Гол хүчнүүдийн нэр дэвшигчдэд 76 тойрог цөөдөж байна (2004.05.10)
/Өдрийн сонин ¹111/
УИХ-ын 2004 оны сонгуульд нэр дэвшигчид тодрох шатандаа орлоо. МАХН-ын аймгийн намын бага хурлууд хуралдаж гол нэр дэвшигчдийнхээ талаар ярилцаж байна. МАХН-ын бага хурал энэ сарын 16-нд болно. Үүгээр эрх баригч намаас сонгуульд өрсөлдөгчдийн нэр эцэслэн тодрох юм. Тавдугаар сарын 17 гэхэд нэр дэвшигчид тойргийнхоо хороодод бүртгүүлсэн байх учиртай. Бие даагчдыг бүртгэх хугацаа ч энэ өдөр дуусна. МАХН-аас нэр дэвших эрх олж чадаагүй зарим хүн бие даан өрсөлдөхөөс сэргийлж бүртгэлийн төгсгөлийн хугацаанд тулгаж байж нэр дэвшигчдээ зарлах бололтой. Гэвч МАХН-аас тэртэй тэргүй нэр дэвшиж чадахгүй болов уу гэсэн зарим хүн хаширлан нэр дэвших боломжтой тойргийнхоо 801 хүний гарын үсгийг урьдчилан цуглуулаад намынхаа бага хуралд хоёр мандаттай орохоор зэхэж байна. Хэрэв нам нь нэр дэвшүүлэхгүй бол тэд маргааш нь тойргийнхоо хороонд бие даагчаар бүртгүүлэхэд бэлэн байна гэсэн үг.
"Эх орон-Ардчилал" эвслийн гол хүч Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр хуралдлаа. Тус намаас эвсэл дотроо эзлэх 50 тойрогт хэн хэнийг дэвшүүлэхээ ярьж ид маргаан өрнүүлж байна.
Өмнөх сонгуулиудын үеэр намууд 76 тойрогт нэр дэвшүүлэх хүнээ гүйцээх гэж үйлээ үздэг байсан бол энэ удаа улс төрийн гол хүчнүүдийн нэр дэвшигчдэд сонгуулийн тойрог цөөдөж "тулалдааны талбар" болжээ. Эвслийн бүрэлдэхүүний нэг нам ИЗ-БНН-д гурван тойрог ногдсон тул тус намын тэргүүн С.Оюун нэрээ татаж өрсөлдөх чадвартай гишүүндээ тойргоо өгөхөө амлав. Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж нэр дэвшихгүй гэдгээ хэллээ. Ийнхүү сонгуулийн гараа сонин ихтэй эхэлж байна.