Сонгуулийг ил тод, шударга явуулна гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн мэдэгдэв. (2004.04.13)
Сонгуулийн товыг зарласантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос анхны хэвлэлийн бага хурлаа дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэлээ. Энэ удаагийн парламентын сонгуулийн санал хураах 1706 хэсэгт 17 мянга хүн ажиллах бөгөөд энэ нь тойргийн хороонд дунджаар 9-11, салбар хороонд тав, хэсгийн хороонд дунджаар 11-15 хүн ажиллана гэсэн үг юм. Аймгийн хэмжээний нэг тойрогт 15-20 мянга, Улаанбаатар хотын нэг тойрогт 25-35 мянга орчим хүн санал өгөх бололтой. Өмнөх сонгуулийн үеэр ажиллаж байсан 17 мянга орчим хүний гуравны хоёр нь шинэчлэгдэх боловч сонгуулийг шударга, ил тод явуулахыг эрмэлзэж байна гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн энэ хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Өмнөх сонгуультай харьцуулахад сонгуулийн зардал нэлээд нэмэгдснийг тэрбээр тайлбарлахдаа, сонгогчдын өсөлтийг дагаж санал авах байрны тоо нэмэгдсэнтэй холбосны зэрэгцээ инфляцийн түвшин, шатахууны үнийн өсөлт, хэвлэн тараах материалын зардал өссөн болохыг бас дурдлаа.
Гадаад, дотоодын ажиглагчдын Сонгуулийг ажиглах журмыг СЕХ 2004 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх ажээ.