Монгол Улсын Ерөнхий Аудитор Л.Жавзмаа: СЕХ-нд мэдэгдэлгүйгээр сонгуультай холбоотой гүйлгээ хийхийг хуулиар хориглоно (2004.05.10)
Улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн эх үүсвэр, түүний зарцуулалттай холбоотой мэдээлэл цаг ямагт олны анхаарлын төвд байдаг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Л.Жавзмаатай хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-д /¹110/ нийтлэгдсэн байна.
-Сонгуульд улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг УИХ-ын тогтоолоор баталдаг атлаа зарим зардлыг санхүүжүүлдэггүй нь ямар учиртай вэ?
-УИХ-ын тогтоолоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ батлагдсан. Тэгэхээр энэ хөрөнгийг юунд зарцуулагдах тухайд бүхний анхаарал чиглэгдэх нь зүйн хэрэг. Энд онцолж хэлэхэд, УИХ тогтоол гаргаснаар сонгуультай холбогдсон бүх зардлыг улсын төсвөөс гаргана гэсэн үг биш. Батлагдсан төсөв нь сонгуулийн ажлыг зохион байгуулах ажилтны үнэмлэх, сонгогчдын саналын хуудас, сонгуулийн дүн мэдээний маягтыг хэвлүүлэх, сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан холбоо, унаа, албан томилолтын болон тамга, тэмдэг хийхэд зарцуулагдах учиртай.
-Тэгвэл сонгуулийн хороодод ажилласан гишүүдийн цалин хөлсийг ямар эх үүсвэрээс бүрдүүлдэг вэ?
-Сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан хугацааны цалинг тухайн гишүүний ажиллаж байгаа байгууллагаас олгодог. Хэрэв гишүүн тэтгэврийнх бол ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсийг тухайн орон нутаг төсвөөсөө гаргаж өгнө. Төрийн өмчийн байгууллага нь сонгуулийн хороог ажиллах болон санал авах байраар хангах үүрэгтэй. Дахин хэлэхэд, сонгуультай холбоотой зардлын гол эх үүсвэр нь улсын төсөв. Үүнээс гадна тухайн орон нутгийн төсвийн болон төрийн өмчит байгууллагын хариуцах зардал ч гэж байдаг.
-Харин нэр дэвшигчийн хөтөлбөрийг сурталчлах, нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан холбоо, унаа, албан томилолт мөн нэр дэвшигчийг дэмжих зорилгоор зохион байгуулсан үдэшлэг, уулзалт, хурал цуглаан, үзвэр үзүүлэх, хэвлэл мэдээлэл, радио телевизээр сурталчлахтай холбогдсон зардлыг тухайн нам эвслийн өөрийн хөрөнгө, эсвэл байгууллага.иргэдээс төвлөрүүлсэн хандивын хөрөнгөес гаргах учиртай. Бие даан нэр дэвшигчийн тухайд сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.
-Танай байгууллага энэ бүхэнд хяналт тавьж чаддаг уу?
-Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын сан байгуулж, банкинд тусгай данс нээж, түүнийгээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдэж, нийтэд зарладаг. Тодруулж хэлбэл, сонгуульд зориулах хөрөнгөө сандаа төвлөрүүлж улмаар тайланг СЕХ-нд ирүүлнэ. Түүнийг нь СЕХ-ны дэргэдэх сонгуулийн санхүүгийн хяналтын орон тооны бус алба хянах бөгөөд шаардлагатай гэж үзвэл баримтын шалгалт хийнэ. Сонгууль дууссаны дараа Үндэсний аудиторын газар СЕХ-ны үйл ажиллагаанд дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлдэг зарчимтай. Нам эвсэл, нэр дэвшигч нь СЕХ-нд мэдэгдэлгүйгээр сонгуультай холбоотой гүйлгээ хийхийг хуулиар хориглосон байдаг.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлбэл албан тушаалаасаа татгалзахаар заасан байдаг. Гэтэл Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан гэдгээрээ түрий барьж албаны утас, унаа машинаа сонгуулийн ажилд дайчладаг нь нууц биш. Үүнд хяналт тавих ёстой биз дээ?
-Төрийн албан хаагч УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд нэр дэвшвэл тойроггоо ажиллах хугацаандаа үндсэн ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, төр, захиргааны байгууллага, төсвийн болоод терийн өмчийн аж ахуйн нэгжээс нэр дэвшигч нь эрх мэдлээ ашиглан сонгуультай холбогдолтой бичиг хэрэг, шуудан холбоо, шатахуун, унааг ашигласан болох нь тогтоогдвол бүх зардлыг холбогдогчоор төлүүлнэ.
-Улс төрийн намууд сонгуулийн нэрээр бусдаас хандив тусламж авч түүнийхээ оронд өндөр албан тушаал амлах нь бий. Хууль бус энэ уйлдэлд хяналт тавих боломжтой юу?
-Хандив, тусламжийг хуулийн дагуу авч сонгуульд ашиглахыг зөвшөөрсөн. Түүнээс биш хандив тусламж нэрээр албан тушаалын наймаа хийж хэрхэвч болохгүй. Энэ бүхэнд тавих төрийн хяналт бий.