УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил эхэллээ (2004.04.12)
Энэ УИХ бүрэн эрхт хугацааныхаа хамгийн сүүлчийн чуулганы анхны нэгдсэн хуралдаанаараа УИХ-ын ээлжит сонгуулийн ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд эхлэхээр зарлаж, сонгуулийг зургадугаар сарын 27-ны ням гаригт явуулахаар товлосноор Монгол Улсад сонгуулийн кампанит ажил албан ёсоор өрнөлөө. Сонгуулийн нийт зардлын хэмжээг 696,5 сая төгрөгөөр тооцжээ. Сонгуулийн товыг зарласнаар тавдугаар сарын 8-наас өмнө сонгуулийн тойрог, хэсгийн хороодыг байгуулж дуусах юм байна. Харин энэ сарын 23-наас өмнө улс төрийн нам, эвслүүд сонгуульд оролцохоо мэдэгдэх ёстой ажээ. Нэр дэвшүүлэх ажил дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 17-нд явагдаж дуусах юм.
УИХ-ын 2004 оны сонгуульд Монгол Улсын нэг сая 472 мянга 372 иргэн саналаа өгөх эрхтэй юм. 1992 оны УИХ-ын сонгуульд санал өгөх эрхтэй 1085129 сонгогчийн 95.6 хувь нь, 1996 оны сонгуульд 1057182 сонгогчийн 92.15 хувь нь, 2000 онд 1027985 сонгогчийн 82.43 хувь нь тус тус саналаа өгч байжээ.
УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН сонгогчдын 51.6 хувийн санал авч байсан бол “Ардчилсан Холбоо” эвсэл 13.4, “Эх орон-МАШСН” 11, Иргэний зориг бүгд найрамдах нам 3.6 хувийн саналыг тус тус авч байв. УИХ-ын 2004 оны сонгуульд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 14 нам оролцохоос Ардчилсан нам, Эх орон-МАШСН, Иргэний зориг, бүгд найрамдах нам гурвын байгуулсан “Эх орон-Ардчилал” эвслээс өөр нэгдсэн субъект хараахан тодроогүй байна.
Холбогдох материалыг доорх гарчиг дээр дарж үзнэ үү.