсан. Үүнийг Ардчилсан намын гишүүд бид эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр үүнийхээ эсрэг болчихоод, өөрсдөө авах болохоор дэмжээд сууж байна.

УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин:  Энэ бол манай сон­гуулийн тогтолцооны гажгийг харуулж байна

Хууль тогтоох засаглалын хүмүүс буюу УИХ-ын гишүүд захиран зар­цуулах үйл ажил­ла­гаа руу оролцож эхэлж байна. Энэ нь цаашдаа их хортой юм. Нэг талаас энэ нь гишүүд Засгийн газраас ха­раат байдалтай болж байгаа юм. Зас­гийн газар нь өөрийнхөө үүр­гийн Их хурлын гишүүдтэй хуваалцаж, засаглалын зааг ялгааг арилгаж байгаа нь тусгуй. Энэ бол манай сон­гуулийн тогтолцооны гажгийг харуулж байна. Ер нь можа­ритар тогтолцоо бол хүмүү­сийг ийм юм руу түлхэж байна. Тийм ч учраас сонгуулийн системийг өөрчилж пропор­циональ юмуу холимог тогтол­цоо руу шилжье гэдэг сана­лыг бид нар тавиад байгаа. Тойрог томсгосон гээд л байна, ялгаагүй можаритар тогтолцоо хэвээрээ байж байна. Цаашид иймэрхүү байдлаар үргэлжлэх юм бол төсөв замбараагүй болж эхэл­нэ гэж бодож байна.

0НРТ-ийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

ОНРТ-ийн ажилчдын түр хорооноос Үндэсний зөвлөл хуулийн дагуу ажиллахгүй байна гэсэн гомдлыг УИХ-д 2006 оны хоёр, дөрөвдүгээр сард хүргүүлсний дагуу УИХ-ын ажлын хэсэг шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын  байнгын хорооноос томилсон ажлын хэсэг ОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилт, Үндэсний зөвлөл, Ерөнхий захирлын зүгээс тус хуулиар зайлшгүй хийх ёстой ажлуудыг хэрхэн зохион байгуулсныг заалт бүрээр гаргахын зэрэгцээ Үндэсний зөвлөлийн дарга, гишүүд, радио, телевизийн удирдлага, ажиллагсадтай уулзаж санаа бодлыг нь сонсох, холбогдох баримт бичиг, материалтай танилцсан ажээ. Түүнчлэн ОНРТ-ийн санхүүжилтийн байдлыг Үндэсний аудитын газрын, ОНРТ-ийн дүрмийг бүртгүүлэх үед гарсан маргаантай асуудлыг ХЗДХЯ-ны мэргэжилтэн тус тус танилцаж зохих дүгнэлт гаргасан байна.

Уг ажлын хэгсгийн дүгнэлтэд дурдснаар бол ОНРТ-ийн тухай хуулийн дагуу хийж гүйцэтгэвэл зохих ажлыг тоон үзуүлэлтээр авч үзвэл зайлшгүй хийгдэх 29 асуудлаас 14 буюу 48 хувь нь хэрэгжиж, 10 буюу 34 хувь нь хэрэгжих шатандаа, тав буюу 17 хувь нь хэрэгжээгүй байна. ОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох асуудлыг шиидвэрлэхдээ Үндэсний зөвлөлийн гишүүдийн хуульд заасан ирцийг хангаагүй атлаа шийдвэр гаргасан нь хуулийг хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн байх бөгөөд Ерөнхий захирал нь дэд захирал болон нэгжийн дарга нарыг сонгов шалгаруулалт хийлгүйгээр Үндэсний зөвлөлд танилцуулан зөвшөөрүүлж томилсон нь асуудлыг улам даамжирахад нөлөөлсөн хэмээн үзжээ.
Түүнчлэн ОНРТ-ийн Үндэсний зөвлөл, захиргааны удирдлагаас хуулийн хүрээнд багагүй ажил хийсэн хэдий ч удирдлагын маргаан, зөрчил, элдэв шалтгааны улмаас асуудлыг шийдвэрлэх хугацаа алдсаны улмаас хуулийн хэрэгжилт удаашралтай байна. Хуулийг хэрэгжүүлэх талаар Үндэсний зөвлөл, Ерөнхий захирлын зүгээс тодорхой ажлуудыг хийхдээ нэгдсэн бодлого, хэтийн төлөв, чиглэлээ оновчтой зөв тодорхойлж, үүндээ тулгуурлан хамт олонтойгоо ойлголцож, тэдний санал бодлыг тодорхой хэмжээгээр сонсч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж чадаагүй байна.  ОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Ерөнхий захирлын зүгээс нэгдсэн бодлоготойгоор радио,"телевизийн нэвтрүүлгийг олон улсын жишигт аль болох түргэн ойртуулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэхийн тулд ОНРТ-ийн боловсон хүчний нэгэнт бий болсон хүн хүч, нөөц боломжийг оновчтой ашиглах, зөв хуваарилах, байршуулах, тэднийг давтан сургах, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, эдгээр шаардлагад нийцүүлэн одоогиин орон тоо, бүтцийг оновчтой тогтоох нь чухал гэж үзэж байна гэжээ.

Цаашид анхаарах асуудлуудад дараахь зүйлийг дурджээ.
ОНРТ-ийн хамт олны зүгээс захиргааны албан хаагчид илүүтэй нэмэгдсэн гэж үзэж байгааг харгалзан байгууллагынхаа удирдлага, зохион байгуулалтын бүтцээ дахин авч үзэх шаардлагатай. ОНРТ-ийн санхүү, төсөв, эд хөрөнгө, техник тоног төхөөрөмжийг сайжруулах, үйл ажиллагааны зардлын зонхилох хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаад дүгнэлт хийж үе шаттайгаар багасгах замаар "санхүүгийн хараат" байдлыг багасгаж, санхүүгийн албадаа одоогиин байгаа орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр оновчтой өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй.

ОНРТ-ийн санхүүгийн албыг бэхжүүлж, орлого бүрдүүлэлтэд анхаарахын зэрэгцээ түүний зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, өмч холилдсон байдлыг зааглахын зэрэгцээ ОНРТ-ийн 2007 оны төсвийн төслийг боловсруулахдаа улсаас "төсөв авах" гэдэг утгаар биш, улсын төсвийн дэмжлэг авах гэсэн хуульд заасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг зөвлөж байна.
ОНРТ-ийн Ерөнхий захирал боловсон хүчнийг зөв шилж сонгох, хуваарилах талаар хуульд заасан үүргээ биелүүлэн сонгон шалгаруулалтыг урьдаас бэлтгэлтэй нягт нямбай хийж, хамт олныг нэгдмэл баг болгох, ажиллагсдын урам зоригтой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Үндэсний зөвлөл, Ерөнхий захирал хууль хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, ОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж УИХ-д мэдээлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хүүхэд бүрт  олгодог гурван мянган төгрөг нэмэгдэнэ (2006.11.15)

Ерөнхий сайд М.Энх¬болдын УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдснээр бол Засгийн газ¬ар 2007 оны эхнээс Монгол Улсын нэг сая 147 мянган хүүхдэд сар бүр гурван мянган төгрөг олгож, дээрээс нь  Монгол Улсыг хөгжүүлэх сангаас жил бүр 100 мянган төгрөг олгох саналыг гаргаж байгаа аж. Энэ 100 мянган төгрөгөө хоёр хувааж жилийн эхний болон сүүлийн хагаст олгох бодолтой байна гэж тэрбээр хэлжээ. Оны эхэнд өгөх мөнгө нь одоо бэлэн байгаа аж. Мөн шинээр мэндэлсэн  хүүхдийн 100 мянган төгрөгийг ч олгох бөгөөд  шинээр мэндэлсэн хүүхэд жилд 200 мянган төгрөг авах аж. Мөнгийг яаж олгох тухайд нарийн журам гаргана гэж Ерөнхий сайд хэлжээ.

Энэ асуудалтай холбогдуулан МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөл өчигдөр тус тусдаа хэвлэлийн бага хурал хийлгэжээ. МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэний хэлснээр тус намын бүлэг хүүхдийн мөнгийг одоо олгож байгаа 3000 мянгыг хэвээр нь, мөн жилдээ нэг удаа 100 мянган төгрөг өгвөл жинхэнэ хөрөнгө оруулалт болно гэж үзэж ийм шийдвэр гаргахаар болжээ. Харин тус намын бүлгийн гишүүн Ц.Дамирангийн хэлснээс үзвэл УИХ-д суудалтай  намууд хүүхдийн 10 мянга гэдэг үгийг булаа¬лдаад байх шиг санагдсан тул ийм шийдвэр гаргасан бололтой. Тэрбээр 10 мянга гэдгээр нь баталбал дараагийн сонгуульд санал авах гэсэн арга болно хэмээн үзэж байна. Харин тус бүлгийн гишүүн Т.Очирхүү хэлэхдээ хүүх¬дийн мөнгө аль нэг намын биш, төрийн шийдвэрээр ол¬гог¬дох тул үүнийг хэн нэгэн нь булаацалдах шаардлагагүй гэжээ. 

Хүүхдийн мөнгөний асуудлаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  үзэхдээ , ямар хэлбэрээр өгөх нь гол биш, хүүхэд бүрт мөнгө очиж байгаа нь чухал гэж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ингэж мэдэгджээ. Энэ бол хамтын бүтээл. Бид намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас байнга доогуур тавьж ирсэн. Хүүхэд бүрт мөнгө очиж байгаа нь чухал гэж Ардчилсан намын УИХ дахь зөвлөлийн дарга  Л.Гансүх хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, өнөөдөр онцгой баярт үйл явдал болж байна. Бидний 2004 оны сонгуулийн амлалт биелэж байгаад баяртай байна гэжээ. Тус зөвлөлийн гишүүн С.Ламбаа хэлэхдээ,  бүх хүүхдэд 10 мянган төгрөг олгох саналыг  Ардчилсан нам, сар бүр гурван мянган төгрөг, дээр нь жилд нэг удаа хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөх саналыг МАХН гаргалаа. Эндээс юу мэдэгдэж байна гэвэл хүүхдэд өгөх 10 мянган төгрөг манай төрд байгаа гэдэг нь батлагдаж байна гэжээ.

Хэрэв энэ санал УИХ-аар батлагдвал нэг хүүхэд жилд 136 мянган төгрөг буюу нэг сард 11333 төгрөг авах  аж. Одоогоор МАХН-ын бүлэг энэ саналаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэлгүй шууд чуулганд оруулсан нь УИХ-ын дэгийг зөрчсөн гэсэн шүүмжлэлтэй тулгарчээ.  Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай, М.Энхсайхан нар хүүхдийн мөнгийг 10 биш, 20 мянга болгох санал гаргасан байна.

Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй (2006.10.27)

М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг  УИХ хоёр өдөр хэлэлцэж, өчигдөр үдээс хойш эцсийн шийдвэрээ гаргалаа. Санал хураалтад УИХ-ын 68 гишүүн оролцож, 46 нь огцруулах шаардлагагүй  гэж үзснээр Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ үлджээ.  УИХ дахь  Ардчилсан намын 20 гишүүн болон Иргэний Зориг намын дарга С.Оюун нар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн энэ талд  Эх орон намын дарга, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат санал өгчээ, гэхдээ тэрбээр кнопоо андуурч дарсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна. Хуралд УИХ дахь МАХН-ын бүлэг ирцээ сайн бүрдүүлж оролцсон бөгөөд тус намын шинэ гишүүн Ц.Батаа болон Шадар сайд асан Ч.Улаан нараас бусад нь оролцсон хэмээн “ЗМ” сонинд бичжээ.

Засгийн газрын асуудлыг шийдсэний дараа УИХ-ын Ц.Нямдорж УИХ-ын  гишүүдэд хандан үг хэлсэн байна. 

М.Энхболдын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн үг

Энэ Их Хурал хоёр дахь удаагаа Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргаж байна. Хэдийгээр Засгийн газрыг огцруулахгүй гэсэн шийдвэр гарч байгаа боловч Ерөнхий сайд, танхимын гишүүд дор бүртээ нэгийг ухаарсан байх гэдэгт найдаж байна.

УИХ-д суудалтай Ардчилсан нам түүхэндээ хоёрдахь удаагаа Засгийн газрыг солих санал гаргаж байгаа бөгөөд энэ удаа сөрөг хүчний хувиар асуудал тавилаа.
Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч, хууль, ёс суртахуун, хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд түүнийг огцруулах санал гаргах нь сөрөг хүчинд хуулиар олгогдсон эрх, бас ардчиллын наад захын хэм хэмжээ. МАХН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байхдаа чухам ингэж л ажиллаж байсан.
Гэтэл УИХ дахь МАХН-ын бүлгийн зарим гишүүд, тэр бүү хэл Засгийн газрын гишүүд үүнийг мартсан бололтой асуудал тавьсан Ардчилсан намын харъяалалтай гишүүдийг атаархал, хорсолд хөтлөгдлөө хэмээсэн хөнгөн дүгнэлт хийж байгаа нь цаашдын ажил хэрэгт тус болохгүй гэдгийг сануулъя.

Сөрөг хүчний тавьж байгаа саналд төр, түмний ажил хэрэгт тустай ажил хэрэгч шүүмжлэл байвал түүнийг эрх баригч хүчин, Засгийн газар туйлын анхааралтай судалж засч залруулах үүрэгтэй. Ингэж ажиллаж чадвал төр нь ч, Засгийн газар нь ч алдаанаас ангид байж тэр хэмжээгээр шүүмжлэл, дургүйцлээс хол байж чадна.
Харамсалтай нь Засгийн газрын зүгээс ийм уур амьсгал төдийлөн ажиглагдсангүй. Тэр ч бүү хэл эрх баригч хүчний дэмжлэгт дулдуйдсан зарим сайд нар УИХ-ын гишүүд рүү дайрч давшилж, ичгүүр сонжуургүй авирлаж байгааг яагаад ч зөвтгөж болохгүй.

Яаж ч нуухын аргагүй алдаа дутагдлыг өөрсдөө хамгаалж, хаацайлж болдог юмаа гэхэд ард түмэн үүнийг огт өршөөхгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Ингэж цааргалах тусам унах газар хол, бас хатуу байдаг гэдгийг хэлье. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “Сэргээн босголт” банкны асуудлаар хэт хуудуутай шийдвэр гаргасан. Сөрөг хүчний зүгээс алдаагаа засаач, тэгэхгүй бол Засгийн газар чинь тэсэхгүй нь гэдгийг хүний ёсоор сануулсаар байтал тэр үеийн эрх баригчид зөрүүдэлж байгаад Засгийн газар огцроход хүргэсэн, бас 2000 оны сонгуулиар ганц суудалтай болтлоо унасан гашуун түүхийг сануулахад илүүдэхгүй.

М.Энхболдын толгойлсон Засгийн газар үйл ажиллагаа явуулах хугацаандаа 2006 оны төсөвт тодотгол хийх, нийгмийн хамгааллын арга хэмжээг бэхжүүлэх талаар цөөнгүй санал санаачилга гаргаж УИХ-аас дэмжлэг авч түүнийгээ хэрэгжүүлж байна. Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал ч муугүй байгаа нь цаг агаарын тааламжтай нөхцөл, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаатай холбоотой. Энэ тааламжтай нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ашиглаж чадсан уу гэвэл үгүй. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын биелэлт хангалтгүй байгааг саяхан бид хэлэлцсэн. Он дуусахад хоёрхон сарын хугацаа үлдэж, хүйтний улирал эхэлж ихэнх ажил зогсох болсон цагт биелэлт 52 хувьтай байхад, өмнөх Засгийн газрын мөн үетэй харьцуулахад гайгүй байгаа хэмээн өөрсдийгөө зөвтгөж байгаа нь яавч ухаалаг байгаагийн шинж биш. Өгсөн үүргийг 100 хувь биелүүл, хууль хэрэгжүүл гэж л УИХ Засгийн газрыг байгуулдаг. Засгийн газар энэ л үүргийг биелүүлэх учиртай бөгөөд чадаагүй бол өөрийгөө зөвтгөөд байх нь утгагүй хэрэг.

Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд танхимын зарчим алдагдах гээд байгаа нь нууц биш зүйл. Засгийн газар олонхиороо шийдвэрлэсэн асуудлын талаар танхимын гишүүн өөр байр суурийг хаана ч илэрхийлэх эрхгүй байхаар хуульчилсан. Гэтэл мал аж ахуйн зарим бүтээгдэхүүний экспортын татварын талаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед сайд Л.Гүндалай өөр байр суурь илэрхийлж Засгийн газраа үгүйсгээд явж байсан нь 14 хоногийн өмнө болсон явдал. Ийм жишээ олныг дурдаж болно. Байдал ийм байхад танхимын зарчим огт алдагдахгүй байгаа хэмээн мэлзэх нь үнэнд нийцэхгүй. Зарчмын асуудлаар байр суурь нэгдэхгүй байвал өргөдлөө өгөөд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гардаг соёлт ёс байдгийг ийм үйлдэл хийдэг хүмүүст сануулах нь зүйд нийцнэ.

Бас Засгийн газрын зарим гишүүн олгогдсон эрх мэдлийг хувийн эрх ашиг, сувдаг шунахай зорилгод ашиглах увайгүй оролдлого хийж байгаа тухай нэг бус баримт сонсогдох боллоо. Ийм байдал хэрхэвч гаргаж таарахгүй бөгөөд гаргасан бол өршөөж, хамгаалж таарахгүй.Засгийн газар түүний гишүүд дүгнэлт хийхгүй бол УИХ хүссэн ч эс хүссэн ч энэ замбаараагүй байдлыг таслан зогсоох болно гэдгийг хариуцлагатай хэлье.

Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гурван сайд, бас эрх мэдэл өгвөл бүхнийг сайхан болгоно гэж олон жил ард түмэнд “хайр”-аа зарласан хүмүүс орсон нь түүхэн үнэн. Харамсалтай нь Засгийн газар байгуулагдаад бүтэн есөн сарын хугацаа өнгөрч байхад эдгээр хүмүүсээс бие даан хөөцөлдөөд УИХ-д оруулж ирсэн ажил хэрэгч, дорвитой санал санаачилга нэг ч үгүй байна. Харин ч асуудал эсрэгээр эргэж, сайдын суудалд зөв сууж төрийн ажлаа хийхийн оронд удирдаж байгаа хамт олонтойгоо байнга тэрсэлдэн зөрчилдөж тэднийг хэлэх хэлэхгүй үгээр дайран доромжилж түүнийгээ зөвтгөсөн ярилцлагыг телевиз, сонинд өгөхөд хамаг цагаа нөхцөөж нөгөө л сайхан үгээр ард олныг хууран мэхэлж тархийг нь угаадаг бусармаг аргаасаа салж чадахгүй байгааг юугаар ч зөвтгөж болохгүй. Засгийн газрын гишүүн хүн гудамжны тэмцэл өрнүүлж гадаадын хөрөнгө оруулагчийн өмчид хууль бусаар халдаж бас зарим нь тэдгээрийг “яв зайл “ хэмээн хөөж тууж Монгол төрийн гадаад нэр хүндэд хохирол учруулж байгаа адал балмад явдал манайхаас өөр улсад гарч байна уу гэдэгт дор бүртээ дүгнэлт хийгээрэй.

Эцсийн дүндээ УИХ түүний гишүүд Засгийн газрын өмнө биш, ард түмэн, улс орны өмнө үүрэг хүлээсэн гэдгийг сануулъя. Харамсалтай нь зарим гишүүд энэ үндсэн үүргээ мартсан байж болзошгүй байна.
Цаг, нүдээ олоогүй өмгөөлөл, муу хамгаалалт, зусардалт хамгаалуулагчаа нураан устгах хамгийн шилдэг арга байдаг гэдгийг дор бүртээ бодоорой.
Сүүлийн үед Монгол төрийн нэр хүнд сайнгүй байгаа, хуйвалдаан, ил далд мөнгө, явцуу бүлэглэлийн сонирхол төрийн ажлын хөшүүрэг болсон тухай хэн хүнгүй ярих боллоо. Нөхцөл байдлыг ийнхүү дүгнэх болсон нь энэ Их Хурлын бүрэлдэхүүнд байгаа бүх намын үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэвэл илүү үнэнд нийцнэ.

2004 оны сонгуулийн дараа Ардчилсан намын нөхөд сонгууль удирдсан М.Энхсайхан, Л.Гүндалай нарыгаа Засгийн газрын бүрэлдэхүүний гадна үлдээж АНУ-д дөрвөн жил тансагласан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Yүнийг хуйвалдаан биш гэж үзэх үү! Гэтэл ийм хуйвалдаан хийж байсан хүмүүс өнөөдөр бусдын хуйвалдааныг илрүүлж шударга дүр эсгэж байгаа нь хэр зохистой вэ.
Ц.Элбэгдоржийн энэхүү хуйвалдааны “золиос” болсон М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат нар хорсолдоо хөтлөгдөж “Эх орон-Ардчилал “ эвслийг тарааж, улмаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож өөрсдөө М.Энхболдын Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нь хэн ч маргашгүй бас нэг үнэн. Энэ хуйвалдаан биш байсан гэж үү. Ц.Элбэгдорж намын даргын суудлыг салгаж авахын тулд М.Энхсайханд 100 доллар, хадагтай бэлэглэсэн тухай өчигдөр Их Хурлын гишүүний суудал дээрээс мэдэгдэл хийлээ. Бас Л.Гүндалай Ардчилсан намд сайдын суудал өгөөгүйд нь гомдож явдагаа илчиллээ. Улс төрчид яаж хуйвалдаж, ямар өчүүхэн эрх ашигт хөтлөгдөж чаддагаа олон нийтэд ил болголоо.
Хамгийн харамсалтай нь Монголын төрийн нэг гол багана болсон Ардчилсан нам доторх энэ хөдөлгөөн, хорсол, өшөө авалт Монгол төрийн хямрал болж байсан, одоо ч болж байгаад л асуудлын гол хор холбогдол оршиж байгаа юм.
Аливаа намын доторхи эрх ашгийн явцуу бүлэглэлийн тэмцэл, хөдөлгөөн эхлээд тухайн намыг сульдуулж, улмаар төрийн хямралын шалтгаан болж төр, ард түмний эрх ашигт нөхөж баршгүй хохирол учруулдаг тул би МАХН-ын дотор бий болох гээд байгаа эмх замбараагүй байдлын хор холбогдлыг ухааруулах гэсэндээ хатуу хөтүү үгтэй ярилцлага өгсөн нь үнэн. Yүнийг өөлөх гэж элдвээр оролдож байгаа нь ч үнэн. “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэсэн ардын үг байдаг. Асуудал эцсийн эцэст энэ л үнэнд гүйцэгдэх болно.
Саяхныг хүртэл нэг нам, нэг эвсэлд багтаж, нэг л эрх ашгийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд бүтэн хоёр өдөр бие биенээ хэлэх хэлэхгүйгээр дайрч давшиллаа. Бодит байдал ийм л байгаа учраас би “Монгол хүний мөс жудагийн хомсдол”-ын тухай энэ индэр дээрээс ярьсан юм шүү. Yүнийг дахиад нэг бодож үйлдэл, үйл ажиллагаандаа дүгнэлт хийвэл сайнсан.
Өөрөөр хэлбэл, энд суугаа УИХ-ын гишүүн бүр, Засгийн газрын гишүүн бүр өөрийнхөө үйлдэл, үйл ажиллагааны талаар дүгнэлт хийж алдаа дутагдлын эзнийг бусдаас биш өөрсдөөсөө хайн дүгнэлт хийж засаж залруулах шаардлагатай байна гэдгийг дахин нэг сануулъя.

Эрхэм гишүүд ээ, Энэ жил бид төрт улсынхаа 800 жилийн ойг тэмдэглэж улсынхаа нэр төрийг гадаад ертөнцөд өргөх талаар дорвитой алхам хийлээ.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын эдийн засгийн байдал сайжирч тэр хэмжээгээр хөгжил дэвшил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдэж байна. Иймд ойр зуурын хэрүүл маргаан, зөрчил тэмцлээ хойш тавьж хөгжил, дэвшлийнхээ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ард түмнийхээ амьдралыг яаж дээшлүүлэх талаар илэн далангүй ярилцаж төрийн зөв шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг уриалж байна.

УИХ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна (2006.10.25)

10-11 цаг. Засгийн газрын асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаан 10 цагаас эхэлж одоо  үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярив. Түүний хэлсэн үгийн гол санаа нь  огцруулах асуудлыг өргөн барьсны дараа хийсэн мэдэгдлийнхээ арай илүү өргөн хувилбар байв. Тэрбээр УИХ дахь сөрөг хүчнийг улстөрийн хорон санаатай явуулга хийж байна хэмээн дахин мэдэгдэв.  Харин түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр  уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газрыг огцруулах асуудлыг   УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу өргөн барьсан хэмээн мэдэгдэв. Тэрбээр Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагагүй гэж үзэж  байна.   Гэхдээ авч хэлэлцэх асуудал байгааг үгүйсгэсэнгүй. МАХН-ын бүлэг болон УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр  огцруулах шаардлагагүй гэж үзжээ.
Үүний дараа гишүүдийн асуулт хариулт өрнөж байна.

11-12 цаг. Монгол Улс парламентын ардчилалтай юу?  
УИХ-ын ахмад гишүүн Дэмбэрэл Засгийн газар хууль зөрчөөгүй тул огцруулах  ёсгүй гэж хэлсэн нь энэ асуултыг тавихад хүргэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэхдээ хууль зөрчсөн бол өөр газар явах ёстой. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлэхгүй байгаа тул тэр өөр газарт нь явахаас нь урьдчилж бид Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Үүнд л парламентын ардчилал оршдог гэж тэрбээр мэдэгдэв. 

М.Энхболдын Засгийн газар өнөөг хүртэл мөрийн хөтөлбөргүй  байгаа нь огцруулах нэг үндэслэл гэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн огцруулах бичигт дурдсан. Энэ асуудлыг үндэслэлгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. УИХ-ын гишүүн С.Баярцогт тайлбарлахдаа Үндсэн хуулийн заалт уншив. Тэрбээр шинэ Ерөнхий сайд томилогдсноор дараагийн Засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ гэж заасныг хэлээд М.Энхболдын Засгийн  газрын үйл ажиллагааны    мөрийн хөтөлбөр өнөөг хүртэл УИХ-аар орж батлагдаагүй  байна хэмээн мэдэгдэв.

Хүүхдийн мөнгийг энэ Засгийн газар олгож байна хэмээн мэдэгдсэн талаар УИХ-ын гишүүн Л.Гансүх  хэлэхдээ, олгох шийдвэрийг УИХ гаргасан, Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бол түүний хийсэн гавьяа биш гэж тэрбээр үзэж байна.

12-12,30 цаг. Эв нэгдэл ба улстөр 
Энэ Засгийн газар үндэсний эв нэгдлийн засгийн газар гэсэн нэртэй.  Гэтэл түүнд сөрөг хүчин дандаа саад болдог. Нэг жишээ нь та нар дэд сайдуудаа татсан гэж Шадар сайд М.Энхсайхан хэлэв. Энэ бол Засгийн газарт орохгүй, сөрөг хүчин болно гэсэн Ардчилсан намын улстөрийн шийдвэр гарсны дагуу болсон үйл явц юм. Жаргалсайхан, Энхсайхан, Гүндалай нарын Засгийн газрын гишүүд сөрөг хүчнийг дандаа саад болдог гэж үзэж байгаа аж. Сангийн сайд Баяртсайхан улстөрчид эв нэгдэлгүй байгаа нь үндэстэнд ч нөлөөлж байна хэмээн мөн мэдэгдэв. Улстөрчдийн ярианаас үзэхэд эв нэгдэл, улстөр хоёрын харьцаа ямар байх  вэ гэсэн асуултад тэд яаж хариулах нь сонин.  Ямар саад тавиад байгааг хэлэхийг сөрөг хүчний гишүүд хүссэн, улстөр, эв нэгдэл гэсэн ерөнхий үгээр биш, тодорхой асуултад тодорхой баримт жишээгээр хариулахыг УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдэд  сануулснаар энэ сэдэв өөр зүйл рүү шилжив.
Ардчилсан нам Засгийн газарт үргэлж бичиг цаас ирүүлж ажилд саад болж байна гэж УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд бас мэдэгдэв.

Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлээсээ Засгийн газрын хэрэгжүүлэх ажил, зарчим тэс өөр болоод байгааг Ерөнхий сайд өчигдрийн нэгдсэн хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн нь мөрийн хөтөлбөрөө цэгцлэх шаардлагатай болсныг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Мурат хэлэв.  

12,30-13 цаг. Үндсэн хууль зөрчилтэй юу?
Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаатай байх тухай Үндсэн хуулийн заалтыг Ерөнхий сайд мөн сонсгов. Харамсалтай нь өмнөх Засгийн газар ёс бусаар огцорсон гэж тэрбээр мэдэгдсэн нь өөрөө ёс бусаар огцруулснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо гэж сөрөг хүчний гишүүд үзэв.  Түүний сонсгосон заалт С.Баярцогтын хэлсэн Үндсэн хуулийн өөр нэг заалттай нь хэрхэн холбогдох вэ гэсэн бас нэг асуултыг хөндөв. Тэр заалтыг яаж ойлгох талаар УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ, 4 жилийн хүчинтэй гэдэгт сонгуулийн дараахь дөрвөн жилийг үздэг. Гэхдээ шинэ Засгийн газар байгуулагдснаар 2004 оны мөрийн хөтөлбөрийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай  байгаа гэж  тэрбээр үзэж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэ хоёр заалт зөрчилгүй. Нэг дэх нь 4 жил гэсэн боловч удаахь заалт нь шинэ Засгийн газар байгуулагдснаар мөрийн хөтөлбөр дахин боловсрогдох ёстойг тодотгосон гэж үзэж байна. Тэрбээр энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах юм байна.

Чуулган 13-15 цаг хүртэл завсарлалаа.