МАХН-аас нэр дэвших боломжтой хүмүүс тодорч эхэллээ (2004.05.11)
МАХН-ын аймгийн намын бага хурлууд хуралдаж, УИХ-ын 2004 оны сонгуульд нэр дэвших боломжтой хүмуүсийг тодруулж эхэллээ. Аймгуудын намын бага хурлыг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүд удирдан явуулж байна. Энэ сарын 15-16-нд болох МАХН-ын бага хурлаар нэр дэвшигчдийг эцэслэн шийдэх юм.
“Өдрийн сонин”-ы мэдээлснээр, Ховд аймгийн намын бага хурлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дэмбэрэл 44 дүгээр тойрогт, аймгийн Засаг дарга А.Галсандондог 42 дугаар тойрогт, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж 43 дугаар тойрогт нэр дэвших магадлалтай хүнээр тодорчээ. УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Г.Нямдаваа нар санал хураалтад "бүдэрсэн" байна. Орхон аймгийн намын бага хурал болж, аймгийн Засаг дарга Б.Даулетбай, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Ганбат нар нэр дэвших боломжтой гэсэн санал авчээ. УИХ-д одоо тус аймгийг төлөөлөн сууж буй гишүүн Ё.Баярсайхан, Ц.Ням-Осор нар дийлэнх гишүүний санал авч чадаагүй аж. Дорноговь аймагт гишүүн Л.Одончимэд, Ц.Шаравдорж нар улиран сонгогдох боломжтой гэсэн санал авчээ. Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь унаад байгаа ч Говьсүмбэр аймгийн намын бага хуралд үзээд алдах бололтой. Дундговь аймгийн МАХН-ын бага хурал өчигдөр боллоо. УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт Дэд бүтцийн дэд сайд У.Уламбаяр 80 гаруй хувийн санал авч, гишүүн Н.Тогтох өвдөг шорооджээ. Харин 20 дугаар тойрогт нэр дэвших боломжтой хүн хараахан тодроогүй байна. Өнөөдөр Булган, Өмнөговь, Говьсүмбэр аймгаас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэр тодорхой болох аж.
Архангайн 1, 2, 3 дугаар тойрогт УИХ-ын дарга С.Төмөр-Очир. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Эрүүл мэндийн дэд сайд Н.Удвал нар олонхийн дэмжлэгийг авчээ. Харин Говь-Алтайн 12, 13 дугаар тойрогт гишүүн Р.Цогтбаатэр, Засаг дарга Н.Жанчивдорж нар өрсөлдөхөөр болж эхний шалгаруулалтыг давжээ. Дарханы 53, 54 дүгээр тойрогт гишүүн Б.Баттулга, Д.Цэвээнжав мөн аймгийн Засаг дарга Я.Хаянхирваа нар урьдчилсан байдлаар тодров. Төв аймагт УИХ-ын гишүүн Ц.Өөлд, Д.Дондог, Н.Энхболд, С.Батболд нар дахин өрсөлдөхөөр болжээ.