Д.Алтай: Парламентын гишүүд гэр бүл, хамаатныхаа хүнийг шууд өөрийн удирдлагадаа ажиллуулахыг хориглосон

A- A A+
Д.Алтай: Парламентын гишүүд гэр бүл, хамаатныхаа хүнийг шууд өөрийн удирдлагадаа ажиллуулахыг хориглосон

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Алтайтай "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Г.Отгонбаяр ярилцлага хийсэн байна. 

- УИХ-ын гишүүний ёс зүйг яагаад хуулиар биш, дүрмээр зохицуулах болов?
-
УИХ-ын зүгээс парламентын гишүүний ёс зүй, Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудлыг заавал хуульчлах нь зохимжгүй гэж үзсэн. Гадаад орнуудын жишгийг харахад ч энэ асуудлыг дүрмээр зохицуулсан байдаг. Тийм учраас 2002 оны гуравдугаар сараас энэ дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж одоо дүрмийнхээ төслийг УИХ-д өргөн бариад байна. Энд ганцхан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм биш, УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрмийн төсөл болон холбогдох нэр бүхий найман хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

- Ер нь УИХ-ын гишүүний ёс зүй гэдэгт юуг ойлгох вэ?
- Ерөнхийдөө УИХ-ын гишүүний ёс зүйн асуудалд юу орох уу гэдгийг дүрмийн төсөлд таван зүйлээр багцалсан. Үүнд:

  • албаны үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ,
  • албан тушаал хашихтай холбогдсон ёс зүй,
  • орлого, томилолттой холбогдсон ёс зүйн хэм хэмжээ,
  • шагнал, бэлэг, дурсгалын зүйл хүлээн авахтай холбогдсон ёс зүйн хэм хэмжээ
  • сонгуулийн кампанит ажлын үеэр баримтлах ёс зүйн хэм хэмжээ орж байгаа

- Та үүнийгээ жаахан задалж ярьж болох уу. Тухайлбал, албаныхаа үйл ажиллагаанд баримтлах ёс зүй гэдэгт юу орох вэ?
- Энд долоон төрлийн ёс зүйн хэм хэмжээ орж байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн туслахтайгаа, Тамгын газрын ажилтнуудтай, намын бүлгийнхэнтэйгээ харилцах ёс зүй орно. Гишүүнийхээ төсөвт зардлыг зориулалтаар нь зарцуулах, хүний нэр төр, алдар хүндийг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах, төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас зөвхөн хуулийн хүрээнд дэмжлэг авч төрийн байгууллагын эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглахаар заасан. Төрийн эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр гэдэгт утас факс, компьютер, автомашин интернет зэргийг хэлж байгаа юм.

- УИХ-ын гишүүд албан тушаалаа хувийн болон тухайлсан нэг аж ахуй нэгжийн төлөө ашиглах тохиолдол гардаг. Үүнийг дүрэмд хэрхэн зохицуулсан бэ?
- Энэ бол УИХ-ын гишүүний албан тушаал хашихтай холбогдсон ёс зүйн хэм хэмжээ. Энд зарим зүйлийг шууд хориглосон. Тухайлбал, өөрийн чинь хэлснээр гэр бүл, хувийн сонирхолдоо нийцүүлсэн үйл ажиллагааг албан тушаалаа ашиглан явуулах, гэр бүл төрөл садангийн хүнээ өөрийн шууд удирдлагадаа ажиллуулах, төрийн бодлоготой холбоотой шийдвэрийг албан бус сувгаар ашиглахыг хориглосон. Мөн УИХ-ын гишүүний давхар хашиж болох албан тушаалыг ч заасан. УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал эрхлэх, эрдэм шинжилгээний ажил хийх, цагаар багшлахыг зөвшөөрсөн. Харин төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг гардан удирдах, аливаа аливаа албан тушаал эрхлэх, их дээд сургууль коллежид тэнхмийн эрхлэгч болон түүнээс дээш албан тушаал хаших, ашгийн төлөө бусад байгууллагын удирдах болон хяналтын зөвлөлд сонгогдохыг хориглосон.

- УИХ-ын гишүүн цалингаас гадна ямар орлого олж болох, томилолттой холбогдсон ёс зүйн хэм хэмжээг дүрмийн төсөлд яаж тодорхойлсон бэ?
- УИХ-ын гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ заавал өгнө. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөснөөс хойш нэг сарын дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Дараа жилээс нь тухайн жилийн нэгдүгээр улиралд багтаан өгч байх юм. УИХ-ын гишүүн хуулийн дагуу бизнесийн орлоготой байж болно. Tэр тухайгаа орлогын мэдүүлэгтээ тодорхой тусгасан байна.

- УИХ-ын гишүүн давхар цалин авч болох уу?
- Хуулиар зөвшөөрсөн сонгуульт ажлыг хавсран хийж болно. Харин тэндээс олох орлогын хэмжээ нь УИХ-ын гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Харин албан арга хэмжээнээс бусад тохиолдол буюу боловсролыг дэмжих, яриа хийх, илтгэл тавьж өгүүлэл, ном бичснийхээ төлөө урамшуулал авч болно. Энд хязгаар тавиагүй. Гэхдээ энэ орлогоо мэдүүлэгтээ заавал тодорхой тусгана.

- Бас УИХ-ын гишүүд төрийн бус байгууллагын зардлаар гадаадад хурал зөвлөгөөнд явдаг. Үүнийг зөвшөөрч байгаа юу?
- УИХ-ын гишүүн бусад байгууллагын санхүүжилтээр зөвхөн албан ёсны айлчлал, хурал семинар, соёл гэгээрэл болон хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцохыг зөвшөөрч байгаа. Ямар байгууллагын санхүүжилтээр явах уу гэдгийг ч нарийн заасан. Харин томилолтынхоо зардлыг орлогын мэдүүлэгтээ бас тусгана.

- УИХ-ын гишүүд авсан бэлэг дурсгалаа өөртөө үлдээж болох уу, эсвэл төрд тушаах уу?
- УИХ-ын гишүүн аливаа бэлэг дурсгалыг авахдаа Авилгалын эсрэг хууль болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг баримтална. Өөрөөр хэлбэл, нэг сарын цалингаас нь илүү үнэтэй бэлэгийг өөрөө хүсвэл үнийн зөрүүг нь төлөөд хувьдаа авч болно. Авахгүй бол төрд тушаана. Харин албан үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө байгууллага, аж ахуйн нэгжээс бэлэг, мөнгөн шагнал, зээл авах, хөнгөлттэйгөөр үйлчлүүлэх эрх эдлэхийг хориглосон.

- Сүүлийн үед нутгийн зөвлөлөөс нь гишүүдэд бэлэг өгөх, эсвэл орон нутагт нь ажиллаж байхад морь бэлэглэдэг болсон. Үүнийг яаж зохицуулсан бэ?
- Товчхондоо бол УИХ-ын гишүүн зохих албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, иргэнээс бэлэг авахыг хориглоно гэж заасан.

- Хэрэв гишүүд сонгуульд нэр дэвшбэл сонгуулийн кампанит ажлын үеэр ямар ёс зүй баримтлах вэ?
- УИХ-ын гишүүн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын албан ажлын байранд сонгуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн төрийн байгууллагын нөөцийг сонгуулийн кампанид ашиглахыг хориглож байгаа.

- Төрийн байгууллагын нөөц гэдэгт юу орох уу?
- Албаны утас, факс унаа, албан байр санхүүгийн нөөц орно. АНУ-д бол энэ тухай их нарийн зохицуулдаг юм билээ. Жишээ нь, сонгуульд нэр дэвшиж байгаа төрийн албан хаагч ажлын, сонгуулийн компанийн гэсэн хоёр утас барьдаг. Тэдгээр утасных нь тооцоо их нарийн байдаг юм билээ. Унах унаа нь хүртэл тусдаа байдаг.

- Сонгуулийн үеэр авах хандивын хэмжээг Сонгуулийн хуулиар зохицуулах уу?
- Тэгнэ, тухайн гишүүн нэр дэвшигчийнхээ хувьд хандив авна. Түүнээс биш, УИХ-ын гишүүний нэрээр хандив авч болохгүй. Тийм учраас хандивыг сонгуулийн хуулиар зохицуулах нь зөв юм.

- Дээр өгүүлсэн ёс зүйг зөрчсөн гишүүнд ямар хариуцлага ногдуулах вэ?
- Хариуцлагыг дэд хорооноос, зарим асуудалд Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаас хүлээлгэнэ. Дэд хорооны хувьд зөрчилд холбогдсон тухайн гишүүнд хандсан зөвлөмж гаргах, буруушаасан захидал илгээх арга хэмжээ авч, тогтоол гаргана. Харин сануулах, донгодох, үндсэн цалинг гурван сар хүртэл 20 хувиар бууруулах арга хэмжээ ногдуулахаар бол холбогдох Байнгын хорооны хуралдаанд оруулна. Ёс зүйн зөрчил нь тухайн гишүүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл байвал энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах юм.

- УИХ-ын гишүүн ажлын бус цагаар ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээлгэх үү?
- Ер нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан ёс зүйг л хэлэлцэнэ. Гэхдээ хувь хүний зүгээс айхтар ноцтой зөрчил гаргаж энэ талаар нь иргэдээс мэдээлэл, өргөдөл ирүүлбэл дэд хороо хэлэлцэнэ.

- Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийн талаар тодруулъя. Өмнө нь энэ хороо дүрэмтэй байгаагүй юм уу, эсвэл байсныг нь өөрчилж байгаа юм уу?
- Өмнөх хоёр парламентад хоёуланд нь Ёс зүйн дэд хороо гэж байсан. Гэхдээ тус дэд хороо ямар дүрмээр үйл ажиллагаагаа явуулах, ёс зүйн зөрчил гэж юу болох, хариуцлагын ямар механизм үйлчлэх, хурлаа яаж явуулах вэ гэдгийг хуулиар ч, дүрмээр ч зохицуулаагүй явж ирсэн. Ёс зүйн дэд хороо бол зөвхөн хариуцлага тооцох үүрэгтэй УИХ-ын бүтэц биш, харин УИХ-ын гишүүдэд ёс зүйн талаархи мэдээлэл, зөвлөгөө өгөх, урьдчилан сануулах, үүрэгтэй байхаар дүрмийн төсөлд тусгасан.

- Ёс зүйн дэд хороо гишүүдийн шаардлагаар хуралдах уу, эсвэл өөрийн санаачилга, иргэдийн өргөдөл гомдлыг үндэслэн хуралдах уу?
- Дэд хороо нь УИХ-ын гишүүнд холбогдох ёс зүйн зөрчлийг хэлэлцэх ерөнхий функцтэй. Дэд хороо ямар тохиолдолд хуралдах вэ гэхээр нэгдүгээрт, ёс зүйн зөрчлийн асуудлаар иргэн, байгууллагаас өргөдөл гомдол ирүүлсэн, хоёрдугаарт, УИХ-ын наймаас доошгүй гишүүн өргөдөл гомдол, мэдээлэл ирүүлсэн, гуравдугаарт ёс зүйн зөрчил гаргалаа гэж УИХ-ын гишүүн өөрөө хандсан тохиолдолд хуралдана.

- Ёс зүйн дэд хороо хэдэн гишүүнтэй байх вэ?
- Ёс зүйн дэд хороонд хэд хэдэн зарчим байх ёстой. Юуны өмнө энэ хороог улс төржихөөс аль болох ангид байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, ёс зүйн асуудлыг нам, эвслийн бүлгээр биш, Ёс зүйн дэд хорооны хурлаар шийдэж байх ёстой. Дэд хороо наймаас илүүгүй гишүүнтэй байна гэж дүрмийн төсөлд тусгасан. Гишүүдэд олонхи, цөөнхийн төлөөлөл тэнцүү байна. Найман гишүүнтэй гэвэл олонхиос дөрөв, цөөнхөөс дөрөв байна гэсэн үг. Энэ бол гаднын жишиг. Хэрэв дэд хорооны гишүүн байх сөрөг хүчний гишүүдийн тоо хэтэрхий цөөн байвал олонхоос төдий тооны гишүүнийг Ёс зүйн дэд хороонд оруулна. Тухайлбал, өнөөдрийн парламентад сөрөг хүчнээс дөрвөн хүн байгаа. Тэдний гурав нь дэд хороонд орно гэвэл олонхоос мөн гурван хүнтэй байна. Дэд хорооны хуралд гишүүдийн олонхи ирснээр хүчин төгөлдөр болно. Шийдвэрээ ч мөн олонхиороо гаргана.

- Одоогийн парламентад сөрөг хүчнээс Ёс зүйн дэд хорооны даргыг сонгож байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?
- Гадаадын жишгийг харвал парламентад олон удаа сонгогдсон, нэр нөлөө бүхий шударга хүнийг сонгодог юм билээ. Бидний боловсруулсан төсөлд дэд хорооны даргыг заавал сөрөг хүчнээс, эсвэл олонхоос сонгоно гэж хатуу заагаагүй. Хорооны гишүүд дотроосоо л сонгоно.