Сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах вэ? (2004.05.17)

A- A A+
Сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах вэ? (2004.05.17)

Сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах вэ? (2004.05.17)

УИХ-ын 2004 оны ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 27-ны өдөр болно. СЕХ-ноос сонгогчдыг санал өгөх бэлтгэлээ хангах болон сонгуульд оролцоход юуг анхаарах талаар зөвлөж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 27. Энэ өдрийн 07-22 цагийн хооронд сонгуулийн хэсгийн байрт санал авна. Сонгогчид саналаа өгөхөөр санал авах хэсгийн байрт очихдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 34 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн заалтын дагуу сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхээ бэлтгэх, эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, шилжин ирж саналаа өгөгчид дээрх баримт бичигтэй, сонгогчийн үнэмлэхэд шилжүүлэг хийлгэсэн байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан сонгогчид саналын хуудас олгоно.

Сонгогчид тухайн оршин суугаа газраа сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ өмнө нь шалгах, иргэний баримт бичгээ цэгцлэх хэрэгтэй.

Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн. Иймд сонгогчид саналаа зөв тэмдэглэх явдал чухал ач холбогдолтой. Саналын хуудаст Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшсэн хүмүүсийн нэрийн ард нэр дэвшүүлсэн намын нэрийг бичиж хэвлэсэн байна.

Сонгогч хэсгийн хороонд хүрэлцэн ирж, сонгогчийн үнэмлэхийн хамт иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн нэртэйгээ тулган саналын хуудас аваад санал бэлтгэх тасалгаанд орж, зөвхөн өөрийн сонгохыг хүсч байгаа нэр дэвшигчийн нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглэнэ.

Баталсан загварын бус хуудсаар санал өгсөн, тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэггүй, хэсгийн хорооны тэмдэггүй хуудсаар санал өгсөн, нэгээс илүү хүний нэр тэмдэглэсэн, нэр дэвшигчийн нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлахаас өөр ямар нэгэн тэмдэглэл хийсэн, нэр дэвшигчийн нэрийг дарсан, нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан тэмдгийг засварласан зэрэг тохиолдолд таны өгсөн санал хүчингүй болно.

Сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол энэ тухайгаа уг саналын хуудас хайрцагт хийхээс өмнө сонгуулийн хэсгийн хороонд мэдэгдэж, тэр хуудсаа хураалган, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа тэмдэглэн өгч болно.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО