УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийн талаархи Олон Нийтийн Хэлэлцүүлэг

A- A A+
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийн талаархи Олон Нийтийн Хэлэлцүүлэг

Уулзалтын тэмдэглэл,
Улаанбаатар зочид буудал, 15:00 – 19:00

Уулзалтын эхлэл

Т.Галбаатар: Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны түрүүнд Соросын сангийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэе. Миний нэрийг Галбаатар гэдэг. МННХ-ийн удирдах зөвлөлийн дарга. Энэ уулзалтыг нээх завшаан надад олдлоо. Сүүлийн хоёр жилд Соросын сангийн үйл ажиллагааны нэг гол хэсэг нь Нээлттэй Нийгэм Форум хөтөлбөр байх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид өнгөрсөн сараас эхлээд янз бүрийн сэдвээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн уулзалтаар бид УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцүүлэхээр та бүхнийг урьсан юм. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Юуны түрүүнд УИХ-ын эрхэм гишүүн хатагтай Д.Алтайд энэ арга хэмжээнд оролцож танилцуулга хийхээр зөвшөөрсөнд талархсанаа илэрхийлэхийг хүсч байна. Ингээд энэ арга хэмжээ нээснийг мэдэгдээд хөтлөгч, МУИС-ийн багш Х.Тэмүүжинд микрофоноо шилжүүлье.

Х.Тэмүүжин: Өнөөдөр бидний хэлэлцэх гэж байгаа сэдэв нэлээд өргөн хүрээтэй. Бид хүмүүсийг үнэлэхдээ ёс зүйгүй байна гэх мэтээр хэмжих дуртай боловч чухам юугаар хэмжээд байгаа нь хэт их ерөнхий, ойлгомжгүй байдаг. Хэлэлцүүлгийг нээхээсээ өмнө хэдэн санаа хэлмээр байна. Өнөөдөр хэлэлцэх гэж байгаа асуудал нь хоёрдмол байдалтай бөгөөд хууль тогтоогчийн ёс зүйн асуудлыг хөндөх гэж байна. Английн улс төрч Эдмонд Берк 1974 онд сонгогчиддоо хандаж “Би парламентын гишүүний хувьд сонгогчид, эсвэл гарч ирсэн тойргийнхоо ашиг сонирхлыг илэрхийлэх төдий улс төрийнхөө нөхцөл байдалд барьцаалагдсан төлөөлөгч байх уу, эсвэл гарч ирсэн тойргийнхоо эрх ашигтай зөрчилдсөн ч гэсэн нийт улс үндэснтний эрх ашгийн төлөө авъяас чадвар, туршлага, гэгээрлээ зориулсан итгэмжлэгдсэн төлөөлөгч байх уу? Хоёр дахийг нь сонгох нь миний үүрэг. Яагаад гэвэл би үүнийг өөрөө өөртөө үүрэг болгож авч байгаа нь ёс зүйн шаардлага мөн” гэж хэлж байсан юм. Бидний ярих сэдэв ийм хоёрдмол агуулгатай байдаг улс төрчид ямар ёс зүйтэй байх вэ гэдэг энэ сэдвээр эхлэх гэж байна. Би хөтлөгчийнхөө хувьд хэлэлцүүлэг эхлэхээс өмнө дэгтэй холбоотой 3 санал хэлмээр байна.

1. Аль болох олон оролцогчийн санаа бодлыг тусгах зорилготойгоор болж өгвөл цагаа хатуу барих хэрэгтэй байна.
2. Энэ хэлэлцүүлэгт хувь хүний үүднээс биш, асуудалдаа илүү хандаасай гэж хүсч байна.
3. Асуудал ярьж байхад тодорхой нэгэн факт ярихыг үгүйсгэхгүй. Тухайлан нэр зааж ярихгүй байвал нэн таатай байна.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр ёсоор УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийн талаар танилцуулга хийхээр УИХ-ын эрхэм гишүүн Алтайд микрофоноо шилжүүлье.

Д.Алтай: Өнөөдрийн энэ ярилцлагад хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлээд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийг 2003 онд ажлын хэсэг бэлтгэн боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Энэ дагуу энэ намар УИХ энэ дүрмийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Юуны өмнө МННХ түүн дотроо Нээлттэй Нийгэм Форум УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийн талаар иргэний нийгэм, ТББ, судлаач эрдэмтдийн саналыг авах зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

Дүрмийн төслийг танилцуулахын өмнө УИХ-аас сүүлийн жилүүдэд парламентыг төлөвшүүлэх чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээллийг танилцуулья.

УИХ ардчилсан парламентыг хөгжүүлж төлөвшүүлэх чиглэлээр нэлээд ажил хийж байна. 2001 оноос НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Ардчилсан парламентыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2002 онд Монгол Улсад ардчилсан парламентыг бэхжүүлэх стратегийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнтэй хамтран парламентыг хөгжүүлэх гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж 2003-2005 онд парламентын төлөвшлийн гол гол асуудлаар хамтран ажиллаж байна. Мөн Засгийн газар хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Эдгээр хөтөлбөр, төсөл хэрэгжснээр Монголын парламентын ил тод байдал, хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоо, түүнд итгэх итгэлийг сайжруулахын зэрэгцээ хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдээс сонгогчдод үйлчлэх асуудалд тодорхой ахиц гаргах, хуулийн төсөл боловсруулах, батлах тогтолцоог стандартчилах, парламентын дэг журмын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг чухал алхмууд хийгдэх юм. 2002-2003 онд УИХ-ын мэдээллийн төвүүд олон газарт дээрх төслийн хүрээнд нээгдсэн. УБ хотын дөрвөн дүүрэг, таван аймгийн төвд УИХ-ын нээлттэй мэдээллийн төв байгуулагдаж, хуулийн төсөлд хүмүүсээс санал авах боломжийг бүрдүүлж байна. Мөн байнгын хороодод тодорхой төсөл, бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг явагдаж эхэлж байна. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчөөс өргөн барьсан архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар иргэд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг хийсэн байгаа. Энэ бүхэн нь парламентыг төлөвшүүлэх, иргэний нийгмийн оролцоог хууль, төрийн бодлогод тусгах чиглэлээр хийж буй алхмууд юм.

Соросын сангийн ННФ-аас улс төрчдийн ёс зүйн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж байгаа нь бодлого боловсруулах үйл явц болон парламентын мэтгэлцээнд иргэд, иргэний нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн чухал ажил болж байна.

УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмүүдийг боловсруулж батлах нь Монголд ардчилсан парламент, сайн засаглалыг төлөвшүүлэх, нөгөө талаар төрийн албаны нэр хүндийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 1995 онд төрийн албаны тухай хууль анх удаагаа гарч, 2001 онд шинэчлэгдсэн. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай болон авилгалын эсрэг хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай тогтоол зэрэгт УИХ-ын гишүүний болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудлын зарим зохицуулалт тусгагдаж ирсэн боловч ёс зүйн асуудлаар бие даасан хууль, дүрэм журам одоо хэр нь байхгүй байгаа юм.

2001 оны гуравдугаар сард Төмөр, Ганди, Цэвээнжав, Базарсад нарын гишүүд ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Ингээд 2001 оны 12 дугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцээд асуудлыг хуулиар бус, цогцолбор дүрмүүдийг боловсруулахаа шийдвэрлэсэн юм. Үүний дагуу 2003 онд ёс зүйн асуудлаар цогцолбор дүрмүүдийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулж,УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрэм, Ёс зүйн дэд хорооны дүрэмтэй холбоотой зургаан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цогцолбор асуудлыг УИХ-д өргөн барьсан байгаа. Мөн энэ дүрэмтэй хамт төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийг хамтад нь боловсруулсан байгаа. Ёс зүйн дүрэм, журмуудыг боловсруулахдаа ажлын хэсэг танин мэдэхүйн болон судалгаа лавлагааны шинжтэй нэлээд ажлыг хийсэн. Үүнд: АНУ, Хятад, Польш, Франц, Англи, Ирланд, ХБНГУ, Энэтхэг, Канад, БНСУ, ОХУ, Япон зэрэг 15 орны парламентаас ёс зүйн асуудлаар гаргасан хууль тогтоомжийг харьцуулан судалсан. Мөн ёс зүйн асуудлаар мэргэшсэн гадны экспертийг ажиллуулж, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын ёс зүйн хорооны зөвлөх Рид Слак 2001 онд ирж зөвлөгөө өгч, 2003 оны хавар төслүүд бэлэн болсон үед ажлын хэсэгтэй долоо хоног ажилласан болно. Энэүү дүрмийн боловсруулахдаа, нийгмийн бодит хэрэгцээ, гадаад орны парламентын нийтлэг жишиг, судалгаа шинжилгээ, экспертиз хийх аргад үндэслэн манай нөхцөлд нийцэх магадлалтай хувилбар гаргахыг чармайсан юм.

Аливаа улсын хууль тогтоох дээд байгууллага авилгалын эсрэг үр нөлөөтэй тэмцэх, тэр тусмаа парламентын гишүүдийг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон эрх үүргийн хүрээнд ажиллуулахад нь чиглэсэн хууль тогтоогчдийн ёс зүйн талаар баримтлах зарчим, хэм хэмжээг тодорхойлсон ёс зүйн код юм уу, дүрмийг баримтлан ажилладаг. Ёс зүйн дүрмийг гаргаснаар гишүүнийхээ нэр төрийг хамгаалах зорилгыг тавьдаг байна.

Гадаад орны нийтлэг жишгээс харахад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нь тус тусдаа төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудлыг хянадаг, хариуцлага тооцдог, зөвлөгөө өгдөг бие даасан бүтэцтэй байдаг. Жишээ нь, парламентад нь ёс зүйн хороо, засгийн газар, шүүхийн байгууллагуудад ёс зүйн хороо юм уу, сахилгын комисс зэрэг байгууллага байдаг. Харин тухайн төрийн албан тушаалтан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол эрүүгийн болон бусад холбогдох хуулиар хариуцлага хүлээж шүүхээр шийтгэдэг нийтлэг дэг журам баримтладаг юм байна.

УИХ-ын хувьд ёс зүйн Дэд хорооны дүрмийг боловсруулахдаа түүний бүтэц зохион байгуулалт, мөн гишүүдийн үүрэг, үйл ажиллагааны үндсэн журам, хариуцлага ногдуулах механизм зэрэг асуудлын хүрээнд бэлтгэсэн. Үүнд дараах хэдэн зарчмуудыг баримталсан.

1. ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд парламентын суудалд байгаа олонх цөөнхийг тэнцүү байлгах,
2. ёс зүйтэй холбоотой асуудлыг нам эвслийн бүлгээр хэлэлцэхгүй байх,
3. өндөр нэр хүнд бүхий, парламентын ажлын дадлага туршлагатай, зарчимч шударга, олон түмэнд нэр хүндтэй цөөхөн хүмүүсийг ёс зүйн хороондоо ажиллуулдаг олон улсын практикийг дэмжиж хэрэгжүүлэх зарчмын асуудлуудыг тусгасан.

Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийн талаар товчхон зүйл хэлье. Бид хамтдаа төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг боловсруулаад байнгын хорооны шугамаар Засгийн газар болон холбогдох байгуулагуудаас санал авч энэ асуудлыг шийдэхээр байгаа юм. Ер нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд орсон зохицуулалтын гол гол асуудал яг тэр чигээрээ орж байгаа. Гэхдээ энэ хүрээнд хамрагдах албан тушаалтан нь өөрийн албан тушаалын эрх хэмжээний хүрээнд бие даасан шийдвэр гаргадаг тул энэ онцлогтой холбоотой зарим өвөрмөц зохицуулалтыг бас тусгасан. Тухайлбал, шийдвэр гаргахдаа мэргэжлийн түвшинд боловсруулсан санал зөвлөмж, иж бүрэн үндэслэлийг тооцон гарч болзошгүй эерэг сөрөг талыг анхааран судлах, бодлогын шийдвэр нь хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх зэрэг үндэслэлийг баримталж байх зэрэг заалтуудыг оруулж байгаа юм. Энэхүү дүрэмд төрийн өндөр албан тушаалтан албаны эрх үүргийн хүрээнд баримтлах ёс зүй, орлого, томилолт, шагнал бэлгийн талаар баримтлах хэм хэмжээ, ТББ-уудтай харилцах болон, сонгуулийн кампанит ажлын үеэр баримтлах ёс зүйн хэм хэмжээ, мөн ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцох субьект болон тодорхой механизмуудыг заасан зохицуулалтыг хийсэн байгаа. Төрийн өндөр албан тушаалтан гэдэгт нийтдээ 210 орчин хүн хамрагдана. Үүн дотроо 2 бүлэг хүмүүс хамрагдаж байна.

1. Төрийн өндөр дээд албан тушаалтан гэсэн бүлэгт 120 орчим хүнийг хамарна. Их хурлын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, дээд шүүхийн дарга болон дээд шүүхийн шүүгч нар, улсын ерөнхий прокурор, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, яамдын дэд сайд зэрэг улс төрийн албан тушаалтан
2. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалд 84 хүн хамрагдаж байна: Үүнд нийслэлийн болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, засаг дарга нар, мөн их хурлаас томилогддог ерөнхий аудитор болон түүний орлогч, төрийн албаны зөвлөлийн дарга болон түүний орлогч, Монгол банкны ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгч, үнэт цаасны хорооны дарга ба дэд дарга, Үндэсний статистикийн дарга ба дэд дарга, ерөнхий прокурорын орлогч, шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, сонгуулийн ерөнхий хорооны дарга, хүний эрхийн үндсэний комиссын дарга ба гишүүн, ерөнхийлөгчийн зөвлөх 5 хүн, Их хурлын даргын зөвлөх 3 хүн, ерөнхий сайдын зөвлөх 5 хүн, засгийн газраас томилогддог агентлагийн дарга нар гээд нийдээ 23 төрлийн албан тушаалд хамрагдах 84 хүн багтаж байна.

Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлыг ёс зүйн дэд хороо хариуцах ба дээр дурдсан албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг Засгийн газар буюу төрийн албаны зөвлөл, шүүх эрх мэдлийн байгууллагууд дотор ажиллаж байгаа сахилгын хороо хариуцахаар болж байгаа. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэн чөлөөтэй санал зөвлөмжөө хэлээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.

Уулзалтын явц /Асуултаар эхлэв/

Ганхуяг: Сонгууль болох гэж байна. Одоо бүх хүн санал худалдаж авна гээд мөнгөө хадгалж байгаа. Энэ бол маш том бүлэг асуудал. Энэ асуудлыг өөр хуулинд тусгах юм уу, эсвэл бидний ярьж байгаа дүрмийн төсөлд тусгах юм уу? Сонгогчдын санал худалдаж авах бодит боломж байна.

Занаа: Ёс зүй гэхээр аль нэг намын үзэл хандлагад нийцэхгүй асуудал гаргаж байгаа гишүүнийг ёс зүйгүй хандлаа гэж магадгүй л дээ. Ёс зүй гэдэг ойлголтын цаана юуг тусгаж байна вэ? Ямар стандарт, хэм хэмжээ нь ёс зүй гэдэг ойлголтоор явах юм бэ?

Дашпүрэв: Төсөлтэй танилцахад ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг аль хэдийнэ өөр хуулинд орсон зүйлүүдийг нэгтгэсэн байна. Манайд ёс зүй гэдэг ойлголтыг авч үзэхдээ олон улсын хоёр илэрхийллийг нэг үгээр ойлгоод байдаг. Ёс зүй гэдэг нь этика юм. Шүүгчийн ёс зүй, эмчийн ёс зүй, дипломатын ёс зүй гэхээрээ этикет гэж хэлдэг. Энэ нь нарийн утгаар нь авч үзвэл биеэ яаж авч явах гэдэг ойлголт л доо. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд их хурлын гишүүний ёс зүйг авч үзэх гэж байгаа юм уу, эсвэл хуулийн хүрээнд ажлаа яаж явуулах гэж байгааг авч үзэх гэж байгаа юм уу гэдгийг ялгахыг хүсч байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн эхнэрийнхээ хажуугаар нууц амрагтай байх нь ёс зүйтэй асуудал мөн үү? Амьдралын үүднээс энэ бол ёс зүйгүй асуудал л даа. Ёс зүйн дүрмэнд энэ асуудал байхгүй байгаа. Бас нэг жишээ хэлье. Би Энэтхэгт ажиллаж амьдарч байсан учраас Энэтхэг хүний ёс зүйг мэднэ. Тэд маш хатуу ёс зүйтэй. Тийм атлаа их хурлын эмэгтэй гишүүн нь гараа зангидаад ширээгээ цохих, эсвэл их хурлын даргыг өөрийнхаа намынхаа бодлоготой зөрвөл шууд очоод ус цацдаг. Үүнийг этика гэж үздэггүй юм. Үүнийг ёс зүйн дүрмэнд оруулаад байгаа юм уу? Энэ талаар мэдмээр байна.

УИХ-ын гишүүн болохын өмнө сонгуулийн кампанийн үеэр санал худалдаж авах асуудал яригдлаа. Хувь хүмүүсээс авч байгаа мөнгө, аж ахуйн нэгжүүдээс авч байгаа хандивын хэмжээг хаана нь яаж тогтоож өгөх вэ? Хуулийн төслийг уншаад үзэхээр 16-р зүйл дээр хэтэрхий хувь хүний эрхийг хаагдуулсан асуудал тусгагдсан юм болов уу гэж бодож байна.

Гомбоцэдэн: УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар томоохон социологийн судалгаа явагдсан уу?

Баасанжав 
        1. Маш олон хуулинд өөрийн чинь ярьсан асуудлууд тусгагдсан байж байгаа. Дахиад нэгийг хийх гэж байгаа юм уу? Өмнөх хуулиуд нь яачихаад байгаа юм бэ?
       2. Гадаадын маш олон орноор явж хууль судаллаа гэж байна. Монголынхоо ихэс дээдсийн төрийн хуулийг судлав уу? Ёс зүй нь ямар байсныг судалж үзсэн үү? Энэ дүрмийг монгол хүнд зориулж байна уу, гадаад хүнд үү?

Цэнгэл: Дунд сургуулийн сурагчдад ёс зүйн хичээл гэж ордог. Ёс зүйн агуулга, хэм хэмжээ, ухагдахуун, зарчим гээд дунд сургуулийн хөтөлбөрт байдаг л даа. Ингэж бага ангиас нь ойлголт өгөх нь зөв асуудал. Гэвч энэ нь стандарт бус үнэлгээтэй, ганцхан улиралд долоо хоногт 2 удаа л ордог. Уг нь намайг 9 дүгээр ангид байхад ёс суртахууны хичээл ордог байсан. Одоо ахлах ангид орохоо больсон. Намайг сонсож байхад ёс зүйг хуулиар бус дүрмээр зохицуулна гэж байна. Манайд хууль гараад хүмүүс хуулиа хэрэгжүүүлэхгүй шүү дээ. Хуулиа дагахгүй хүмүүс дүрмээр зохицуулагдах болов уу? Энэ талаар судалж үзэв үү?

Д.Алтай: Нэлээд олон асуулт гарлаа. Боломжийнхоо хэрээр хариулъя. Сонгогчдын санал худалдаж авах асуудал нь ёс зүйн дүрэмд шууд орж байгаа асуудал биш. Ёс зүйн дүрмээр УИХ-ын гишүүн ёс зүйн ямар хэм хэмжээнд ажиллах ёстой, юуг анхаарах ёстойг зааж өгч байгаа. Сонгогчдын санал худалдаж авах асуудлыг боловсронгуй болгох заалт УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд илүү хамаатай асуудал. Гэхдээ ёс зүйн дүрэмд сонгуулийн кампанит ажилтай холбоотой заалтууд орж байгаа. Албан ажлын утас, факс, унаа, цаас гэх мэт төрийн нөөц хөрөнгийг сонгуулийн кампанит ажилд ашиглаж болохгүй гэсэн заалт байгаа.

Ёс зүй хэм хэмжээний дүрмийн 5 асуудалд хамрагдаж байгаа зүйлүүд бол ёс зүйн стандартууд юм. Ёс зүйн стандартыг ажлын хэсэг зохиож гаргасан хэрэг биш. Дээр хэлсэнчлэнээр олон орны парламентаас гаргасан дүрэм журмуудтай танилцаж нийтлэг жишгийг тусгасан юм. Нийтлэг стандартын хүрээнд бол албан ажлаа гүйцэтгэж байх үедээ ямар ёс зүй баримтлах вэ гэх мэтээр та нарт тараасан дүрмийн төсөл дээр нэлээд тодорхой байгаа. Тийм учраас задалж яривал цаг авах байх.

Ёс зүйн дүрэмд туссан асуудал бусад хуульд туссан гэж байгаа. Ёс зүйн асуудал ямар ямар хуулинд туссан бэ гэдэг талаар томоохон судалгаа хийсэн. манай хуулинд тусгагдсан асуудлуудыг нэлээд судалсан. Манайд одоо үйлчилж байгаа УИх-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, төрийн албаны тухай хууль зэрэг хуулиудад тодорхой заалт бий. Гэхдээ ёс зүйн стандартыг тусгайлан дүрэм журам болгож түүнийг хянадаг субьект ажилладаг нийтлэг жишгийн дагуу байх нь зүйтэй юм гэсэн зөвлөмжийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын ёс зүйн хорооны зөвлөх өгсөн. Шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш ёс зүйн асуудлыг зохицуулж байсан практик манай оронд байхгүй. Тийм учраас ёс зүйн асуудлыг гадны орны жишгээр Монголд нийцүүлж гаргасан хувилбар. Энэ нь батлагдсан дүрэм биш. Их хурал үүнийг хэлэлцэж батлана. Үүнд нэлээд өөрчлөлтүүд орох байх.

УИХ-ын гишүүн нь бие авч явах талаар бэлтгэгдсэн байх ёстой учраас хуулиар зохицуулах нь маш хатуу бөгөөд ихэнх гадаад оронд дүрмээр зохицуулдаг гэсэн санал давамгайлж дүрмээр зохицуулах болсон юм.

Зоригтбаатар
        1. Сонгогчдын санал худалдаж авах гэдэг дээр нэлээд их акцент өгөөд байна. Алтай гишүүн үүнийг хуулинд оруулж өгөх ёстой гэж хариулж байна. Та гишүүний хувьд сонгогчдын саналыг худалдаж авна гэдгийг юу гэж ойлгож байна вэ?
         2. Факсын аппарат гэм тэх албаны зүйлийг сонгуулийн компанит ажлын үеээр ашиглаж болхгүй гэдэг заалт хэтэрхий хийсвэр юм биш үү. Үүнийг хянах ямах механизм байгаа юм уу?
        3. Одоо байгаа цөөнхийн гишүүдийг ямар нэгэн байдлаар ёс зүйн хэм хэмжээнд барьж байхын тулд дүрэм гаргачих вий дээ. Их хурлын гишүүд маань өөрсдөө ёс зүй гэж юуг ойлгож байгаа юм бэ? Үүнийгээ ямар хэм хэмжээнд барих ёстой гэж боддог юм бэ? Энэ дүрмийг боловсруулж байхдаа их хурлын гишүүдтэй аль хэр тулж ажилласан бэ?

Д.Алтай
      
1. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэж би хувьдаа боддог. Ялангуяа тойргийг томсгох, хугацааг багасгах, их хурлын сонгуулийг орон нутгийн сонгуультай хугацааг давхцуулан хйих гэх зэрэг өөрчлөлт орох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Жижиг тойрогт санал худалдаж авах боломж байгаа. Үүнийг бид 1996, 2000 оны сонгуулиар харсан.
         2. Хэрэв энэ дүрэм батлагдах юм бол төрийн нөөцийг хянах механизмуудыг хийж өгнө. Хянах дүрэм журмыг гаргах байх гэж бодож байна . Одоо бид 1998 онд батлагдсан авилгалын эсрэг хуулийн дагуу орлогын мэдүүлэг өгч байгаа. Ажлын хэсгийнхэн орлогын маягтын шинэ хувилбарыг боловсруулсан байгаа. Иймээс орлогын мэдүүлэг ч бас ил тод нээлттэй үнэн байх асуудал дээр тухайн гишүүн өөрөө зарчимч байдлаар хандах заалтыг давхар оруулж байгаа.
          3. Их хурлын гишүүдийн дунд нэг их тулж ажилласан зүйл байхгүй. Иймээс ёс зүйн дүрмийг чуулганаар хэлэлцэхийн өмнө бид их хурлын гишүүдийн дунд лобби арга хэмжээ явуулна гэж бодож байгаа.

Ганхуяг: Ёс зүй талаар яривал их олон зүйл ярина. Энэ талаар хүн төрөлхтөн бүүр Аристотелийн үеэс одоог хүртэл яриад л байгаа боловч шийдсэн зүйл ганц ч байхгүй. Манай практикт болсон хоёр жишээг хэлье. 
           1. 1994 онд Хууль зүй дотоод хэргийн байнгын хороо гэж байхад одоогийн их хурлын гишүүний ёс зүйн талаар дүрмийн төслийг боловсруулсан чинь хүлээж аваагүй. Энэ бэрхшээлтэй та нар тулгарна.
          2. Өнгөрсөн жил БХЯ офицер, ахлагч нарын дүрэм журам гэж гаргасан. Би тэд нараас “Та нар үүнийгээ хаанаас авсан бэ” гэж асуухад бурхан багшийн сургаалиас авсан гэж байсан. Ёс зүйн аль баримтлалыг авах вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Миний бодлоор Үндсэн хуулиасаа эхлээд нийгмийн чиг баримжаа барууных байгаа учраас барууны буюу Христианы этикийг авах хэрэгтэй. Исүс христийн 10 сургааль байдаг. Тэрний өөр нэг хувилбар болох Эвангелийн 10 сургааль байдаг. Мөн хамгийн сайн нь Карл Марксын коммунистуудын ёс суртахууны дүрэм гэж байдгийг мартсан бол эргээд харах хэрэгтэй. Дандаа Марксын юм муу байх албагүй шүү дээ. Үүнээс илүү ёс суртахууны дүрмийг би мэдэхгүй.

Чимид
       
1. Бид үзэл баримтлалаа тодорхойлмоор байна. Их хурлын гишүүний баримталдаг хэм хэмжээ үндсэн хуулиас эхлэнэ. Ямар ч байсан 2-3 хэм хэмжээ хэрэгтэй. Их хурлын гишүүний үүрэг хариуцлага гэж зүйл байж болно. Энэ нь их хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах ёстой. Энэ дүрэмд хэт их олон зүйл орсон байна. Өөрөөр хэлбэл аль нь ёс зүй, аль нь хууль зүй болох нь мэдэгдэхгүй болжээ. Иймээс их хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах зүйлээ ялгаж авах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн оршил, 1, 2-р заалт, 28-р заалтууд ердөө дурдагдаагүй байна. Их хурлын гишүүний сонгогдохоос эхлээд огцрох хүртэл үндсэн хуулийн заалтуудыг концепц гэж нэрлэнэ.
          2. Онолын баримтлалын хувьд ёс суртахуун гэдэг нь хэм хэмээний тал юм. Түүнийг судалдаг нь этика юм. Шинжлэх ухаан ба хэм хэмжээ хоёрыг хольж болохгүй. Ийм учраас их хурлын гишүүний баримтлах зан суртахуун, хэм хэмжээний тухай гэсэн нэр баймаар байна. Ингэх нь арай ажил хэрэгч, энгийн талруугаа орно.
          3. Зан суртахуун гэдэгт юу орохыг би нэмж хэлье. Энэ нь ердөө л их хуралд суух асуудал биш. Их хурлын гишүүн дотоод, гадаадад яаж бие авч явах, ямар зарчим баримтлах асуудал юм. Дүрмийн бүтцийг Монголын уламжлалтай уялдуулан өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь, их хурлын гишүүний цээрлэх зүйл гэсэн гарчиг баймаар байна. Жишээлбэл, ховдог шунахай, шалиг завхай, ихэмсэг дээрэнгүй, аймхай хулчгар, хуурамч , мангуу тэнэг, хэрцгий догшин гэх зэрэг нь Түшмэлийн засаг хуулинд байгаа 10 зүйл юм. Энэ л зан суртахууны асуудал. Ховдог шунахай гэдгийн ард орлогоо нуухгуй, улсын хөрөнгө идэж болохгүй, ардын хөрөнгө хумсалж болохгүй, бэлэг дурсгалд шунаж болохгүй гэсэн заалтууд орох ёстой. Тулгуур баримтлалыг тодорхойлохгүйгээр энэ тэндээс элдэв зүйл авч эвлүүлээд олигтой дүрэм болохгүй. Баримтлах ёстой зүйл дотор хичээнгүй гэсэн үг байдаг юм. Ардад ээлтэй, хичээнгүй, төлөв даруу, ажилсаг гэсэн ёс суртахууны шалгуурууд байгаа юм. Томилолтоор явахдаа хоногоо хэтрүүлэхгүй гэсэн дотоод журам маягтай заалтууд байгаа юм. Үүний оронд гадаадад явахдаа урвахгүй, их хурлын гишүүнийхээ нэр төрийг болон эх орноо хамгаалж явах ёстой гэсэн заалт байх ёстой.

Энэ дүрмийн бүтцийг арга зүйн хувьд өөрчлөх хэрэгтэй.

        А. Төрийн төлөөлөгчийн хувьд их хурлын гишүүний ёс зүй хэм хэмжээ. Үүнийг монголчууд түшмэдийн ёс гэж томъёолж ирсэн.
        Б. Улс төрийн ажилтны хувьд баримталдаг ёс зүйн хэм хэмжээ. Намаа дээр нь тавих уу төрөө дээр нь тавих уу гэдэгтэй холбоотой. УИХ-ын гишүүн намын шийдвэрээс зөрж болох юм уу? АНУ-д болно гэж үздэг. Тойргоосоо ч зөрж болно гэж үздэг.
       В. Нийт ард түмний төлөөлөгчийн хувьд баримтлах ёс зүйн хэм хэмжээ. Хувийн ашиг сонирхлоо хамгаалах уу, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах уу гэдэг асуудал үүнд хамаарна.

Ард түмний ёс заншлыг хүндэтгэнэ гэсэн асуудал энэ дүрэмд ердөө алга. Үндсэн хуулийн оршилд Монгол улсын бүрэн эрхт тусгаар тогтносон байдлыг бататган бэхжүүлэх гэсэн үг байгаа. Мөн бусад ард түмний соёл иргэншлийн хүндэтгэн үзэх гэсэн заалт бас бий. Энэ хоёрыг дагаж их хурлын гишүүн гадаадад биеэ авч явах ёстой.

Хууль биш дүрэм гэж яриад байна. Их хурлаас гарж байгаа бүх зүйл нь хууль. Эрэмбэлсэн баримт бичгийг кодекс гээд байгаа юм. Тэр нь дүрэм ч байдаг, хууль ч байдаг. Их хурал дээр хуулийг тогтоолоор солих гэж яриад байсан. Тогтоол чинь өөрөө хууль шүү дээ. Ёс зүйн хэм хэмжээг хууль болгож болохгүй гэдэг нь зөв. Ёс зүйн хэм хэмжээг хамгаалан дэмжих тухай хууль гэж нэрлэж болохгүй юу. Ёс зүйн хэм хэмжээг хуулиар дэмжиж болно. Харин хуульчилж болохгүй.

Манайхан олон улсын практикийг харсан гэдэг мөртлөө үг үсгийн яг нарийн утгаар нь хөөгөөд судалсан нь их бага байдаг. Гишүүний орлого гээд байдаг. Одоо бол гэр бүл, үр хүүхдийн орлого гэж баймаар байна. Тэгэхгүй бол хүүхдүүдийнхээ нэр дээр компани байгуулаад байдаг. Эхнэр, хүүхэд, хүргэн, бэр гэсэн 3 үеийн хэмжээнд декларацийг хийх хэрэгтэй.

Сахилгын шийтгэл байдаг. Ёс зүйн зөрчил гаргасан бол гишүүн байх эсэх тухай асуудлыг хөндөх, сайн дураараа огцроно гэсэн заалт оруулмаар байна. Германд эхнэртээ албаны тэргээ унуулсан гэж сайд огцорч байсан шүү дээ.

Төрийн дээд болон өндөр албан тушаалтан гэдэг ойлголтыг холиод байна. Төрийн өндөр албан тушаалтан гэдэгт их хурлын гишүүн болон түүнээс дооших тушаалтан орно. Төрийн дээд албан тушаалтан гэдэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, зарим тохиолдолд засгийн газрын гишүүд ордог. Энэ нь хуулинд хоёр янзаар хэрэгжсэн байгаа байх. Иймээс ёс зүйн дүрмийг өндөр албан тушаалтны түвшинд хийе. Ерөнхийлөгч эх орноосоо урваагүй, хүнд гэмт хэрэг хийгээгүй бол огцруулахгүй гэдэг олон улсын жишиг байдаг.

Тэмүүжин: Ерөнхий этика, албаны ёс зүй гэдэг ойлголтыг салгаад яривал яасан юм бэ гэж санал гаргамаар байна. Жишээ нь, Албаны болон мэргэжлийн ёс зүйг тодорхойлсон тодорхойлолтыг харьцуулж ийм нэгэн зүйл авсан юм. “Бусдын нэрийн өмнөөс тэдний эрх ашгийг хангах үйл ажиллагаа явуулахаар эрх олж авсан этгээд эрх олгосон бүтцийн сонирхлыг өөрийн болон бусад хөндлөнгийн сонирхлын дээгүүр тавьж ил зан суртахууны нөхцлийг албаны үйл ажиллагаандаа мөрдлөгө болгохыг этика гэнэ” гэсэн байдаг. Бидний ярих зүйл энэ хүрээнд базагдвал хуулийнхаа зохицуулалт руу илүү орж ирэх байх гэж бодож байна.

Ганбат: Миний ярих гэж буй зүйл бол хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дүгнэлт учраас ажлын хэсэгт орсон хүмүүсийг танилцуулах нь зүйтэй байх. Удирдлагын академийн Цолмонтуяа багш, МУИС-иас Оюунчимэг багш, ХЗС-иас Тэмүүжин багш мөн миний бие орсон юм. Бид 4 энэ асуудлыг боловсруулсан юм.

Амарсанаа: 1993 онд Цагдаагийн Ерөнхий газар этикийн дүрмээ баталсан. Сүүлийн 10 жил Монгол Улсын 20 орчим хуульд ёс зүйн тухай заасан байдаг. Гэхдээ ёс зүйг дандаа үүрэг болгож оруулсан байдаг. Бүдүүн тоймоор ярихад УИХ-ын гишүүн хуулиа, дотоод журмаа биелүүлэх ёстой, этик гэдэг зүйлийг нэмэлт хэм хэмжээ болгон баримтлаарай гэсэн шаардлага тавьдаг юм байна л даа. Этик бол хуулиас гадуур зүйл. Гэхдээ хууль, ёс зүй нь бие биедээ уусч ордог зүйл. Ёс зүй нь дүрмээр зохицуулах зүйл. Яагаад гэвэл УИХ-ын 76 гишүүнд зориулсан зүйл. Ёс зүйн хорооны дүрэмд ёс зүйн хэм хэмжээг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор баримтална гэж байна. Ингэж болохгүй. Бусад байгууллагын хэрэгт оролцоно гэсэн үг. Ёс зүйн дэд хороо бол УИХ-ын 76 гишүүдэд зориулсан дэд хороо.

Дүрэмд хууль зүйн талаас нь харахад засч залруулмаар зүйл байна. УИХ-ын гишүүд ёс зүйн хэм хэмжээ тогтоох талаасаа хойрго байдаг юм болов уу гэсэн бодол төрдөг. Яагааад гэвэл УИХ-ын хэд хэдэн чуулганаар ёс зүйн дүрмийн төсөл төлөвлөгөөнд нь ороод хойшлогдоод байдаг. УИХ-ын гишүүдийг харахад ёс зүйтэй, гайгүй хүмүүс харагддаг боловч дүрмээ батлах гэхээр хойшоо тавиад байдаг. Энэ дүрмийг заавал батлах ёстой.1997 онд баталсан Их хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулинд Их хурлын гишүүн нь тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтална гэж орсон байгаа. Хуулийн тэр заалтыг УИХ өөрөө хэрэжүүлэхгүй таван жил есөн сар явж байна. Хуулиа өөрсдөө биелүүлэх үүднээс дүрмээ батлах хэрэгтэй. Тэдэнд хуулийн энэ заалтыг хүчингүй болгох, эсвэл тэр заалтаа амьдралд хэрэгжүүлэх үүднээс дүрмээ батлаж мөрдөх шаардлагатай.

Занаа: Миний санаа зовж явдаг зүйл бол өнөөдөр төр, засгийн эрх мэдэл холилдсон буюу УИХ-ын гишүүн мөртлөө төрийн сайдын албыг хашиж байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл бодлогоо боловсруулаад шийдвэр гаргаж хууль тогтоомжоо баталчихаад түүнийгээ өөрөө хэрэгжүүлэх ёстой болчихдог. Хууль тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэх үйл ажиллагаатай холилдсон ийм нөхцөлд ёс зүйд захирагдах эсэх нь ямар түвшинд байх бол? Хоёр хүний эрх мэдлийг атгаад сууж байгаа хүний ёс зүйн асуудлыг хэн хянах вэ?

Ламжав: Би нэг зүйлийг онцолмоор байна. Үнэн мэдээлэл өгөх тухай асуудал хамгийн чухал байдаг. Том шийдвэр буруу гарвал хохирол нь их байдаг. Их хурлын гмшүүдийн хяналтад авах гурван чухал санаа байна.
        1. Орлогын мэдүүлэг
       2. Томилолтын асуудал.Үүний цаана авилгалын асуудал байгаа. Их хурлын гишүүн хэдэн удаа хаашаа ямар зорилгоор, хэний мөнгөөр явав гэдэг нь сонгогочдод ил тод байх ёстой.
        3. Санал хураалтад ямар санал өгч байна гэдэг асуудал. Үүнээс зөндөө зүйл мэдэгдэнэ. Санал олон нийтээс далд байдаг.

Энэ гурав дээр сайн мэдээлэл авч олон түмэнд хүргэх юм бол дэвшил гарна.

Төгөлдөр: Дүрмийн төслийн ёс зүйн хэм хэмжээний заалтууд барьцгүй, ерөнхий болжээ. Албан тушаал давхар хашихгүй байх асуудал маш тодорхойгүй байгаа. Хуралдааны дэгийн тухай ёс зүйн асуудал дурдагдаагүй байсан. Хувийн хэвшлийн байгууллагаас нэр дэвшиж байгаа хүн байгуулагынхаа нөөцийн ашигладаг тохиолдол байгаа шүү дээ. Энэ асуудлыг яах вэ?

Ангараг: Америк улсын жишээ авч байна. Америк, Монгол хоёр нь өдөр шөнө шиг ялгаатай. Иймд хөгжлөөр ойролцоо улсын жишээ авбал зохимжтой байна. Ёс зүйн асуудлаар ярьж байгаа болохоор үүнтэй холбоотой нэг асуулт тавъя. Манай сургууль биеийн тамирын заалгүй. 9 дүгээр сарын 1-нд нээлт дээр УИХ-ын гишүүн Ганди ирээд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн өгнө гэсэн боловч одоо болтол зохицуулж чадаагүй байгаа. Энэ нь ёс зүйн асуудал мөн үү?

Баасанжав: Шударга биш хууль их гарч байна. Жишээ нь намын бүлэг 8 гишүүнтэй байна гэсэн нь чухал л даа. Гэхдээ заавал үг хэлэхтэй холбогдуулан авч үзэх нь ямар хэрэгтэй юм бэ? Үүнийг сонирхлын үүднээс хийсэн нь шударга биш явдал. Үндсэн хуулинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг заасан байхад зөрчөөд байх юм. Тэгээд асуудал болохоо байхаар хууль гэж хэлдэг. Өнөөдөр авилгалын тухай хууль үйлчилж байгаа боловч хэрэгжүүлж байгаа юм байхгүй л байна. Америк гэх мэт олон оронд хууль олон болохын хэрээр хүний эрхийг хязгаарлаж байдаг гэж ярьдаг. Гэтэл манайд 1000 хуультай л болбол бүх зүйл бүтчих юм ярьдаг. Энэ бол туйлын буруу. Энэ дүрмийн боловсруулахдаа Чимид гуай мэтийн хуулийн мэргэжилтнүүдийг оролцуулах нь зүйтэй.

Мөнхсайхан: Ёс зүйг зарим хүмүүс үүргийн тухай шинжлэх ухаан гэж тодорхойлдог. Ёс зүйтэй байна гэдэг нь субьектийн эрх ашгийг хамгаалахаар үүрэг хүлээсэн этгээд өөрийн буюу бусад этгээдийн эрх ашгийг үл харгалзан гагцхүү хамгаалах ёстой субьектийн эрх ашгийн төлөө үүргээ гүйцэтгэж байвал ёс зүйтэй байна гэж ойлгоно гэсэн үг. Миний бодлоор.УИХ гишүүн нь нийт ард түмний эрх ашгийг хамгаална гэж Үндсэн хуульд тодорхой заасан. Энэ нь ёс зүйн хэм хэмжээ ямар хүрээнд яригдах ёстойг нэгэнт тодорхойлж байна. Энэ хүрээндээ ёс зүйн асуудлаа илүү тодорхой нарийвчлан авч үзвэл зүйтэй болов уу гэж бодож байна. Дүгнээд хэлэхэд, УИХ-ын гишүүн нийт ард ард түмний дунд үүргээ ухамсарлан үйл ажиллагаа явуулахдаа ард түмний байр сууринаас хандаж байх ёстой.

Тамир: УИХ-ын гишүүний дүрмийг 2 янзын хувилбараар гаргаж болох юм.
        1. УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг гаргаж ирэх. Үүний учир дутагдалтай тал нь гэвэл та бүхний хэлснээр бусад хуультай давхардсанд байгаа юм.
          2. Энэ олон асуудлаасаа гол үндсэн асуудлаа бариад тэр чиглэлээрээ явах хувилбар байж болох юм. Эхний хувилбараар явахад заалтуудыг шүүмжилж байна. Гэхдээ юу дутуу байгаа, юу илүү байна вэ гэдгийг мэдэхгүй байгаа юм. Олон асуудлыг багцлаад явбал төгс төгөлдөр болох байх. Эсвэл гол гол асуудлаа дагаад явах юм бол эргээд батлуулахад, хэрэгжүүлэхэд арай хялбар байх байх. Дараа нь эргээд сайжруулахад янз бүрийн хувилбар байж болох юм.

Оюунцэцэг: Багцлаад хэдэн санал хэлэе. Ажлийн хэсэгт хуулийн мэргэжлийн хүмүүс хэдэн хувь нь ажилласан юм бол? Төслийг боловсронгуй болгох хэрэгтэй. Дүрмээ цэгцтэй болгохын тулд нэр томъёоныхоо тал дээр сайн ажиллах, ёс зүйн хэм хэмжээг тогтоохдоо уламжлалт ёс заншилаа судлах хэрэгтэй гэсэн санал тавимаар байна.

Мөнхцэцэг: Сонгогчдын саналыг худалдаж авахыг хязгаарлах нэр арга бол хандивын хэмжээг хязгаарлах явдал юм. Бас нэг арга нь УИХ-ын гишүүн өөрийн зүгээс бусдад өгөх хандивын хэмжээг хязгаарласан хууль байж болох юм. Хандивын хэмжээг хязгаарласан заалт нэмэх саналтай байна.

Нямжав: Ёс зүйн үүднээс практикт тохиолдсон фактууд юу вэ? Ямар факт гарч болзошгүй байна вэ? Эдгээр нь ямар заалтуудыг зөрчиж болох вэ гэдгийг схемчлээд тодорхой болгох саналыг хэлье.

Ламжав: Хариуцлагын зааллт маш тодорхойгүй байна. Гэмт хэрэгтэй холбогдоогүй тохиолдолд тойргоос нэрийг нь татах гэх мэт заалт байхгүй байгаа. Үндсэн хуульд зааснаар Их хурал Үндсэн хуулийн асуудлаар цэцэд хандах эрхтэй. Энэ эрхээ ашиглаж байсан тохиолдол байхгүй.

Нарантуяа: УИХ-ын гишүүн ёс зүйгээ сахин биелүүлэхэд нэг талаас нийгмийн туслалцаа байх, нөгөө талаас хэрэгжүүлэх боломжийг нь хуулиар бүрдүүлж өгөх ёстой.

Уулзалтын төгсгөл

Д.Алтай: Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулж буй энэ хэлэлцүлэгт 15 хүн санлаа хэллээ. Боломжийн саналыг Их Хурлаар хэлэлцэх үед харгалзан авч үзнэ. Яагаад гэвэл энэ нь өргөн барьсан төсөл учраас засаж засруулах боломж нээгдэх байх. Ёс зүйн дүрмийн заалт бусад олон хуулийн заалтуудтай ижил байна гэсэн санал гарлаа. Яг нарийн авч үзвэл бусад хуулиуд дээр өөр өөр аспектаар заагдсан зүйлүүд байгаа. Үнэхээр ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой зүйлүүдийг бид анх удаа хийхийг чармайсан. Хэл найруулгын хувьд, хууль зүйн тоъёололын хувьд засаж сайжруулах зүйлүүд байгаа. Өнөөдөр хуулиуд нь цэгцэрсэн, төгс төгөлдөр биш байгаа. Цаашид улам боловсронгуй болж байна. Миний бодлоор энэ ёс зүйн дүрмийг ямар ч байсан эхлээд батлах ёстой. Яваандаа амьдрал дээр засаж сайжрагдах боломж гарах байх. Бусад хуулинд байгаа заалттай давхцаж оруулахгүй байхыг хичээсэн.

Олон хуулийн ёс зүйн холбоотой заалтууд дээр бид судалгаа хийгээд үндсэн дээр дүрмийн төслийг боловсруулсан юм. Магадгүй давхардсан гэж ойлгогдож байгаа бол засаж сайжруулах хэрэгтэй байх. УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрэм гэж ерөөсөө байгаагүй. УИХ-ын тухай хуульд ёс зүйн болон төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга цөөнхийн төлөөллөөс байж болно гэж байгаа. Бид ёс зүйн дэд хороог улс төржих хандлагаас аль болох ангижруулах зарчмыг хийж өгсөн гэж бодож байна. Ёс зүйн дэд хороо наймаас илүүгүй хүнтэй байх ба олонхи цөөнхийн төлөөлөл жигд байна гэж заасан. Энэ бол маш том зарчим. Хэрэв бид дүрмээ батлаад энэ зарчмаар явах юм бол парламентын төлөөлөл ёс зүйн дэд хороонд орж ёс зүйн асуудал улс төржих хандлагаас биш асуудлынхаа агуулгатай нийцсэн байдлаар хэлэлцэх байх. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа аливаа нам бүлгийн эвслийн хурлаар ёс зүйн асуудлыг хэлэцэхгүй гэж нэмэлт оруулж байгаа. Бид үүнийг шинэ зарчим тусгагдлаа гэж бодож байгаа. Та бүхэн санаа бодлоо хуваалцаж, ажил хэрэгч санал тавьсанд баярлалаа гэж ажлын хэсгийн нэрийн өмнөөс хэлье.

Х.Тэмүүжин: Хэлэлцүүлгээ хаахаас өмнө хөтлөгчийн хувиас хэдэн санаа дүгнэж хэлье. Хэлэлцүүлгийн гол зорилго бол олон нийтийн санаа бодлыг их хурлаас гаргаж байгаа шийдвэрт тусгуулах зорилгогтой. Ёс зүй гэдэг ойлголтыг бид ярихдаа их хурлын гишүүн ямар нэг үйл ажиллагаа явуулахдаа ямар сэтгэлээр хандах ёстой вэ гэдгийг нь илүү зохицуулна гэдэг нэг ойлголт руу алхсан байх гэж бодож байна. Мөн ёс зүйн тухай ярихдаа хууль зүйн зохицуулалт, ёс зүйн зохицуулалтын хүрээ хаагуур яаж салах ёстой вэ гэдэг дээр тодорхой салгаж үзэх хэрэгтэй гэдгийг мэдэрлээ. Тодорхой этгээд албан үүргээ гүйцэтгэхдээ ямар сэтгэл гаргаж хандах вэ гэдгийг ёс зүйгээр зохицуулж өгдөг гэж олон номонд байдаг. Харин ажил үүргийн функцийг хуулиар зохицуулж өгнө гэж байдаг. Бид хандах хандлага дээр илүү их ярилцлаа. Төрийн албаны ёс зүй гэхээсээ илүү ард түмний төлөөлөгч байх шаардлага нь ёс зүй дээр яригдах ёстой юм байна гэдэг дээр санал бодол нэгдлээ. Манайд байгаа бэрхшээлтэй фактуудыг шийдэхийн тулд энэ ёс зүйн асуудал хөндөгдөж байгаа. Парламентын доторхи улс төрийн эрүүл соёл , зөв хандлагыг бий болгохын тулд ёс зүйн код хэрэглүүр байх ёстой гэдэг дээр санал нийлж байна. Ёс зүйн кодыг хийхэд маш олон хувилбар бий. Хуульчийн ёс зүй, эмчийн ёс зүй гэдэг нь тодорхой байдаг. Хамгийн маргаантай, олон зүйл холилдож ордог ёс зүй бол улс төрчийн ёс зүй байдаг учраас олон асуудал санаа холилдож орж ирлээ. Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон та бүхэнд их баярлалаа. Хэлэлцүүлгээ өндөрлөе.

Оролцогчид:

УИХ-ын гишүүд, төрийн албаны төлөөлөгчид:
1. Д. Алтай УИХ-ын гишүүн, Дүрэм төсөл боловсруулах ажлын хэсгийн aхлагч
2. Н. Насанжаргал УИХ-ын Тамгын Газрын зөвлөх

Иргэний нийгмийн байгууллагууд:
3. Ц. Зоригтбаатар Монголын залуучуудын холбоо
4. Ж. Занаа CEDAW Watch
5. М. Болормаа “Эмэгтэй Удирдагч” сан
6. Д.Оюунцэцэг Залуучуудын хөгжлийн “Полиси” төв
7. Д.Дашпүрэв Философи, социологи политологийн хүрээлэн
8. Ц.Ламжав Сургалт судалгааны “Цэх” төв
9. Д. Ганхуяг Социологийн Академи судалгаа сургалтын төв
10. Б. Чимид Харьцуулсан эрх зүйн судлаачдийн нийгэмлэг
11. Р.Бурмаа Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн
12. Б. Энхтуяа “Хүний эрх” сан
13. Ц. Мөнхцэцэг УБИС, НУФ
14. Ж.Амарсанаа Хуульчдыг давтан сургах төв

Нам эвслийн төлөөлөл:
15. Н.Чулуунбаатар МАШСН
16. н. Баттулга МАХН

МННХ Соросын Сангийн төлөөлөл:
17. Т.Галбаатар МННХ Соросын Сангийн УЗ-н дарга
18. Ж.Нарантуяа МННХ Соросын Сангийн УЗ-н гишүүн
19. П.Эрдэнэжаргал Нээлттэй Нийгэм Форумын захирал

Уулзалт зохион байгуулах ажлын хэсэг:
20. Д.Ганбат Улс Төрийн Боловсролын Академийн захирал
21. Цолмонтуяа Удирдлагын Академийн багш
22. Оюунчимэг МУИС, НУФ
23. Х.Тэмүүжин МУИС, ХЗС

ННФ-ын ажилтнууд:
24. Д.Гантуяа ННФ-ын Портал сайтын ерөнхий редактор
25. Д.Балжид ННФ-ын Мэдээллийн менежер
26. Я. Соронзонболд ННФ-ын менежер
27. Ц.Нямхүү ННФ-ын менежер
28. П.Бадамрагчаа ННФ-ын ажилтан
29. Ч.Ижилмөрөн ННФ-ын ажилтан

Бусад
30. А. Гомбоцэдэн Сүхбаатар дүүргийн иргэн
31. Баттүвшин Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн
32. Д. Совдоо Хан Уул дүүргийн 2-р хорооны иргэн
33. Ц. Цэнгэл Баянзүрх дүүргийн 18-р хорооны иргэн
34. Нямжав Сонгино Хайрхан дүүргийн иргэн
35. О. Мөнхсайхан ХЗС-ийн оюутан
36. Д. Өрнөхбаяр УБ Радиогийн улс төрийн тоймч
37. Ч. Тамир МУИС-ийн багш
38. З. Оюунбилэг Өдрийн сонин
39. З. Боргилмаа Өнөөдөр сонин
40. Г. Отгонбаяр Зууны мэдээ