Сэтгүүлчид цөөнхийн төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийв (2004.05.13)

A- A A+
Сэтгүүлчид цөөнхийн төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийв (2004.05.13)

Сэтгүүлчид цөөнхийн төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийв (2004.05.13)

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн улс төр, эдийн засаг, байгаль орчин, хууль эрхзүйн клубын сэтгүүлчид энэ оны тавдугаар сарын 11-нд парламентын цөөнхийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн С.Оюун, Л.Гүндалай нартай зангиагүй уулзалт зохиов. Уг уулзалтын онцлог нь олон нийтийн анхааралд байгаа сонгууль болон сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчид цөөнхийн гишүүдтэй уулзан чөлөөтэй ярилцсан явдал байлаа.

“Эвсэл дотроо нэр дэвшүүлэх квотоо өөрчлөх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Л.Гүндалай Л.Гүндалай: Нэр дэвшүүлэх квот 51+5+20–оороо шийдэгдэх байх гэсэн хариултыг өглөө. Түүний ярьснаар ИЗ-БНН-д таван суудал өгөхөөр бараг шийдчихээд байгаа ажээ. “Танай намын нэр дэвшүүлэх хүмүүс тодорчихлоо гэж ойлгож болох уу” гэсэн асуултад “Ерөнхийдөө өөрчлөлт гарахгүй байх” гэж хариулав.

“Та арай түргэдсэн алхам хийчихсэн юм биш үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Оюун “Энхсайхан дарга энэ бол эцсийн шийдвэр гэж хэлсэн учраас уг мэдэгдлийг хувиасаа гаргасан. Энэ бол зөвшилцөлд уриалж байгаа хэрэг” гэж хариулав. Гурван суудал өгнө гэдэг манай намд их эрсдэлтэй. Анх таван квот гэхэд буулт хийгээд орсон чинь гурав болчихсон. Анхнаасаа манай нам 7-8 хүний нэрийг таван тойрогт дэвшүүлнэ гэж үзэж байсан. Намын хувьд харьцангуй боломжтой хүмүүс гэж нэмж хэлсэн юм.

Таван квот болчихвол таны энэ шийдвэр өөрчлөгдөх үү гэсэн асуултад С.Оюун хариулахдаа, “Анхны гаргасан агуулга нь өөрчлөгдөх байх. Тухайн үед шантааж хийж тойрог нэмэх гэж ийм явдал хийгээгүй. Би буулт хийе л гэж бодсон. Заавал УИХ-ын гишүүн болж л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм биш шүү дээ” гэлээ.

Эвсэл сонгуульд хэдэн суудал авах бол гэсэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад гишүүн Л.Гүндалай “45 суудал авах байх”, С.Оюун гишүүн “дөрвөн суудлаа нэмэхийн төлөө л явна даа” гэж хариулцгаав.

Г.Өлзийсайхан