Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй Нийгэм Форум, Төрийн бус байгууллага (ТББ)-ын төлөөлөл оролцсон хамтарсан сургалт, зөвлөгөөн “Нүхт” цогцолборт болсон. Түүнд оролцсоны хувьд ямархуу сэтгэгдэл төрөв?Зөвхөн ТББ-ын төлөөлөгчид бус, Засгийн газрын ажилтнууд оролцсон энэ зөвлөгөөнийг ажиглахад монголчууд боловсрол өндөртэй болох нь харагдаж байсан. Дэлхийн янз бүрийн оронд энэ талаар ажиллаж байсан л даа. Төлөөлөгчдийн боловсрол, мэдлэгийн төвшин, оюуны чадавхийг ажиглахад Монгол Улс бусад орноос хавьгүй илүү юм. Тэдний ТББ-ын тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлтийн талаархи төслийн ерөнхий ойлголт нь нэлээд ойролцоо, нэгдсэн байр суурьтай байна гэж бодлоо. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн зүйл гэвэл Засгийн газар хууль боловсруулах явцдаа олон түмний оролцоог хөхиүлэн дэмжиж байсан нь аятайхан санагдлаа.
АНУ дахь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн Ерөнхийлөгч
Стефан Клингелхофертой “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Б.Цогнэмэх ярилцлаа.
Одоогийн ТББ-ын тухай хуулийн дэвшилттэй ба дутагдалтай тал нь юу байсан бэ?Уг хууль бүс нутгийн хувьд авч үзвэл хамгийн либераль хууль гэж би үзэж байгаа. Хэд хэдэн чиглэлд тодруулга хийх шаардлага байна л даа. Тэр нь юу вэ гэхээр хууль бол амьд бодгаль. Биднийг хүрээлэн буй орчинд, хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт явагдаж байна вэ. Үүнийг дагаад хууль амьд организм адил өөрчлөгдөж байх ёстой. Хамгийн давуу тал нь гэвэл ТББ-ын үнэ цэн, үнэлэмжийг тодорхой заасанд оршино. Харин ТББ-ын төрлүүдийг нарийвчлан зааж олон нийтэд үйлчилдэг байгууллага гэж ямар байх ёстойг тодорхой тусгамаар байна.
Одоогийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байсан гэж боддог уу?Заавал биш юм аа гэхэд зүйтэй алхмуудыг хийх л хэрэгтэй. ТББ-д хамаарах ашиг тусыг тодорхойлох, дэмжих заалтыг оруулж өгмөөр байна. Мөн тэдний үүрэг хүлээж амлалтаа биелүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлж өгмөөр байна. Ингэснээр ТББ олон нийтийн талархлыг хүлээсэн байгууллага болж бэхжих юм.
Бусад улс орны ТББ-ууд ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг вэ?Албан бусаар хүмүүс нэгдэж үүсдэг байгууллага болохынхоо хувьд дэлхий дээр хэдэн янзын хүн байна, тэр тоогоор байгууллага байгуулж болно л доо. Харин хууль зүйн талаасаа авч үзвэл гишүүнчлэл бүхий байгууллага, холбоод, ашгийн төлөө бус байгууллагууд гэж байх жишээтэй. Хамгийн гол нь ТББ нь ашиг хуваарилдаггүй байгууллага байх нь түүний үндсэн шинж чанар.
Манай улсад ТББ-ын санхүүжилтийн асуудал хурцаар тавигддаг. Энэ талаар олон улсын жишиг ямар байдаг вэ?Нэлээд хэдэн эх үүсвэрээр санхүүжиж болно. Гишүүнчлэлийн татвар, хувь хүн болон байгууллагын хандиваар, бас Засгийн газрын тэтгэлгээр санхүүжиж болно. Энэ нь үндэсний хэмжээний юм уу, олон улсын тэтгэлэг байх юм. Бас төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх ажлыг гэрээгээр гүйцэтгээд, үүнээсээ санхүүжиж болдог. Бизнесийн үйл ажиллагаа явуулаад ашгаа ТББ-д өгдөг туршлага ч бий.
Манай орны хувьд энэ талаар юун дээр анхаармаар байна вэ?Ажиглаад байхад ихэнхдээ хандивлагчдын өгч буй хөрөнгөөр санхүүждэг юм байна. Энэ нь Засгийн газрын, олон улсын шугамаар ч орж ирдэг. Мөн бизнесийн байгууллагууд ч ТББ-ыг санхүүжүүлдэг явдал байгааг анзаарлаа. Цаашид төр ба ТББ хоёр нэгдээд нийгмийн үйлчилгээг хамтарч явуулах чиглэл рүү хандах нь ирээдүйтэй болов уу. Мөн ТББ-ыг санхүүжүүлэхэд хөшүүрэг болохуйц механизмыг ашигламаар байна. Тухайлбал, бизнесын байгууллага ТББ-ыг санхүүжүүлсэн тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлдэг бодлого явуулах ёстой.
ТББ нь аж ахуйн үйл ажиллагааг ямар төвшинд явуулж болох вэ?Одоогийн хуульд бизнесийн тодорхой үйл ажиллагааг явуулж болно гэж заасан. Тэгэхдээ бизнесийн зорилго нь тухайн ТББ-ын жинхэнэ үндсэн зорилготой уялдсан байна. Нөгөө талаас аж ахуйн үйл ажиллагаа явуулбал татвар төлнө гэж заажээ. Эндээс түвэгтэй асуудал гарч ирж байгаа юм. ТББ-ын ч, бизнесийн ч үйл ажиллагааг явуулахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Энэ хоёрыг хослуулж явуулна гэдэг төвөгтэй. Үүнд л анхаарлаа хандуулах нь чухал.
Хослуулж авч явахын тулд яах ёстой вэ?Хуулийн бүтэц нь ямар вэ гэдгээс ихээхэн шалтгаална. ТББ-ын үйл ажиллагаа гүнзгийрч, бүтэц зохион байгуулалт нь сайжрахын хэрээр хүмүүс хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг арга замаа зөв сонгож чаддаг болно. Зарим оронд ийм туршлага бий. Бизнесийн үйл ажиллагааг ТББ явуулж болно. Тэгэхдээ тусдаа, бие даасан нэгжийг салбар маягаар байгуулаад бизнесийн үйл хэргээ хариуцуулж үлдээх юм. Тэр салбар нь олсон ашгаа өөрийн ТББ-даа өгөх жишээтэй.
ТББ-ын хуулийг өөрчлөхөд хөндөж болмооргүй ямар зүйл бий гэж Та үзэж байна вэ?Өнөөгийн энэ хууль ерөнхийд нь авч үзвэл гайгүй сайн хууль. Хамгийн гол нь ТББ-ын ямар хэлбэрүүд байж болохыг нарийвчлан зааж, нэмж тусгах хэрэгтэй. Ялангуяа олон нийтийн тусын тулд л байгуулагддаг гэдгийг тодорхой заах ёстой. Бүтцийн хувьд сайжруулж, шинэлэг зүйл оруулах, заалтуудыг тодруулах зэргээр урьдынхаасаа арай чангаруулмаар байна. Анхаарах нэг асуудал гэвэл Засгийн газар, ХЗДХЯ ч юм уу, татварын газарт ТББ-ын дотоод байдлыг сайн мэддэг мэргэшсэн хүн хэрэгтэй. Ийм боловсон хүчин их дутагдалтай нь ажиглагдлаа.