МАХН Сонгуулийн Ерөнхий Хороонд албан тоот хүргүүлжээ (2004.05.31)

A- A A+
МАХН Сонгуулийн Ерөнхий Хороонд албан тоот хүргүүлжээ (2004.05.31)

МАХН Сонгуулийн Ерөнхий Хороонд албан тоот хүргүүлжээ (2004.05.31)

МАХН-ын сонгуулийн төв комисс СЕХ-нд албан бичиг явуулсан байна. Түүнд дурдахдаа, "Эх орон-Ардчилал" эвслээс Монголын үндэсний телевизээр явуулж буй захиалгат нэвтрүүлэгтээ Монголын Улсын Ерөнхийлөгчийн зураг, "шинэ сонголт" гэсэн үгийг гарын үсэгтэй нь сурталчилгаандаа ашиглаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн нэгийн "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн аль нэг намыг дэмжиж байгаа мэтээр сонгогчдод буруу ташаа ойлголт төрүүлэх зорилго агуулсан гэж МАХН үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны нэгдүгээр сард хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж энэ талаар тайлбар өгөхдөө "Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн миний ард түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээнд дурдсан "шинэ сонголт" гэдэг үгийн утгыг гуйвуулж тайлбарлах, улс төрийн зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.

Гэтэл "Эх орон-Ардчилал" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх мэдэгдлийг үл тоомсорлон, түүний нэр хүндийг сонгуулийнхаа сурталчилгаанд гуйвуулан ашиглаж, хууль зөрчиж байгаад Сонгуулийн ерөнхий хороо дүгнэлт хийж зохих арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ.