Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын байнгын хороод үргэлжлүүлэн хэлэлцэв.
10 дугаар сарын 27-нд буюу өчигдөр Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод тус тусдаа хуралдаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Уржигдар хуралдсан таван байнгын хорооны хурал дээр гарч байсан шиг хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй төсөл боловсруулсан гэх шүүмжлэл энэ удаа ч мөн давтагдсан хэдий ч ийн шйидвэрлэсэн ажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр бүсүүдийн тулгуур хотуудад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх асуудлыг түлхүү авч үзсэн талаар “Өдрийн сонин” мэдээлсэн байна. Сангийн сайд Н.Алтанхуяг сумын төвүүдэд эрчим хүчний шугам тавих ажлыг шинээр эхлүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа аж. Тэрбээр одоогоор эрчим хүчний шугмын алдагдал зарим аймагт 51 хувьд хүрсэн, жишээлэхэд нэг сая төгрөгийн 500 мянга нь хий дэмий урсч байгаа байдлыг зогсоох хэрэгтэй, техник, технологи хөгжсөн өнөө үед өөр хямд эх үүсвэр хайх ёстой гэж үзэж байна. Саяхан парламентаар баталсан төсвийн тодотголоор төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьд хүрээд байна гэж сайд Н.Алтанхуяг мэдэгдээд Олон улсын валютын сан төсвийн алдагдлыг ДНБ-ий 3,5 хувиас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн тул үүнийг бууруулах талаар Төсвийн байнгын хорооны гишүүдийг онцгой дэмжиж ажиллахыг хүссэн байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үеэр давхар харъяаллын тухай болон терроризмын болзошгүй халдлагаас хамгаалах талаар мөрийн хөтөлбөрийн төсөлд хэрхэн тусгасныг УИХ-ын зарим гишүүн, тухайлбал гишүүн Р.Гончигдорж, О.Энхсайхан нар ихэд сонирхсон гэж “Өнөөдөр” сонин мэдээлжээ. Тэрчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан МАХН, «Эх орон-Ардчилал» эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс чухам юу нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, юу нь ороогүйг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тодорхой танилцуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байжээ. Тэрбээр 10000, 500000, 100000 гэсэн мөнгөний амлалтуудыг орхигдуулж ерөөс болохгүй гэж үзэж байна. М.Энхсайхан хэлэхдээ, сонгогчид эдгээрийг өгөхийг төр засгаасаа шаардах эрхтэй гээд нийгмийн хамгааллын асуудлаар нам, эвсэл харилцан тохирч байж чуулганд оруулж ирэхийг Засгийн газарт уламжилж өгөхийг хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхээс хүссэн байна.