С.Оюун нэр дэвшихээр болов (2004.05.14)
УИХ-ын гишүүн, ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. ИЗ-БНН УИХ-ын сонгуулийн таван тойрогт С.Оюун, дэд тэргүүн Ц.Ганхуяг, М.Зориг, Д.Өлзийсайхан нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Харин хэнийгээ аль тойрогт дэвшүүлэх тухай асуудал тав дахь нэр дэвшигчийг тодруулснаар эцэслэн шийдэгдэх аж. Өнгөрсөн долоо хоногт тус намын тэргүүний гаргасан мэдэгдэлтэй холбоотойгоор сэтгүулчдийн асуусан асуултад С.Оюун "Эх орон-Ардчилал" эвслээс ИЗ-БНН-д хуваарилсан гурван суудал нь эвслийн гэрээг зөрчсөн явдал байсан. Энэ тухай "Эх орон-Ардчилал" эвслийн ерөнхий менежер М.Энхсайханаас тодруулахад тэрбээр "бидний гаргасан шийдвэр эцсийнх" гэсэн тул мэдэгдэл гаргасан. Намын тэргүүний хувьд хүлээх хариуцлага гэж бий учраас уг мэдэгдлийг алдаа байсан гэж би хувьдаа үзэхгүй байна. Шуудхан хэлэхэд, үүний үр дүнд бид хэлэлцээрийн ширээний ард дахин сууснаар өнөөдөр таван тойрогтой болсон" гэж хариулав.
- Танай намд хуваарилсан тойргуудад сэтгэл хангалуун байна уу гэсэн асуултад хариулахдаа, улс төрийн намуудын урьдчилан төсөөлж байснаар асуудал шийдэгдээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Манай намын хувьд ч ялгаагүй. Баянхонгорын урд талын сумдыг хамруулсан наймдугаар тойрог гэхэд л бидэнд маш чухал байлаа. Энд "Женко" группын захирал Х.Баттулгыг бэлтгэсэн байсан. Гэвч байдал өөрөөр эргэж Х.Баттулга тойроггүй хоцорсон гэж хэлжээ.