“Эх орон-Ардчилал” эвсэл нэр дэвшигчдээ батламжиллаа (2004.05.17)
“Эх орон-Ардчилал” эвсэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ эцэслэн хэлэлцэж өнгөрсөн бямба гаригт албан ёсоор баталгаажууллаа. Сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа тус эвслийн нэр дэвшигчдээ ёсчлох, сонгуулийн кампанит ажлын нээлт “УБ палас” цогцолборын концертын их танхимд болов.
Ёслолын ажиллагааг нээж “Эх орон-Ардчилал” эвслийн ерөнхий менежер, Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эх орон-МАСШН-ын дарга Б.Эрдэнэбат, ИЗ-БНН-ын тэргүүн С. Оюун нар үг хэлэв. М.Энхсайхан өнөөгийн нийгмийн байдал, эвсэн нэгдэх үйл явц, “Эх орон-Ардчилал” эвслийн зорилгыг багцлан тодорхойлсон бол Б.Эрдэнэбат “Энэ түүхэн цаг үед нийгмийн захиалгыг биелүүлэхгүй байх эрх та бидэнд байхгүй. Бид зөвхөн ялалтаар л харуулах ёстой. Би ялна гэдэгт итгэж байна” гэв. “Эх орон-Ардчилал” эвслийн нэр дэвшигчдээ ёсчилсон энэ өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, бусадтай хамтарч их хэргийг эхлэхэд өлзийтэй сайн өдөр гэдгийг С.Оюун дурдаж байлаа.
УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн Монгол Улсын дэд ерөнхийлөгч асан Р.Гончигдорж салхийг хагалан “Эх орон-Ардчилал” эвслийн нэр дэвшигчид Нэр дэвшигчдийн батламжинд гарын үсэн зурж, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, С.Оюун нар сонгуульд амжилт үзүүлэх Итгэл найдварын дурсгалын медалийг нэр дэвшигчдэд гардуулжээ.