Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөл хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй байна гэж парламентын гишүүд үзэж байна
УИХ-ын таван байнгын хороо, тухайлбал Нийгмийн бодлогын, Эдийн засгийн, Хуульзүйн, Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн байнгын хороод 10 дугаар сарын 26-нд хуралдаж, Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Засгийн газраас өргөн барьсан мөрийн хөтөлбөрийн төсөлд УИХ-ын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандсан талаар өдөр тутмын сонинууд мэдээлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөл хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй байна гэж парламентын гишүүд үзсэн тухайд бараг бүх сонин тэмдэглэсэн байна. Нэн ялангуяа сонгуулийн үеэр амалсан итгэлийн арван мянган төгрөг, 40 мянган айлын орон сууц, 145 мянган ажлын байрыг шинээр бий болгох зэрэг амлалтыг хөтөлбөрт нарийвчлан тусгахыг зарим гишүүн шаардсан ажээ. УИХ-ын гишүүн Ж.Одхүү, Б.Эрдэнэбүрэн, Ж.Батхуяг нар эдгээр асуудлыг мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасныг тодруулж, төсөлд нарийвчлан тусгахыг шаардсан ажээ.
Юутай ч энэ өдөр хуралдсан бүх байнгын хороо Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна.