УИХ-ын гишүүн Д.Алтайтай хийсэн ярилцлага УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хорооны дүрэм болон УИХ-ын гишүүн болон Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмүүдийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх үү? Хаврын чуулганаар авилгалын эсрэг хуулийг хэлэлцвэл ёс зүйн хэм хэмжээний эдгээр дүрмийг ямар ч гэсэн хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх болов уу. Ажлын хэсэг өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүний болон Ёс зүйн дэд хорооны дүрмийг өргөн барьсан. Мөн оны 11 дүгээр сард Соросын сантай хамтарч хэлэлцүүлэг явуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр судлаач, мэргэжилтэн, хуульч, төрийн түшээд байсан хүмүүс, төрийн бус байгууллагын ажилтнууд хөндлөнгийн санал дүгнэлт хэлж, альтернатив илтгэл тавьсан. Эндээс гарсан нэг санал нь ёс зүйн эдгээр дүрэм манай улсад урьд нь байгаагүй учраас гадаадын ялангуяа АНУ-ын жишиг дүрмийн агуулга бүтцийг нэлээд авч хэрэглэсэн жишиг байна гэж үзэж Монгол хөрсөн дээр буулгах талаар ярилцсан юм. Энэ хэлэлцүүлгийн дараагаар ёс зүйн дүрмүүдийн төсөлд ямар өөрчлөлт оруулсан бэ? Анх 2000 оны сүүлчээр эдгээр дүрмийн төслийг өргөн барихдаа УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтан гэдгээр ангилан хоёр хуулийн төсөл боловсруулсан. УИХ 2000 оны эцсээр хэлэлцэхдээ үүнийг цогцоор нь боловсруулья гэж буцаасан. Соросын сантай хамтран зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарч байсан саналыг төсөлд нэлээд тусгасан. Тухайлбал, УИХ-аас, Ерөнхийлөгчөөс томилдог Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн Цэцийн дарга, сайд нарын ёс зүйн хэм хэмжээг УИХ-ын ёс зүйн дэд хороо хэлэлцдэг байхаар анх боловсруулсан юм. Хэлэлцүүлгээс засаглалыг хуваах зарчмын дагуу УИХ-ын гишүүдийнхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, шүүхийнхнийг шүүхийн байгууллага өөрөө, Ерөнхийлөгчийн томилдог албан тушаалтныг мөн тухайн чиглэлээр нь хэлэлцэж байхаар өөрчиллөө. Гэхдээ УИХ Цэцийн дарга болон ерөнхий шүүгчийг томилдог. Шүүхэд бол ёс зүйн дэд хороо байдаг. Тэд дунд, доод шатныхаа ажилтны ёс зүйн асуудлыг хэлэлцдэг. Цэцийн гишүүдийнх мөн адил. Ерөнхий сайдынх болохоор Засгийн газар өөрөө төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцдэг. Ерөнхий сайдыг Их хурал томилдог гэсэн тогтолцоо байгаа юм. Тэгэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороо зөвхөн гишүүдийнхийг нь хэлэлцэнэ гэсэн зарчмын өөрчлөлт оруулсан. Гадаад орнуудын туршлагаас харахад парламент, шүүх засаглал нь тусдаа ёс зүйн асуудлыг хэлэлцдэг юм байна. Эдгээрт хамаарахгүй бол Хууль зүйн яам нь тусгай комисс, хороо томилж шийддэг байх жишээтэй. Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд Таны хувийн бодлоор томилдог байгууллага нь ёс зүйгээ хэлэлцдэг байх нь оновчтой юу. Эсвэл засаглал хуваах зарчмын дагуу хэлэлцэх ёстой юу? Ажлын хэсэг эдгээр дүрмийг боловсруулахдаа АНУ-ын Олон Улсын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэд зөвлөхдөө эхлээд УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрмээ батлуул. Энэ бол том дэвшил. Дараа нь шүүх, гүйцэтгэх засаглалын хувьд Засгийн газар өөрөө боловсруулах нь илүү зохимжтой гэдэг юм. Миний үзэж байгаагаар энэ хаврын чуулганаар дүрмийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд дараагийн парламент хэлэлцэхээр хугацааг нь тогтоочихвол маш сайн байна. Ёс зүйн асуудлалд эрх зүйн зохицуулалт хийнэ гэдэг ардчилсан парламентын төлөвшлийн нэг үзүүлэлт. Авилгалын эсрэг хуулийг баталвал энэ асуудлыг хамт хэлэлцэх байх гэдгийг өмнө дурьдсан. Хаврын чуулганаар хэлэлцээд батлачихвал сайн юм. Та энэ дүрмийг УИХ-аар батлуулахын тулд лобби хийнэ гэсэн? УИХ-ын гишүүдэд лобби хийх бодолтой байгаа. Үүнийг Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн дэмжсэн юм. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороонд, дараа нь Хууль зүйн байнгын хороонд лобби хийнэ. Эдгээр ёс зүйн хэм хэмжээний дүрмийг баталснаар маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Жишээлбэл, Сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай, Төрийн албаны тухай хууль зэрэг долоо, найман хууль эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орохоор байгаа юм. Ёс зүйн хэм хэмжээний дүрэмд гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохоос гадна ямар үйл ажиллагаа явуулахаар тусгасан бэ? Ёс зүйн хэм хэмжээг хянана гэдэг зөвхөн хариуцлага тооцоод, шийтгээд торгоод байх зүйл биш. Ёс зүйн дэд хороо гэхэд шинэ гишүүдэд зөвлөгөө өгөх, орлогын мэдүүлгээ бөглөх, ёс зүйтэй холбоотой бусад асуудалд нь зөвлөх зэргээр дүрмийн төсөлд заасан. Хэн нэг нь алдаа гаргавал сануулах, зөвлөмж бичих үүрэг ч орсон. Гол нь парламентыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажиллагаа явуулна. Дүрмийн төслийг улам боловсронгуй болгох талаар бүх шатанд ажиллаж байна. Энэ сарын 24-нд Соросын сантай хамтран Төв аймагт хэлэлцүүлэг хийнэ. Мөн телевизийн нэвтрүүлэг бэлтгэнэ. |