Сонгуулийн ажиглагчид бэлтгэгдэж байна (2004.05.04)
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс “Эх орон-Ардчилал” эвсэлтэй хамтран сонгуулийн ажиглагч бэлтгэх сургалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн нэг сарын хугацаатайгаар Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж байна. Уг сургалтыг саяхан Төв аймагт явуулахад нийт 27 сумын 50 хүн оролцжээ. Энэ үеэр өмнөх сонгуулиудын туршлага, тохиолдож байсан бэрхшээл, зөрчлийн талаарх судалгаа, сонгуультай холбоотой өөрийн болон бусад орны хууль тогтоомж, заавар журам, судлаачдын бүтээл зэргийг багтаасан гарын авлагыг тараав.
Энэхүү сургалтын гол ач холбогдол нь сонгуулийн үеэр зөрчил будлиан гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэн баримтжуулж сонгуулийг шударга явуулахад ажиглагч нар чухал үүрэгтэй гэдгийг таниулахад оршино гэж Ардчилсан Намын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.