СЕХ-нд хандсан анхны гомдол гарчээ (2004.04.27)

A- A A+
СЕХ-нд хандсан анхны гомдол гарчээ (2004.04.27)

СЕХ-нд хандсан анхны гомдол гарчээ (2004.04.27)

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас гомдол гаргасан байна. Уг гомдолд “Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж УИХ-ын сонгуулийн 45,46,47,48 дугаар тойргийн хороодыг байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, Ардчилсан ёсны хэм хэмжээ, УИХ-ын 2003 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр”-ийн 2.21.6 дахь заалт зэргийг илт зөрчин тойргийн бүрэлдэхүүнийг тус бүр МАХН-аас таван хүн, сөрөг хүчний намуудаас хоёр хүнтэй байхаар шийдвэрлэжээ. Ингэхдээ бидний тавьсан саналыг үл хэрэгсэн санал болгосон хүмүүсийн нэрийг зориуд тойргийг нь солин гаргажээ. Аймгийн ИТХ-ын энэхүү шийдвэрийг УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг анхнаас нь будлиантуулах гэсэн явуургүй үйлдэл хэмээн үзэж Хөвсгөл аймгийн Ардчилсан нам эрс шийдвэртэй буруушааж байна” гэжээ.

Түүнчлэн уг гомдолд аймгийн УИХ-ын сонгуулийн дөрвөн тойргийн хоёр тойргийнх нь хорооны даргыг болон нөгөө хоёр тойргийн нарийн бичгийн даргыг сөрөг хүчний төлөөллөөс томилох, тойргийн хорооны бүрэлдэхүүнийг улс төрийн нам, эвслээс тэнцүү төлөөлөлтэйгөөр байгуулах зэрэг арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.