Монголын парламентчид ёс зүйн дүрэмтэй болох цаг айсуй, Д.Гантуяа

A- A A+
Монголын парламентчид ёс зүйн дүрэмтэй болох цаг айсуй, Д.Гантуяа

Д.Гантуяа
(Улс төр судлаач, сэтгүүлч)

УИХ-ын гишүүний ёс зүй гэж юуг ойлгох вэ, түүнийг нь ямар шалгуураар хэмжих вэ гэдэг өөрөө олон салаа утгыг агуулсан ойлголт байдаг аж. Сонгогчдынхоо юмуу, эсвэл гарч ирсэн тойргийнхоо эрх ашгийг илэрхийлэх үү, аль эсвэл нийт улс орон, нийгмийн ашиг сонирхлыг илүүд үзэх үү, цаашлаад намаа дээгүүрт тавих уу, эсхүл төрөө дээгүүрт тавих уу гэдэг нь аль ч улс орны парламентын гишүүдийн өмнө тавигддаг нийтлэг асуудал юм. Английн улс төрч Эдмонд Берк 1974 онд сонгогчиддоо хандаж “Би парламентын гишүүний хувьд сонгогчид, эсвэл гарч ирсэн тойргийнхоо ашиг сонирхлыг илэрхийлэх төдий улс төрийнхөө нөхцөл байдалд барьцаалагдсан төлөөлөгч байх уу, эсвэл гарч ирсэн тойргийнхоо эрх ашигтай зөрчилдсөн ч гэсэн нийт улс үндэснтний эрх ашгийн төлөө авъяас чадвар, туршлага, гэгээрлээ зориулсан итгэмжлэгдсэн төлөөлөгч байх уу? Хоёр дахийг нь сонгох нь миний үүрэг. Яагаад гэвэл би үүнийг өөрөө өөртөө үүрэг болгож авч байгаа нь ёс зүйн шаардлага юм” гэж хэлж байжээ. Энэхүү хоёрдмол утга бүхий, улс төрчдийн ёс зүйн асуудлаарх нэгэн сонирхолтой нээлттэй хэлэлцүүлгийг Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форумаас УИХ-ын гишүүн Д.Алтайтай хамтран энэ оны 11 дүгээр сарын 12-нд зохион байгууллаа. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх болсонтой холбогдуулан иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг тусгах үүднээс энэ уулзалт ярилцлагыг хийв.

Ардчилсан нийгэм дэх сонгогдсон эрх мэдэлтнүүд нь тэдгээрийг сонгосон субьект буюу ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг тул өөрсдийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг багтаасан баримт бичиг, дүрэм журмыг гарган мөрддөг байна. Монголын парламентчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг боловсруулахдаа танин мэдэхүй болоод судалгааны шинжтэй нэлээд ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, АНУ, Хятад, Польш, Франц, Англи, Ирланд, ХБНГУ, Энэтхэг, Канад, БНСУ, ОХУ, Япон зэрэг 15 орны парламентаас ёс зүйн талаар гаргасан хууль тогтоомжийг судлан харьцуулжээ. Парламентын гишүүдийн ёс зүйг дүрмээр хуульчилж өгөх нь нийгмийн захиалга төдийгүй олон улсын нийтлэг жишиг юм. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг боловсруулж батлах нь Монголд ардчилсан парламент, сайн засаглалыг төлөвшүүлэх, төрийн албаны нэр хүндийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Алтай үзэж байна.

Парламентын гишүүдийн баримтлах ёс зүйн дүрмийн төслийг хэсэг судлаачид судалж, хөндлөнгийн шүүмж хийснээ мөнхүү хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. УИХ-ын гишүүний ёс зүйн хүрээнд хамруулан зайлшгүй тогтоох хэм хэмжээний хүрээг: ард түмнээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд баримтлах ёс зүй, хууль тогтоогчийн хувьд баримтлах ёс зүйн хэм хэмжээ, сонирхолын зөрчил, авилгал, харшлах ажил, албан тушаалтай холбоотой ёс зүй, УИХ-ын гишүүний дархан эрхээ зүй бусаар ашиглахгүй байх ёс зүйн шаардлага, УИХ-ын гишүүний үйл байдал ба нийгмийн ёс зүйн үнэлэмжийн хамаарал гэсэн таван бүлэгт хуваан авч үзжээ. Энэ бүлэглэлийн хүрээнд харьцуулалт хийж УИХ-ын ажлын хэсэгт уулзалтын үеэр уламжиллаа. Ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг олж авсан хүн тэр хэмжээгээр өөртөө хувь хүний үйл байдлын хувьд “хатуу” хязгаарлалтыг ухамсартайгаар сонгож авдаг тул ёс зүйн хэм хэмжээ нь түүний хувьд өөрөө өөртөө хүсч, даган баримтлах хэм хэмжээ юм гэж судлаачид дүгнэж байна.

Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимид, төрийн төлөөлөгчийн хувьд УИХ-ын гишүүний баримтлах ёс зүйн хэм хэмжээг монголчууд эртнээс түшмэдийн ёс хэмээн томъёолж ирсэн бөгөөд дүрмийг Монгол уламжлалтай уялдуулан өөрчлөх санал хэлсэн нь сонирхол татаж байв. Түшмэлийн засаг хуулинд байгаа 10 зүйл буюу ховдог шунахай, шалиг завхай, ихэмсэг дээрэнгүй, аймхай хулчгар, хуурамч, мангуу тэнэг, хэрцгий догшин зэрэг зан суртахууны асуудлыг “Цээрлэх зүйл” гэсэн гарчигтайгаар оруулах, жишээлбэл, ховдог шунахай гэдгийн цаана орлогоо нуухгүй, улсын хөрөнгө идэж болохгүй, ардын хөрөнгө хумсалж болохгүй, бэлэг дурсгалд шунаж болохгүй зэрэг заалт орох ёстой хэмээн тайлбарлаж байв.

Улс төрийн ажилтны хувьд баримтлах ёс зүйн хэмжээг тодорхой зааж өгч хуульчлах нь манай өнөөгийн нөхцөлд парламентын гишүүдийн хувьд нэлээдгүй нээнтэг болдог нам, төр хоёрын алийг нь тэргүүн зэрэгт авч үзэх вэ гэсэн асуудлыг шийдэхэд их түлхэц болж өгөх учиртай байна. Бидний үлгэр жишээг нь татах дуртай АНУ-д парламентын гишүүн нь намын шийдвэрээс зөрж, тойргийн ашиг сонирхолоос ч татгалзаж болдог байна.

Мөн нийт ард түмний төлөөлөгчийн хувьд баримтлах ёс зүйн хэм хэмжээ гэдэгт хувийн ашиг сонирхлоо хамгаалах, эсхүл нийгмийн сонирхлыг хамгаалах тухай асуудал хамаарна гэж тэрбээр бас үзэж байв. Б.Чимид бол Монголын парламентыг анхнаас байгуулахад ихээхэн оролцоотой явсан, хоёр удаагийн сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдож, хожмоо УИХ-ын зөвлөхөөр ажиллаж буй нэгэн юм. Хууль биш дүрэм гэж яриад байгаа нь буруу, УИХ-аас гаргаж байгаа бүх зүйл бол хууль, үүн дотор хууль ч бий, дүрэм ч багтана. Эрэмбэлсэн баримт бичгийг кодекс гэдэг бөгөөд ёс зүйн хэм хэмжээг хууль болгож болохгүй учраас “Ёс зүйн хэм хэмжээг хамгаалан дэмжих хууль” гэж нэрлэх нь зүйтэй юм гэсэн санааг тэрбээр илэрхийллээ. Энэ нь хуулиа сахидаггүй хүмүүс дүрмийг даган мөрдөнө гэдэг аль хэр оновчтой бол гэсэн зарим оролцогчийн эргэлзээнд хариулт боллоо.

Дүрмийн төслийг боловсруулахдаа тулгуур үзэл баримтлалаа нарийн тодорхойлохгүйгээр энд тэндээс элдэв зүйлийг авч эвлүүлээд олигтой дүрэм гарахгүй гэсэн шүүмж ч гарч байв.

1995 онд Төрийн албаны тухай хууль анх гарч, 1997 онд баталсан УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулинд “УИХ-ын гишүүн нь тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтална” гэж заасан атлаа парламент өөрөө тэр заалтаа хэрэгжүүлэхгүй таван жил есөн сар болж байна. Хууль биелүүлэх үүднээс дүрмээ батлах хэрэгтэй гэж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, Хуульчдыг давтан сургах төвийн захирал Ж.Амарсанаа үзэж байна. Ерөөс Монголын парламент гишүүнийхээ ёс зүйн дүрмийн төслийг хэд хэдэн удаа хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хойшлуулж, хойрго хандсаар иржээ. Аль 1994 онд анхны дүрмийн төсөл боловсрогдож байжээ. Түүнээс хойш өмнө дурдсан хуулиуд болон УИХ-ын тухай, УИХ-ын Сонгуулийн тухай хууль , Авилгалын эсрэг хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай тогтоол зэрэгт төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудлын зарим зохицуулалт тусгагдаж ирсэн боловч ёс зүйн асуудлаар бие даасан дүрэм журам өнөөг хүртэл байхгүй байна. Эндээс үүдэн энэ дүрмийн төслийг одоогийн УИХ батлахгүй байж ч мэднэ гэсэн эргэлзээ зарим нэгэнд нь байсан төдийгүй ямартай ч энэхүү дүрмийн төслийг батлуулж чадвал ихээхэн амжилт болох юм гэсэн уур амьсгал хэлэлцүүлгийн үеэр давамгайлж байв. Нэгэнт батлагдсан тохиолдолд дараа дараагийн нэмэлт өөрчлөлт оруулах замаар улам боловсронгуй болгох боломж нээлттэй байна гэдэг дээр УИХ-ын гишүүн Д.Алтай санал нэгтэй байв. Тэрбээр хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ, энэ уулзалтын үеэр гарсан бүхий л санал, зөвлөмжийг ажлын хэсэг анхааралдаа авах бөгөөд дүрмийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр боломжийн хэрээр тусгана гэдгээ хэлэв. Харин батлагдах эсэхийн тухайд УИХ-ын гишүүн Д.Алтай болон ажлын хэсэг парламентчдын дунд лобби явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Ийнхүү Монголын парламентчид өөрсдөө удтал хүлээсэн хийгээд сонгогчдоо ч хүлээлгэсний эцэст ёс зүйн хэм хэмжээгээ ямар нэг байдлаар хуульчлах цаг нэлээд ойртсон бололтой. Парламентын доторхи улс төрийн эрүүл соёл, зөв хандлагыг бий болгоход ёс зүйн код байх ёстой гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тутам улам илэрхий болж байна. Шүүгчийн, эмчийн, багшийн ёс зүй гэдэг маш тодорхой байдаг. Харин хамгийн маргаантай, олон зүйл асуудал холилдон ордог гэдэг утгаараа ч төрийн өндөр албан хаагчид, улс төрчдийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох нь зайлшгүй чухал асуудал билээ.