Засгийн газрын танхимын гишүүд мөрийн хөтөлбөрийн төслийнхөө талаар УИХ-д тайлагнаж байна

A- A A+
Засгийн газрын танхимын гишүүд мөрийн хөтөлбөрийн төслийнхөө талаар УИХ-д тайлагнаж байна

Засгийн газрын танхимын гишүүд мөрийн хөтөлбөрийн төслийнхөө талаар УИХ-д тайлагнаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 дугаар сарын 28-нд хуралдаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг танилцуулахдаа нам, эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол санаануудыг тусгасан гэж мэдэгдсэн байна.

“Өдрийн сонинд” мэдээлснээр, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон кабинетийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авчээ. Тэд татварыг нэг шатлалтай болгох, төрийн албан хаагчдыг нам бус байлгах, сонгуульд өрсөлдвөл ажлаас чөлөөлөх, 40 мянга орон сууцны хөтөлбөр, англи хэлийг хоёрдугаар хэл болгох, тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг олон асуулт тавьсан байна. Эдгээр асуултад өгсөн хариултыг сийрүүлбэл:

-Татварыг нэг шатлалтай болгосноор татварын дарамт арилна.

-Төрийн албан хаагчдын хувьд улс төрийн харъяалал гол үзүүлэлт болж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхөд түүнийг ажлаас нь хэрхэн яаж чөлөөлөх вэ гэдгийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн 90 хувь нь нийслэлд үлдсэн нь орон нутагт хэрэгжих бөгөөд гурван арга замаар шийдвэрлэнэ хэмээн Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаяр мэдэгджээ. Тухайлбал, орон сууц барьж буй компаниуд, ашиглагдаагүй газарт амины орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл, хашаа бүрийг инженерийн шугамд холбож, амины сууцтай болгох зэрэг гүрван асуудлыг дэмжих замаар шийдвэрлэнэ гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Үүнд нийт 800 сая ам.долларын хөрөнгө шаардагдах бөгөөд түүнийг улсын төсвөөс бус хөрөнгө оруулалтын аргаар эх үүсвэрийг бүрдүүлэх бодолтой байгаа гэнэ. Мөн барилгын салбарыг тэргүүлэх салбар болгож, татвар хөнгөлөлт үзүүлэх, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх бөгөөд энэ асуудалтай холбоотой багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д оруулахаар төлөвлөж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр мэдэгдсэн байна. Түүнчлэн иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлж, нөхцлийг өөрчлөх хэрэгтэй байна. Залуу хосууд шинэ байр авахдаа эхлээд төлбөрийн тодорхой бага хувийг төлөөд үлдэх хэсгийг 10-20 жилийн хугацаанд бага багаар төлдөг тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж сайд Н.Батбаяр үзэж байна.

-Тэтгэврийн зөрүүг арилгахад итгэлцүүрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нийт тэтгэвэр авагчдын 65 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 32 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Итгэлцүүрийг 90 хувь болгоход 22, 100 хувь гэвэл 32, 130 хувь болгоно гэвэл 42 тэрбум төгрөгийн асуудал гарч ирнэ. Одоо бол 1999 онд тогтоосон 60 хувийн итгэлцүүртэй байна гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Ц.Баярсайхан мэдэгджээ. Тэрбээр цаашид эдийн засгийн өсөлт, инфляцтай уялдуулж цалинг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.